2019/05/26

ХРИСТИЙН МӨН ЧАНАР БОЛ ТЭНГЭРЛЭГ ЭЦЭГИЙН ХҮСЭЛД ДУУЛГАВАРТАЙ БАЙХ ЮМ

ХРИСТИЙН МӨН ЧАНАР БОЛ ТЭНГЭРЛЭГ ЭЦЭГИЙН ХҮСЭЛД ДУУЛГАВАРТАЙ БАЙХ ЮМ

ХРИСТИЙН МӨН ЧАНАР БОЛ ТЭНГЭРЛЭГ ЭЦЭГИЙН ХҮСЭЛД ДУУЛГАВАРТАЙ БАЙХ ЮМ

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы хүслийн төлөө байдаг юм. Бурхан махбодтой болдог учраас мөн чанараа Өөрийн махбод дотор биежүүлж, улмаар Түүний махбод ажлыг нь даахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон бүх хугацааны турш дахь ажил нь Христийн ажлыг цөмөө болгодог. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбодтой болдог тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодтойгоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх ёстой ажлаа хийж, биелүүлэх ёстой үйлчлэлээ биелүүлдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, нэг нь нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд ямар ч хүн хүрч, төсөөлж чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чаддаг. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн дотоод утга учир нь энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд хүн болоод ч авралын ажлыг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, харилцан зөрчилтэй ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийх ажлын мөн чанар нь адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс болон махбод нь харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан байдаг; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы Өөрийн ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй байх юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ бэлэн байж, өөр ямар ч сонголт хийдэггүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байхгүй; шударга бус зангийн ямар ч элемент байхгүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүн Сатанд хорлуулж, нөлөөнд нь автсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр Бурханы л шинж чанартай ба Сатаны ямар ч шинж чанаргүй. Ажил нь хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод нь хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүйгээр бүр ч орхихгүй. Тэрээр махбодын зовлон эдэлсэн ч Эцэг Бурханы хүслийн эсрэг явахгүй; энэ нь яг л Есүс, “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй адил юм. Хүн сонгоно, харин Христ тэгэхгүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Эцэг Бурханы Түүнд даалгасан зүйлийг махбодын өнцгөөс биелүүлдэг. Энэ нь хүний хувьд хүршгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй, харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг л мөн чанартай байдаг. Энэ нь Бурханы хүслийг сайн дураараа дуулгавартай дагах нь бүү хэл, Бурханд ч бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж чаддаг ба хэн ч Бурханы даалгасан ажлыг шууд дааж авч чаддаггүй; нэг нь ч Бурханы удирдлагыг өөрсдийн үүрэг мэт гүйцэтгэж чадахгүй. Эцэг Бурханы хүсэлд захирагдах нь Христийн мөн чанар юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар юм. Энэ хоёр шинж чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэн ч Христ гэж нэрлэгдэж чадахгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн өөрийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйн төлөө Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь махан биетэй хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн гэсэн хосгүй зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь хүн чанарынх нь сул талтай холбоотой. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрмөсөн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, чиглүүлж байдаг. Христ хүн чанартай боловч, бурханлаг чанарынх нь ажлыг энэ нь тасалдуулдаггүй. Энэ нь нарийндаа Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар бусдын өмнө биеэ авч явахад төлөвшөөгүй байдаг ч, бурханлаг чанарынх нь хэвийн ажилд энэ нь нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд чиглүүлж болдог, мөн Тэрээр энгийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Түүний хүн чанар ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн ийм ажилд захирагдахдаа хамгийн чадмаг юм. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийнх юм. Тэр газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүл бүхий бүтээгдсэн зүйл болж, өмнө нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн юм; Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөх чадвартай. Энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “тэнгэр дэх Бурханыг Христ шүтдэг” гэдэг үг нь буруу биш юм. Тэр хүнээс яг Өөрийн оршихуйг л хүсдэг; хүнээс ийм зүйл хүсэхийнхээ өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө “хууль цаазаас гадуур эрх чөлөөтэй байх” зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн нь Түүний оршихуйг бүрдүүлдэг билээ. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч хүслээ гэсэн, ямар ч шаардлага нь хүний хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг ганц зүйл гэвэл Бурханы удирдлагын төлөө, Түүний хүслийг биелүүлэх явдал. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээд, иймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн дээд эрх мэдэлтэй нь юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй юм, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй. Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн хэвийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр бурханлаг чанараа яаж ч илэрхийлж, илчиллээ гэсэн, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай, даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ хөнгөн хуумгай авч үздэг. Тэр ч байтугай, Түүнд гадуурхаж, доромжилсон хандлагаар ханддаг атлаа ихэмсэг дүртэй “агуу хүмүүс”-ийг шүтэн мөргөх гэж ширээн дээр залдаг хүмүүс ч бий. Бурханы эсрэг хүний дуулгаваргүй байдал, эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн Христийн хэвийн хүн чанараас үүддэг; Бурханы эсрэг хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын эх үүсвэр энд оршдог. Хэрвээ Христэд хүн чанарынх нь гадаад төрх байгаагүй, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс ч Эцэг Бурханы хүслийг эрж хайгаагүй, оронд нь супер хүн чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байсан байх. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар болон бүтээгдсэн зүйлийн ганц ч чанар байдаггүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнийг үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр авч үздэг боловч Христэд басамжилсан хандлага гаргадаг.

Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч бүх хүнд махбод дахь дүрээ харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө болохоос махбодын мөн чанараа хүмүүст бүрэн ойлгуулахын тулд биш юм. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, махбодын хийж чадах зүйлээс энэ нь хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор үүнийг хийдэг ба Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, Түүний махбод дахь ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Хэдийгээр Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг ч, тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин Тэр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямар байдалтай махбод нь үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Ийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ онгирдог бөгөөд хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христ нь хуурамч Христэд хамаарах ямар ч элементээр бохирдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийг нь харах боломжийг бүх хүнд олгох гэсэндээ тэгдэггүй. Харин ч, Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнх нь илчилдэг зүйл мөн чанарыг нь нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр гараараа булаан аваагүй; үүнийг Түүний ажил болоод мөн чанар тодорхойлдог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч эцсийн эцэст бас л Сүнстэй адилгүй махбод билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; махбодын бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн ч хэвийн, хэчнээн ч сул дорой байж, Эцэг Бурханы хүслийг яаж ч эрж хайдаг байлаа хамаагүй, Түүний бурханлаг чанарыг үгүйсгэхийн аргагүй юм. Бие махбодтой болсон Бурханд хэвийн хүн чанар болон үүний сул талууд л оршдог юм биш; бурханлаг чанарынх нь гайхалтай агаад тайлагдашгүй байдал, түүнчлэн махбод дахь бүх үйл хэрэг нь бүр ч их оршдог. Тиймээс, Христийн дотор хүн чанар, бурханлаг чанарын аль аль нь үнэхээр, бодитоор оршдог. Энэ нь огтхон ч хоосон юм уу, ер бусын байдаггүй. Тэрээр ажил явуулах үндсэн зорилготойгоор газар дээр ирдэг; газар дээр ажил гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшсэн байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн агуу ч гэсэн, үүний анхдагч чиг үүрэг сайтар ашиглагдаж чадахгүй. Түүний хүн чанар чухал ач холбогдолтой хэдий ч, энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар юм; тиймээс Тэр газар дээрх үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөчдөө бурханлаг чанарынхаа оршихуйг илэрхийлж эхэлдэг. Түүний хүн чанар нь гагцхүү махбодынхоо хэвийн амьдралыг хангахын төлөө байдаг, ингэснээр Түүний бурханлаг чанар ажлаа махбодоор хэвийн явуулж чаддаг; бурханлаг чанар л Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр үйлчлэлээ гүйцэлдүүлсэн байх болно. Хүний мэдэх учиртай зүйл бол Түүний бүх ажил бөгөөд Өөрийн ажлаар дамжуулан Тэр, Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгодог. Тэрээр ажлынхаа явцад бурханлаг чанараа нэлээд бүрэн илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн чанар холилдсон зан чанар ч юм уу хүний бодол, зан авираар сэвтсэн оршихуй биш байдаг. Бүх үйлчлэл нь дуусах цаг ирэхэд Тэр илэрхийлэх учиртай зан чанараа аль хэдийн бүрэн, төгс байдлаар илэрхийлсэн байх болно. Түүний ажлыг ямар ч хүн зааварчилдаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл ч бас нэлээд чөлөөтэй, оюун санаагаар хянуулж, эсвэл бодлоор боловсордоггүй, харин аяндаа илчлэгддэг. Үүнд ямар ч хүн хүрч чадахгүй. Хэдий хүрээлэн буй орчин хахир хатуу байж, нөхцөл байдал бололцоо олгохгүй байсан ч, Тэр зохистой цагт нь зан чанараа илэрхийлэх чадвартай. Христ болох Нэгэн нь Христийн оршихуйг илэрхийлдэг бол Христ биш хүмүүс нь Христийн зан чанаргүй байдаг. Тиймээс, Түүнийг бүгд эсэргүүцэж, Түүний талаар үзэлтэй байлаа ч гэсэн, Христийн илэрхийлсэн зан чанар нь Бурханых юм гэдгийг хүний үзэлд үндэслэн хэн ч үгүйсгэж чадахгүй. Чин зүрх сэтгэлээр Христийг эрж хайдаг юм уу зорилготойгоор Бурханыг эрж хайдаг бүх хүн, бурханлаг чанарынх нь илэрхийлэл дээр үндэслээд Тэр бол Христ гэж хүлээн зөвшөөрөх болно. Хүний үзэлтэй нийцдэггүй ямар нэг талаас нь болж Христийг тэд хэзээ ч үгүйсгэхгүй. Хүн хэдий маш тэнэг боловч хүний хүсэл юу болох, Бурханаас юу үүддэг болохыг бүгд яг таг мэддэг. Зүгээр л олон хүн өөрсдийнхөө санаа зорилгын улмаас Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, Христийн оршин тогтнолыг үгүйсгэх шалтгаан ганц ч хүнд байхгүй байх байв, учир нь Христийн илэрхийлдэг бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажлыг бүх хүний энгийн нүдээр харж болно.

Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин зүрх сэтгэлээр дуусгах чадвартай. Тэрээр тэнгэр дэх Бурханыг жинхэнэ зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай бөгөөд Эцэг Бурханы хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний угийн илчлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; Түүний илэрхийлэл бол даган дуурайлт биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг учраас Түүний угийн илчлэл ингэж нэрлэгддэг юм. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанарыг болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох юм, гэвч тэнгэр дэх Бурханыг жинхэнэ зүрх сэтгэлээр шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг тэнгэр газрыг донсолгом биш боловч Тэр үнэхээр л тэнгэрлэг Эцэгийн хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар. Энэ үнэн нь, хүн итгэхэд хэцүү боловч үнэхээр оршин байдаг. Христийн үйлчлэл бүрэн биелэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харах боломжтой болно. Тэр үед, Тэр үнэхээр л Үг болсон махбод мөн бөгөөд мах, цуснаас бүрдсэн хүнийхтэй адилгүй юм гэдгийг бүх ажлынх нь нийлбэр цогц баталж чадна. Газар дээрх Христийн ажлын алхам бүр өөрийн гэсэн бэлгэдлийн ач холбогдолтой боловч алхам бүрийн бодит ажлыг туулдаг хүн Түүний ажлын ач холбогдлыг ухаарах чадваргүй байдаг. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг ажлын хэд хэдэн алхмын хувьд ялангуяа ийм байдаг. Христийн үгийг л үзэж дуулснаас биш, Түүнийг хэзээ ч харж байгаагүй ихэнх хүн Түүний ажлын талаар ямар ч үзэлгүй байдаг; Христийг харж, үгийг нь сонссон, мөн ажлыг нь туулсан хүмүүст Түүний ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Христийн гадаад төрх, хэвийн хүн чанар нь хүмүүст таалагддаггүй учраас тэр биш үү? Христийг явсны дараа Түүний ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүст ийм бэрхшээл гарахгүй, учир нь тэд ердөө л Түүний ажлыг хүлээн зөвшөөрдөг ба Христийн хэвийн хүн чанартай холбоо тогтоодоггүй. Хүн Бурханы талаарх үзлээ орхиж чаддаггүй, харин ч Түүнийг няхуур судалдаг; энэ нь хүн Түүний гадаад төрхийг л анхаардгаас биш, ажил болон үгэнд нь үндэслэн Түүний мөн чанарыг таньж чаддаггүйгээс болдог. Хэрвээ хүн Христийн гадаад төрхийг нүдээ аниад өнгөрөөж, эсвэл Христийн хүн чанарын талаар ярилцахаас зайлсхийж, ажил болон үгийг нь ямар ч хүн биелүүлэх аргагүй, Түүний бурханлаг чанарын тухай л яривал хүний бүх бэрхшээл шийдвэрлэгдэх хэмжээнд хүртэл хүний үзэл хоёр дахин багасна. Бие махбодтой болсон Бурханыг ажлынх нь үеэр хүн тэвчиж чаддаггүй, Түүний талаарх тоо томшгүй үзлээр дүүрэн байдаг бөгөөд эсэргүүцэж, дуулгаваргүй байх тохиолдол түгээмэл байдаг. Хүн Бурханы оршин тогтнолыг тэвчиж, Христийн номхон даруу, нууцлаг байдлыг хүлцэж, тэнгэрлэг Эцгийг дуулгавартай дагадаг Христийн мөн чанарыг уучилж чаддаггүй. Тиймээс, Тэр ажлаа дуусгаад хүнтэй хамт мөнхөд үлдэж чадахгүй, учир нь хүн Түүнийг өөрсөдтэй нь хамт амьдрахыг зөвшөөрөх хүсэлгүй байдаг билээ. Хүмүүс Түүнийг ажлынх нь хугацаанд хүлцэж чадахгүй