5. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?
(Бурханы үгээс сонгосон бүлэг)
Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ.Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбодоор хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч Түүний махбод илүү их мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба Тэр адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.
Хүн Бурханд итгэх хэнэггүй итгэлдээ санаа үл зовох ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө”-ний нэг юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ хувийн өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнэгүй зүйл байхгүй, учир нь Бурханыг эсэргүүцэж байгааг илүү тодорхойгоор илтгэх зүйл хүний энэ хувийн өмчөөс өөр байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажлын улмаас л Бурхан биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүн холбоо барьж, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг ихэнх Бурхад нь хэлбэргүй бас хэлбэрт үл баригдах, бие махбодгүй шүтээнүүд байдаг. Ийм байдлаар бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн өөрийн сэтгэлгээний улмаас эсвэл тэрслүү байдлынхаа улмаас биш, харин энэ хувийн өмчөөсөө болж үзлийг эзэмшдэг. Чухамдаа энэ л өмчөөс болж ихэнх хүмүүс үхдэг бөгөөд хүрч, харж болохгүй, оршдоггүй энэ тодорхойгүй Бурхан л хүний амийг үнэндээ сүйрүүлдэг. Хүний амийг бие махбодтой болсон Бурхан эсвэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан үгүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш хүний хэрэгцээнээс болсон бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн тусын тулд биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал эсвэл өгөөж гэж байхгүй; Түүний олсон зүйл нь Түүний хожим нь хураасан ургац биш, харин анхнаасаа л Түүнийх байсан зүйл. Түүний хүн төрөлхтний төлөө хийж байгаа бүх зүйл, золиослол нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүмүүс Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгахад Түүний эсрэг байдаг хүмүүс Түүний дайснууд байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчүүд болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнд нийцэх, Түүнээс салшгүй гэрчүүд болно. Тэр, хүний төлөөх махбод дахь Өөрийн ажлын ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүн, хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний жинхэнэ ашиг тусыг мэдэж авна, түүнчлэн энэ махбод нь хүн салахын аргагүй амийн амьд ундарга болохыг ч мэдэж авна. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, Түүний байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ бөгөөд энэ л ач холбогдол, үнэ цэнийг хүн үнэлж, хүлээн зөвшөөрч чаддаггүй билээ. Бүх хүмүүс Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, бодохоос шалтгаалахгүйгээр махбодын жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ нь Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хамаатай. Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.
Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл ил болдог. Хүний анхдагч үзэл, бие махбодтой болсон Бурханаас эрс ялгаатай байдаг байдлаар нь л дамжуулан илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын эсрэг ялгаагүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодитой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмссөн махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ бол энэ ажилд шаардлагатай, ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь шууд Сүнсээр биш, харин бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба энэ нь авралын ажлын нэн чухал хэсэг юм. Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.
Хүнийг Сатан ялзруулсан, тэр бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш харин хүн, аврагдах зүйл бол чөтгөр биш, харин хүний махан бие болон сүнс. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан ялзруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөнө гэдэг юу юунаас ч илүү хэцүү. Сатан үймээн дэгдээхийн тулд хүний махан биед ирдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сааруулахын тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Сатан болж, Бурханы дайсан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүний улмаас Бурхан мөчөөгөө өгөхгүйгээр, Өөрийн хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Түүний эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Тэр хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг. Тэр хүнтэй илүү ойр байж, түүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоороо ажиллаж, ярьж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болоход эцсийн өдрүүдийн Түүний ажил махбодод дуусах болно. Тэр бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь Өөрийн бүх ажлыг дуусгах болно. Эцсийн эцэст газар дээрх Түүний бүх ажил дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг биш гэж үү? Бурхан махбод дахь Өөрийн ажлыг дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед Сатанд хүнийг дахин ялзруулах ямар ч боломж олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, өршөөх байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрэн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын хийх ажил, мөн Бурхан Өөрөө хийх ажил юм. Бурханы ажлын гурван үе шатны эхний ажил махбодоор биш, Сүнсээр шууд хийгдсэн. Бурханы ажлын гурван үе шатны сүүлчийн ажил шууд Сүнсээр биш, бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Дундах үе шатны золин аврах ажлыг мөн Бурхан махбодоор хийсэн. Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал нь Сатаны нөлөөнөөс хүнийг аврах юм. Гол ажил нь ялзарсан хүнийг бүрэн байлдан дагуулах, ингэснээр Бурханыг хүндлэх анхны тэр сэтгэлийг байлдан дагуулагдсан хүний зүрх сэтгэлд сэргээж, хэвийн амьдралаа буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралаа олж авах боломжийг түүнд олгох юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, эхний үе шат болох хуулийн ажил нь удирдлагын ажлын цөмөөс хэт хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан, мөн энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл нь байгаагүй. Ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийсэн, учир нь хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхийг мэддэг байсан ба илүү үнэнтэй байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарын өөрчлөлтийг агуулсан байх нь байтугай Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах ажлыг ч төдийлөн анхаараагүй. Иймд хүний ялзарсан зан чанарыг анхаараагүй тун энгийн ажлын үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүний авралын албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан, тиймээс Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэхийн тулд махбодтой болох шаардлага Бурханд байгаагүй. Сүнсний хийсэн ажил далд, ойлгошгүй, хүний хувьд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр байхаар өөрчлөх хандлага бөгөөд өөрөөр хэлбэл Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний төлөө Бурхан ажиллах үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэх ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат нь юм. Хоёр бие махбодтой болсон Бурхан нь харилцан бие биеэ нөхөх бөгөөд нэг нэгийгээ төгс болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан ба Бурханы хоёр удаагийн бие махбодтой бололт нь нэгэн бүхэл болдог бөгөөд бие биетэйгээ нийцдэг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Бурханы хоёр бие махбодын ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөрцгүй байх байсан гэж бараг хэлж болно. Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын зэрэг, ажилд саад хийж байгаа түүний байдалд тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Сүнсээр шууд хийгдсэн ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил эсвэл хүнээр дамжин хийгдсэн ажил—аль нь ч бай эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдсэн ажил бөгөөд ажлын шинж чанар дээр үндэслэн Сүнсний ажлыг махан биеийнхтэй эсрэгцүүлэн тавьбал махбодоор хийгдсэн ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлыг бодвол хүнд илүү их үр өгөөжтэй байж, илүү их давуу тал олгодог. Гэхдээ ажлыг махбодоор хийх үү эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг тухайн үед Бурхан л бодож шийднэ. Ажлын үе шат бүрт ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь ул суурьгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан биечлэн хүмүүсийн дунд ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч илүү их байдаг нь дамжиггүй. Иймээс Бурханы мэргэн ухаан болоод Түүний оршихуйн бүхэл бүтэн байдал нь Түүний ажиллаж байх үеийн үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүнээр хийгдсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу байдаг ба харин хүний хувьд энэ нь тун хангалттай. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад дэндүү их зөрүү бий; Бурханы үйл хэрэг хэдий агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон жижиг, яг таг төлөвлөгөө зохицуулалт байж байдаг. Түүний ажлын шат бүр зөвхөн зарчмын дагуу байгаад зогсохгүй, мөн хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр зүйл нь хүнд үл үзэгдэнэ. Сүнсний ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы ажлын аль нь байх нь хамаагүй тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үед Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд Түүнийг хүн болж ажиллах үед (өөрөөр хэлбэл Түүнийг гадаад бүрхүүлээ өөрчлөх үед) энэ нь Түүний зорилгыг бүр ч их агуулдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дураараа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дураараа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?
Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан заримдаа газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба тэрхүү махбод дахь Бурхан нь агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Тэр Сүнс эсвэл махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр бусад хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгсийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы шүүлт болон бүх хүн төрөлхтний байлдан дагуулалтын бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэрхэн үнэлэгдэх нь хамаагүй эцсийн эцэст баримт бол баримт. “Ажил Бурханаар хийгддэг боловч бие махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил нэгэнт дууссан тул энэ ажлын дараагаар хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн дуусгасан, иймд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байв. Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт болохгүй байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил нь хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүний гүн гүнзгий ялзрал нь бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүст хийгдэх ажил нь асар хэцүү, орчин тойрон нь түгшүүртэй бөгөөд бүх төрлийн хүмүүсийн хэв чанар нь нэлээд дорд. Гэсэн ч энэ ажлын эцэст энэ нь ямар ч алдаа мадаггүйгээр зохих үр дүнд хүрэх болно; энэ бол махбодын ажлын үр нөлөө бөгөөд энэ үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шатыг Бурхан махбодоороо дуусгах бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх чухал ажлыг махбод дахь Бурхан хийдэг бөгөөд хүний авралыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөн, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй гэж үзэж байсан ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.
Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.
Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш байсан, учир нь махбодоороо хийх Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоороо хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөх ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Бие махбодтой болж хийсэн бүхий л эрин үеийн ажлыг зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт л гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ч хүний үзэлтэй нийцдэггүй, дээр нь нэмээд Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг, иймээс хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн хандахаас үл хамааран Түүнийг Өөрийнхөө үйлчлэлийг биелүүлсний дараа бүх хүн Түүний ноёрхолд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, харин бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Эдгээр хүмүүс дээр хүрсэн үр нөлөө нь бүх хүн төрөлхтөнд биелэх үр нөлөөний анхдагч нь бөгөөд хожим хийх Түүний ажлын үр нөлөө нь эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү давах болно. Бурханы махбодоороо хийх ажил их бүрээ татуулж эсвэл нууц байдалд оршдоггүй. Энэ нь бодит агаад жинхэнэ, мөн энэ нь нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит үнэн болон мэдлэг юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөө биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр нөлөөг ч бас төлөөлнө, учир нь энэ махбод болоод энэ махбодын ажил, энэ махбодын гэх бүх зүйлсээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд ач тустай юу ч байхгүй. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авах болно. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээг хамардаг, Бурхан Өөрийн ажлаа хийх үед Тэр тодорхой нэг хүнтэй ярьдаггүй харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүстэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш харин бүх хүний төгсгөл билээ. Тэр хэн нэгнийг илүү харж ханддаггүй, мөн хэнийг ч хохироодоггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрөл төрлөөр нь ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлаа аль хэдийн шийдсэн байгаа. Тэр Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхийн өмнө бүх хүн төрөлхтний дунд Түүний ажил түгэхийг хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байхгүй юу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан бүрэн дуусгаж чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас Тэр хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа билээ, үүний дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй зөвхөн хэсэг зуур амьдрах бөгөөд бүх эрин үеийн ажил дуустал хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгсээр бүх хүн төрөлхтнийг төрөл төрлөөр нь ангилах бөгөөд хүн төрөлхтөн Түүний үгсийн дагуу Түүний ажилд алхам алхмаар орох болно. Хэн ч зугтан зайлахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үгс удирдана.
Махбод дахь Бурханы ажил нь махан биеэр хийгдэх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр нөлөө гарахгүй байх байв. Энэ нь Сүнсээр хийгдсэн ч гэсэн их ач холбогдолгүй, эцэстээ ямар ч үнэмшилгүй болох байсан. Бүх бүтээгдсэн зүйл, Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө болохыг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн байгаа эсэхийг болон энэ нь хамгийн үнэ цэнэтэй, ач холбогдолтой эсэхийг мэдэхийг хүсэж байгаа. Түүний хийдэг ажил нь бүх хүн төрөлхтний авралын төлөө, Сатаныг ялахын төлөө, бүх зүйлийн дунд Түүнд гэрчлэл хийхийн төлөө билээ. Иймээс ч Түүний хийдэг ажил ихээхэн ач холбогдолтой байх ёстой. Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоороо ажиллах үед Тэр чухамдаа махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоороо ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагдах нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялан дийлэгдэх нэгэн нь Түүний дайсан болох Сатаны (мэдээж энэ нь ч бас хүн) биелэл бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай жинхэнэ тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, Түүний авралын бай нь Бурханаар бүтээгдсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм байдлаар Түүний ажил илүү хялбар болно. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах чадвартай. Хэдий энэ махбод эгэл жирийн агаад бодит боловч Тэр ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн төдий махбод биш, харин хүнлэг бас бурханлаг бие махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгагдах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхийг зорьсон ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэтгэж чадна. Хэрэв ийм байгаагүйсэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, алдаа мадагтай байх байлаа. Бурхан хэдий Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч ялзарсан хүний хуучин зан чанар хэзээ ч шийдэгдэхгүй бөгөөд Түүнд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч үнэхээр Түүний ноёрхолд орохгүй, өөрөөр хэлбэл Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй. Хэрвээ Түүний газар дээрх ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, хүн төрөлхтөн бүхэлдээ амралтанд орж чадахгүй. Хэрэв Бурхан Өөрийн бүх бүтээлүүдтэй хамт амралтанд орж чадахгүй бол ийм удирдлагын ажилд хэзээ ч үр дүн байхгүй байх ба үүний үрээр Бурханы алдар алга болох болно. Хэдийгээр Түүний махбод эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр нөлөө гаргасан байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Тэр Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай байсаар байгаа цагт Тэр бол Бурхан Өөрөө юм. Энэ махбод хэр эгэл жирийн байх нь хамаагүй, Тэр хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүйг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдлыг ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн оруулахын тулд Тэр Өөрийн ажлыг ашиглаж чадна. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийхийн тулд махбод болдог. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй байж, илүү дээр гэрчлэл хийдэг. Махбод дахь Бурхан, хүнд Бүтээгчийг мэдэхэд нь илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
No comments:
Post a Comment