ХҮНИЙ ХЭВИЙН АМЬДРАЛЫГ СЭРГЭЭЖ, ТҮҮНИЙГ ГАЙХАЛТАЙ САЙХАН ХҮРЭХ ГАЗАРТ АВААЧИХ НЬ
Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлаас өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтний ирээдүйн орох, хүрэх газрыг ойлгодоггүй. Бүтээл болохынхоо хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийлээ гэсэн хүн дагах ёстой ба та нар Миний яв гэсэн замаар явах ёстой. Чи өөртөө зохицуулалт хийх ямар ч нөхцөлгүй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы мэдэлд орхих ёстой, бүх зүйлийг Түүний гар хянадаг. Хэрвээ Бурханы ажил хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол—Тэрээр хүнтэй наймаалцсан бол—энэ нь байлдан дагуулалт ч, хүний амийн ажил ч биш байх байсан. Бурхан хүнийг хянаж, зүрх сэтгэлийг нь олж авахын тулд төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ хүнийг төгс болгохгүй, мөн хүнийг олж авч ч чадахгүй байх байсан, харин ч хүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглаж байгаа явдал болох байв. Хүн ирээдүйн төгсгөл, эцсийн хүрэх газар ба итгэж найдах сайн зүйл байгаа эсэхэд хамгаас их анхаардаг. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгсөн бол, мөн хүнийг байлдан дагуулахаасаа өмнө эрэлхийлбэл зохих хүрэх газрыг нь өгсөн бол хүний байлдан дагуулалт үр дүндээ хүрэхгүйгээр үл барам, байлдан дагуулах ажлын үр дүнд ч мөн нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар буюу хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй, харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, хэтийн ирээдүйг нь үгүй хийснээр дамжуулан хүний үнэнч байдлыг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд, дараа нь гэсгээлт, шүүлтийн ажил хийсэн бол өөрт нь хэтийн ирээдүй байгаа гэдэгт үндэслэн хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ Бүтээгчийг бүх бүтээл нь нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй байх байсан; зөвхөн харанхуй, мунхаг дуулгавартай байдал л байж, эсвэл хүн Бурханд сохроор шаардлага тавих байсан, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх байлаа. Үүний үр дүнд, байлдан дагуулах ийм ажил нь хүнийг олж авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх байсан. Ийм бүтээлүүд үүргээ биелүүлж чадахгүй, Бурханд нөхцөл болзол л тавих байсан; энэ нь байлдан дагуулалт бус, харин өршөөл, ерөөл байх байв. Хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юу ч бодолгүй, тэдгээрийг тахин шүтдэг нь хүний хамгийн том асуудал юм. Хүн хувь заяа, хэтийн ирээдүйнхээ төлөө Бурханыг эрэлхийлдэг; Бурханд хайртайдаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунал болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлсийг бүгдийг нь таягдан хаях ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний хамгийн эхний байлдан дагуулалтад, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн ноцтой эмзэг сул талуудыг эхлээд ангижруулж, үүгээр дамжуулан Бурханыг гэх хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм маягаар Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгддэг, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагддаг. Гэвч бүх бүтээлд хандах хандлагадаа Бурхан, байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаггүй; харин хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг сэргээхийн тулд байлдан дагуулдаг. Тэр байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг байлдан дагуулсныхаа дараа холбоогоо тасалж, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулаагүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага ч биш, хүнийг аврахын төлөө ч биш байх байсан. Хүнийг байлдан дагуулсныхаа дараа олж авах болон хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих нь авралын ажлын цөмд байдаг бөгөөд энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтад орно гэдэг нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчийн хийх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч, мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй байх байсан. Хүний хувь тавиланг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч батжуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг л юм хойно, бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг юм хойно, зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг юм хойно хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм. Хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар байлдан дагуулах ажил биелдэг хэдий ч, эцсийн эцэст Бурхан хүнийг өөрт нь бэлдсэн зүй зохистой хүрэх газарт аваачих ёстой. Бурхан хүнийг хүн болгодог учраас л хүн хүрэх газартай болж, хувь заяа нь баталгааждаг билээ. Энд хэлсэн тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед үгүй хийсэн хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь өөр юм. Хүний итгэж найдаж, эрэлхийлдэг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус, харин махан биеийн хэрээс хэтэрсэн хүслээ эрэлхийлэх гэсэн тэмүүлэл юм. Харин Бурханы хүнд бэлдсэн зүйл бол ариун болгуулсан үед нь хүнд ирэх ерөөл, амлалт бөгөөд үүнийг Бурхан дэлхий ертөнцийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл, махан биеэр бохирдоогүй байдаг. Энэхүү хүрэх газрыг тодорхой нэг хүнд зориулж бэлтгээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.