бол үйлчлэлээ хэрэгжүүлчихээд өөрсдийнх нь хажууд амьдарч, Түүний үгийг аажмаар туулахыг нь харахыг хэрхэн тэвчиж чадах билээ? Тэр үед Түүнээс болж олон хүн унахгүй гэж үү? Хүн Түүнд газар дээр ажиллахыг л зөвшөөрдөг; энэ нь хүний хүлцэх хамгийн дээд хязгаар юм. Хэрвээ Түүний ажил байгаагүй бол хүн Түүнийг аль эрт газар дэлхийгээс гаргаад хаячих байсан, тэгэхээр ажил нь дуусчихвал Түүнийг хэчнээн дор хүлцэх вэ дээ? Тэр үед хүн Түүнийг үхэлд хүргэж, үхтэл нь тамлахгүй гэж үү? Хэрвээ Түүнийг Христ гэдэггүй байсан бол хүн төрөлхтний дунд ажиллаж чадахгүй байх байсан; хэрвээ Тэр Бурханы Өөрийн ялгамж чанараар ажиллалгүй, ердөө л эгэл хүн шиг ажилласан бол хүн Түүний ажлын өчүүхэн хэсгийг тэвчих нь байтугай, хэлсэн ганц өгүүлбэрийг нь ч тэвчихгүй байх байсан юм. Иймээс Тэр Өөрийнхөө ажилд энэ ялгамж чанараа л авч явах болдог. Ингэхгүй байсныг бодвол, Түүний ажил ийм маягаар илүү хүчтэй байдаг, учир нь хүмүүс бүгд зэрэг зиндаа, агуу ялгамж чанарыг дагахад бэлэн байдаг. Хэрвээ Тэр ажиллахдаа, эсвэл Бурхан Өөрөө болон гарч ирэхдээ Бурханы Өөрийн ялгамж чанарыг авч яваагүй бол, ажил хийх боломж Түүнд огт олдохгүй байх байсан. Түүнд Бурханы мөн чанар, Христийн оршихуй байдаг хэмээх бодит байдлыг үл харгалзан, хүн уужуу сэтгэл гаргаж, Түүнд хүн төрөлхтний дунд санаа амар ажлаа явуулах боломж олгохгүй байх байв. Тэрээр ажилдаа Бурханы ялгамж чанарыг авч явдаг; хэдийгээр ийм ажил нь, тийм ялгамж чанаргүйгээр хийснээс олон арав дахин илүү хүчтэй боловч хүн Түүнд одоо ч бүрэн дуулгавартай байдаггүй, учир нь хүн Түүний мөн чанарт биш, зэрэг зиндаанд нь л захирагддаг. Тэгвэл, нэг л өдөр Христ албанаасаа буувал нэг өдөр ч гэсэн амьд явах боломжийг хүн Түүнд олгох байсан гэж үү? Өөрийн гараар хийсэн ажлаас нь хожмын он жилүүдэд гарах үр шимийг харахын тулд Бурхан хүнтэй хамт газар дээр амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч үлдэхийг нь хүн ганц ч өдөр тэвчиж чадахгүй, иймээс Түүнд болихоос өөр арга байгаагүй юм. Хүмүүсийн дунд хийх ёстой ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон гэдэг нь өөрөө хүний хүлцэл, нигүүлслийн хамгийн дээд хязгаар билээ. Түүний биечлэн байлдан дагуулсан хүмүүс Түүнд ийм нигүүлсэл үзүүлдэг хэдий ч, нэг ч хором хэтрүүлэлгүй, ажлаа дуустал л үлдэхийг Түүнд зөвшөөрдөг. Тэгвэл Түүний байлдан дагуулаагүй хүмүүс яах вэ? Тэрээр эгэл хүний бүрхүүлтэй Христ болохоор хүн бие махбодтой болсон Бурханд ийм маягаар ханддаг биш гэж үү? Хэрвээ Түүнд хэвийн хүн чанар бус, бурханлаг чанар л байсан бол, хүний бэрхшээлүүд хамгийн амар хялбараар шийдвэрлэгдэх байсан биш гэж үү? Түүний мөн чанар нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг Христийнх яг мөн байлаа ч гэсэн Түүний бурханлаг чанарыг хүн дурамжхан хүлээн зөвшөөрч, эгэл хүний бүрхүүлийг нь огт сонирхдоггүй. Тийм болохоор Тэр баяр баясгалан, уй гашуу аль алийг нь хуваалцахаар хүмүүсийн дунд байх ажлаа цуцлахаас өөр аргагүй болсон, учир нь хүн Түүний оршин тогтнолыг цаашид тэвчиж чаддаггүй.

No comments:

Post a Comment