Бүтээгч бүх бүтээлийг зохион байгуулахаар зорьдог. Чи Түүний хийдэг аливаа зүйлээс татгалзаж, дуулгаваргүй байх юм уу, Түүнд тэрслүү хандах ёсгүй. Түүний хийдэг ажил нь эцэстээ Өөрийнх нь зорилгыг биелүүлнэ, ийнхүү Тэр алдрыг олно. Өнөөдөр, чамайг Моабын үр удам, агуу улаан лууны үр сад гэж яагаад хэлдэггүй вэ? Яагаад сонгогдсон хүмүүсийн талаар ярихгүй, бүтээлийн талаар л ярьдаг юм бэ? Бүтээл гэдэг нь хүний анхдагч цол байсан, мөн энэ нь түүний төрөлхийн ялгамж чанар юм. Эрин үе болон ажлын мөчлөг өөр учраас л өөр өөр нэр байдаг; үнэндээ хүн бол энгийн бүтээл юм. Хамгийн ялзарсан нь ч бай, хамгийн ариун нь ч бай хамаагүй, бүх бүтээл бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Бурхан байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ хэтийн ирээдүй, хувь заяа, хүрэх газрыг чинь ашиглан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, Бүтээгчийг шүтэн мөргүүлэх явдал, үүний дараа л хүн гайхалтай хүрэх газарт орж чаддаг. Хүний хувь заяаг Бурханы гар удирддаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь ангижруулдаг хэдий ч, энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүний ариусалт бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө байдаг. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?
Байлдан дагуулах ажил биелмэгц, хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр хэвээр байх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараа хүн төрөлхтний амьдрах амьдрал энэ бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байна гэдэг шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсных нь баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн хүлээдэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелдэггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх бөгөөд дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн тэрслүү байдал, эсэргүүцэлгүй, хаа ч явсан эрх чөлөөтэй байх болно. Сатан хүлэгдэж байж л хүн сайн байх болно; өнөөдөр Сатан газар дэлхийн хаа сайгүй түвэг учруулсаар л байгаагаас болж[a], мөн Бурханы удирдлагын бүхий л ажил төгсөх болоогүйгээс болж хүн сайнгүй байна. Сатан ялагдмагц хүн бүрэн чөлөөлөгдөнө; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт байдлын нарыг харах болно. Хэвийн хүнд тохирох амьдрал сэргэнэ; сайн мууг ялган таних чадвар, хэрхэн хооллож, хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт хэвийн хүний эзэмших ёстой бүхэн сэргэнэ. Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн, хүн анх бүтээгдсэнийхээ дараа ийм хэвийн амьдралтай байх ёстой байсан. Хүн газар дээр хооллож, хувцаслаж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой байсан юм. Гэвч хүн доройтолд орсны дараа энэ амьдрал бүтэшгүй мөрөөдөл болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн хүн ийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн хүлээдэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгцээтэй юм: Хэрвээ хүнд ийм хүрэх газар байхгүй байсан бол газар дээрх доройтдсан амьдрал нь хэзээ ч зогсохгүй байсан ба хэрвээ тийм сайхан амьдрал байхгүй байсан бол Сатаны хувь заяанд, эсвэл газар дээр Сатан ноёрхдог эрин үед эцэс төгсгөл гэж байхгүй байх байсан. Харанхуйн хүч хүршгүй ертөнцөд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед Сатан ялагдсаныг энэ нь батлах болно. Ийм маягаар Сатаны хөндлөнгийн оролцоо гэж үгүй болмогц Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, удирдана; үүнийг л Сатаны ялагдал хэмээн тооцно. Хүний өнөөдрийн амьдрал нь гол төлөв бохир заваан амьдрал байдаг, мөн одоо ч гэсэн зовлон зүдүүр, цөхрөлийн амьдрал байдаг. Үүнийг Сатаны ялагдал гэж нэрлэж болохгүй; хүн цөхрөлийн тэнгисээс хараахан зугтаагүй, хүний амьдралын бэрхшээл, Сатаны нөлөөллөөс хараахан зугтаагүй ба Бурханы талаар одоо ч хэтэрхий бага мэдлэгтэй байна. Хүний бүх бэрхшээл Сатанаас үүдэлтэй, Сатан л хүний амьдралд зовлон зүдүүр авчирсан бөгөөд Сатан хүлэгдсэний дараа л хүн цөхрөлийн тэнгисээс бүрмөсөн зугтаж чадна. Гэхдээ хүнийг Сатантай хийх тулааны олз омог болгосноор, хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, олж авснаар дамжуулан Сатаныг хүлдэг.
Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул бол, газар дээр хэвийн хүний амьдралтай болохынхоо өмнө эрэлхийлдэг зүйлс бөгөөд Сатаныг хүлэхээс өмнө хүний эрж хайдаг зорилго юм. Мөн чанартаа, ялагч болж, төгс болгуулж, их ашиглуулах гэсэн хүний эрэл хайгуул нь Сатаны нөлөөнөөс зугтахын төлөө байдаг: Хүний эрэл хайгуул нь ялагч болох явдал боловч эцсийн үр дүн нь Сатаны нөлөөнөөс зугтах явдал байх болно. Сатаны нөлөөнөөс зугтсанаар л хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг, хэвийн хүний амьдралаар амьдарч чадна. Өнөөдөр, ялагч болж, төгс болгуулах хүний эрэл хайгуул нь газар дээр хэвийн хүний амьдралтай болохын өмнө эрэлхийлдэг зүйлс юм. Үндсэндээ, цэвэрлэгдэж, үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө, мөн Бүтээгчийг шүтэн мөргөдөг болохын тулд тэдгээрийг эрэлхийлдэг. Хэрвээ хүн газар дээрх хэвийн хүний амьдралыг буюу бэрхшээл цөхрөлгүй амьдралыг эзэмшвэл ялагч болохоор эрэлхийлэхгүй юм. “Ялагч болно”, “төгс болгуулна” гэдэг нь Бурханы хүнд эрэлхийл гэж өгдөг зорилго бөгөөд эдгээр зорилгын эрэл хайгуулаар дамжуулан Тэрээр үнэнийг хэрэгжүүлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахад хүнийг хүргэдэг. Зорилго нь хүнийг бүрэн төгс болгож, олж авах явдал бөгөөд ялагч болох, төгс болгуулах эрэл хайгуул гэдэг бол арга барил төдий юм. Хэрвээ ирээдүйд хүн гайхалтай хүрэх газарт орвол ялагч болох болон төгс болгуулах тухай огт ярихгүй; бүтээл бүр үүргээ л биелүүлж байх болно. Өнөөдөр хүмүүст хамрах хүрээ тодорхойлохын тулд л эдгээр зүйлийг эрэлхийлүүлдэг, иймээс хүний эрэл хайгуул нь илүү товлогдсон бөгөөд бодитой юм. Үүнгүйгээр, хүн тодорхойгүй байдалд амьдарсан хэвээр мөнх амь руу орохоор эрж хайх байсан, тэгсэн бол хүн улам ч өрөвдөлтэй байх байсан биш гэж үү? Зорилго ч үгүй, зарчим ч үгүй, ийм маягаар эрэлхийлэх нь өөрийгөө хуурсан хэрэг биш гэж үү? Эцсийн эцэст энэ эрэл хайгуул нь угаасаа үр өгөөжгүй байх болно; эцэст нь хүн Сатаны эзэмшил дор амьдарсаар л байж, үүнээсээ салах чадваргүй байх болно. Яагаад ийм зорилгогүй эрэл хайгуулд өөрийгөө өртүүлнэ гэж? Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, мөнх байдалд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн байх байраа мэдэж, үүргээ биелүүлэх бөгөөд гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлэх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурь аль алиныхаа хувьд бүтээл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэвч, хүн төрөлхтний дэг журамтай, тохиромжтой хүрэх газарт хүн амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн төрөлхтөн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд дараа нь хүний анхдагч дүр төрхийг дахин сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго биелсэн байх болно. Анх, Сатан ялзруулахаас өмнө хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч байсан. Дараа нь Сатан ялзруулах үед хүн хэвийн амьдралаа алдсан, иймээс Бурханы удирдлагын ажил болон хүний хэвийн амьдралыг сэргээхийн төлөө Сатантай хийх тулаан эхэлсэн. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөл болох үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхэлнэ, тэр үед л хүн гайхалтай амьдралтай болох ба анх хүнийг бүтээсэн зорилгыг болон хүний анхдагч дүрийг Бурхан сэргээх болно. Иймээс хүн газар дээрх хэвийн хүн төрөлхтний амьдралтай болмогцоо ялагч болох юм уу төгс болгуулахаар эрэлхийлэхгүй, учир нь хүн ариун болсон юм. Хүний ярьдаг ялагч, төгс байдал гэдэг нь Бурхан, Сатан хоёрын тулааны үеэр хүнд эрэлхийл гэж өгөгдсөн зорилго бөгөөд хүн ялзарсан учраас л тэдгээр нь оршдог. Чамд зорилго өгч, чамайг энэ зорилгыг эрэлхийлэхэд хүргэснээр Сатаныг ялах болно. Ялагч байх, төгс болгуулах, ашиглуулахыг чамаас гуйдаг нь Сатаныг шившиглэхийн тулд гэрчлэл хийхийг чамаас шаардаж байгаа хэрэг юм. Эцэстээ хүн газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарч, ариун байх бөгөөд ийм зүйл тохиолдох үед тэд бас л ялагч болохоор эрж хайна гэж үү? Тэд бүгд бүтээл биш гэж үү? Ялагч байх, төгс нэгэн байхын аль аль нь Сатан руу болон хүний бохир заваан байдал руу чиглэдэг. Энэхүү “ялагч” гэдэг нь Сатаныг болон дайсны хүчийг ялахтай холбоогүй гэж үү? Төгс болгуулсан гэж чамайг хэлэх үед, чиний доторх юу төгс болгуулсан байдаг юм бэ? Чи Бурханыг гэх дээдийн дээд хайранд хүрэх гэсэндээ ялзарсан сатанлаг зан чанараасаа ангижирсан бус уу? Ийм зүйлсийг хүний доторх бохир заваан зүйлс болон Сатантай холбогдуулан хэлдэг; Бурхантай холбогдуулж хэлдэггүй.
Өнөөдөр чи ялагч болж, төгс болгуулахаар эрэлхийлэхгүй бол ирээдүйд хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдрах үед ийм эрэл хайгуул хийх завшаан гарахгүй. Тэр үед бүх төрлийн хүний төгсгөл илчлэгдсэн байх болно. Тэр үед ямар төрлийн зүйл вэ гэдэг чинь тодорхой болно, тэгээд чи ялагч болж, төгс болгуулахыг хүсвэл тэгэх боломжгүй байх болно. Хүн тэрслүү байдлаасаа болж илчлэгдсэнийхээ дараа шийтгэгдэх болно. Тэр үед зарим нь ялагч болох, бусад нь төгс болгуулах, өөр зарим нь Бурханы ууган хөвгүүд байх, бусад нь Бурханы хөвгүүд байх зэргээр хүн бусдынхаас дээгүүр байр суурь эрэлхийлэхгүй; эдгээр зүйлийг тэд эрэлхийлэхгүй. Бүгд Бурханы бүтээл байж, бүгд газар дээр амьдарна, тэгээд бүгд газар дээр Бурхантай хамт амьдрах болно. Одоо үе бол Бурхан, Сатан хоёрын тулааны цаг үе, энэхүү тулаан хараахан дуусах болоогүй цаг үе, мөн хүнийг хараахан бүрэн олж аваагүй цаг үе бөгөөд шилжилтийн үе юм. Иймээс хүн ялагч юм уу Бурханы ардын нэг болохоор эрэлхийлэх шаардлагатай. Өнөөдөр байр сууринд ялгаа байдаг боловч цаг нь ирэхээр ийм ялгаа үгүй болно: Ялалт байгуулсан бүх хүний байр суурь адилхан байх болно, тэд бүгд шаардлага хангасан хүн төрөлхтөн байх бөгөөд газар дээр эрх тэгш амьдрах болно, өөрөөр хэлбэл, тэд бүгд шаардлага хангасан бүтээл байж, тэдэнд өгөгдөх зүйл нь адилхан байна гэсэн үг юм. Бурханы ажлын эрин үеүд өөр өөр, ажлынх нь объектууд бас өөр өөр байдаг учраас хэрвээ энэхүү ажлыг та нар дээр хийсэн бол та нар төгс болгуулж, ялагч болох эрхтэй; хэрвээ хилийн чанадад хийсэн бол тэд, байлдан дагуулагдах эхний бүлэг хүмүүс, мөн төгс болгуулах эхний бүлэг хүмүүс болох эрхтэй байх байсан. Өнөөдөр энэ ажлыг хилийн чанадад хийдэггүй, иймээс тэд төгс болгуулж, ялагчид болох эрхгүй бөгөөд эхний бүлэг хүмүүс болох боломжгүй юм. Бурханы ажлын объект өөр, Бурханы ажлын эрин үе өөр, үүний хамрах хүрээ өөр учраас эхний бүлэг буюу ялагчид байдаг бол төгс болгуулдаг хоёр дахь бүлэг ч бас байх болно. Эхний бүлэг төгс болгуулмагц үлгэр дуурайл, загвар бий болно, ингээд ирээдүйд төгс болгуулах хүмүүсийн хоёр, гурав дахь бүлэг гарах боловч мөнхөд тэд бүгд адилхан байх ба байр суурийн ямар ч ангилал гарахгүй. Тэд ердөө л өөр өөр цаг үед төгс болгуулсан байх бөгөөд байр сууринд нь ямар ч ялгаа байхгүй байх болно. Ирээдүйд хүн бүхэн бүрэн төгс болгуулж, бүхий л орчлон ертөнцийн ажил дууссан байх үед байр суурийн ялгаа байхгүй байх ба бүгд адилхан байр суурьтай байх болно. Өнөөдөр та нарыг ялагч болгох гэж энэ ажлыг та нарын дунд хийдэг. Хэрвээ үүнийг Англид хийсэн бол та нарынх шиг эхний бүлэг Англид гарах байсан. Өнөөдөр Би та нарын дунд ажлаа хэрэгжүүлснээр ердөө нэн нигүүлсэнгүй байгаа юм, хэрвээ Би энэ ажлыг та нарын дотор хийгээгүй бол та нар адилхан л хоёр, гурав, дөрөв, тав дахь бүлэг болох байсан. Энэ нь зүгээр л ажлын дэс дараалал дахь ялгаанаас үүдэлтэй; эхний бүлэг, хоёр дахь бүлэг гэдэг нь нэг нь нөгөөгөөсөө дээр, доор байгааг заадаггүй, ердөө л энэ хүмүүсийн төгс болгуулсан дарааллыг заадаг. Өнөөдөр эдгээр үгийг та нарт ярьж байна, гэхдээ яагаад та нарт арай эртхэн мэдэгдээгүй юм бэ? Учир нь, үйл явцгүйгээр хүмүүс туйлшрах хандлагатай байдаг. Жишээлбэл, Есүс тэр үед: “Би явсан шигээ ирэх болно” гэж хэлсэн. Өнөөдөр олон хүн энэ үгэнд ухаанаа алдаж, цагаан нөмрөг өмсөн, тэнгэр лүү өргөгдөхөө хүлээхийг л хүсдэг. Тиймээс хэтэрхий эрт хэлж болохгүй олон үг байдаг; хэрвээ хэтэрхий эрт хэлчихвэл хүн туйлширна. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг бөгөөд эдгээр үгний үнэнийг таних чадваргүй байдаг.
Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүхий л хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйл өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа... зэрэг нь их ядаргаатай, маш зовлонтой! Үүн дотор амьдрах нь хүнд маш их зовлонтой! Хүн байлдан дагуулагдмагц зүрх сэтгэл, оюун санаа нь өөрчлөгдөнө: Тэр Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханыг хайрлахаар эрж хайдаг бүх хүн байлдан дагуулагдмагц, өөрөөр хэлбэл, Сатан ялагдаж, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдмэгц газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба хүн газар дээр эрх чөлөөтэй амьдарч чадна. Хэрвээ хүний амьдралд махан биеийн харилцаа байдаггүй, махан биеийн ярвигтай байдал байдаггүй байсан бол хамаагүй амар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий ярвигтай бөгөөд хүнд тийм зүйлс байх нь өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй гэдгийн нотолгоо юм. Хэрвээ чи ах эгч нартай адилхан харилцаатай, гэр бүлтэйгээ адилхан харилцаатай байсан бол санаа зовох зүйл гэж үгүй, хэнд ч сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй ба энэ маягаар хүн зовлон шаналлынхаа хагасыг хөнгөлөх байв. Газар дээр хэвийн хүний амьдралаар амьдарснаар, хүн тэнгэрэлчтэй төстэй байх болно; махан биетэй хэвээр боловч хүн тэнгэрэлчтэй тун адилхан байна. Энэ нь сүүлчийн амлалт, хүнд хайрласан эцсийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн ийм зүйлсийг туулах нь утга учиргүй гэж чи боддог уу? Гэсгээлт, шүүлтийн ажлыг талаар хийж болох уу? Хүнийг гэсгээж, шүүнэ гэдэг нь түүнийг ёроолгүй нүхэнд хийх явдал юм гэж өмнө нь хэлдэг байсан, энэ нь хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь хүнийг цэвэрлэх гэсэн нэг л зүйлийн төлөө байдаг. Бурхан хүнийг санаатайгаар ёроолгүй нүхэнд оруулж, дараа нь холбоогоо тасалдаг юм биш. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү байдалтай харьцахын төлөө байдаг, ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, хүн Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болж болох юм. Үүнийг хийвэл бүгд биелэх болно. Үнэндээ, хүний доторх харьцах учиртай тэдгээр зүйлтэй харьцаж, хүн хангинасан гэрчлэл хийх үед Сатан бас ялагдана, хүний дотор анхнаасаа байдаг тэдгээр зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох хэдий ч, Сатан ялагдмагц эдгээр нь цаашид түвэг учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдсэн байх болно. Хүн хэзээ ч ийм амьдрал туулаагүй, гэхдээ Сатаныг ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйл бүгд шийдэгдэнэ; үндсэн асуудал шийдвэрлэгдмэгц бусад бүх бэрхшээл эцэс болно. Бурхан энэ удаад газар дээр бие махбодтой болох хугацаандаа хүмүүсийн дунд ажлаа биечлэн хийх үед Түүний хийдэг бүх ажил нь Сатаныг ялахын тулд байдаг бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн төгс болгох замаар Тэр Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, эцэстээ бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа, энэ нь Сатаны ялагдлын зэрэгцээ, бүх хүн төрөлхтнийг цөхрөлийн энэ хоосон тэнгисээс аврах аврал юм. Энэхүү ажил бүхий л орчлон ертөнц даяар явагддаг уу, Хятадад явагддаг уу гэдгээс үл хамааран бүгд Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орж болох юм. Юу гэвэл, бие махбодтой болсон Бурханы хэвийн махбод нь яг нарийндаа Сатаныг ялахын төлөө байдаг. Бие махбодтой Бурханы ажлыг тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүнд аврал авчрахад ашигладаг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Бүх хүн төрөлхтөнд аврал авчрахад Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь Сатаны ялагдалтай салшгүй холбоотой. Энэ ажлын дийлэнхэд нь, та нараар гэрчлэл хийлгэхийн тулд гэж яагаад үргэлж хэлдэг вэ? Энэ гэрчлэл нь хэнд чиглэдэг вэ? Сатан руу чиглэдэггүй юу? Энэ гэрчлэлийг Бурханд хийдэг, Бурханыг гэрчлэх ажил үр дүндээ хүрхийн тулд хийдэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; Сатантай хийх тулаан гэж байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй байх байсан. Сатаныг ялах ёстой байсан учраас хүнийг аврахын зэрэгцээ Өөрийг нь Сатаны өмнө гэрчлэхийг Бурхан хүнээс шаарддаг, үүгээр дамжуулан хүнийг аварч, Сатантай тулалддаг. Үүний үр дүнд, хүн авралын объект, Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь болдог, иймээс хүн Бурханы бүхий л удирдлагын ажлын цөмд байдаг бол Сатан ердөө л дайсан бөгөөд сүйрлийн объект юм. Чамд юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ чиний зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл хийгдэж, энэ гэрчлэл нь Сатан руу чиглэдэг ба хүнд хийгддэггүй. Хүн ийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханы хийсэн ажлыг хүн яаж нэвт харж чадах юм бэ? Бурханы тэмцлийн объект нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын объект юм. Хүн ялзарсан сатанлаг зан чанартай бөгөөд энэ ажлыг нэвт харах чадваргүй. Энэ нь Сатаны ялзруулалтаас болдог. Энэ нь хүний дотор төрөлхөөсөө байдаггүй, харин үүнийг Сатан чиглүүлдэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл, хүнийг бүрмөсөн байлдан дагуулах явдал, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийж, ийм маягаар бүх зүйл биелэх болно. Олон тохиолдолд, чиний энгийн нүдээр юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдахуйц байхыг хүн шаарддаг, гэсэн ч Би чамд ил болголгүйгээр ажлаа дуусгасан, учир нь Сатан захирагдсан, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдаж, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг ялсан билээ. Энэ нь хийгдэх ёстой яг тэр гэрчлэл бөгөөд хүний дээр тодорхой илэрхийлэгдээгүй ч, энгийн нүдээр харагддаггүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэж, Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн юм. Иймээс амжилттай болсон гэж хүнд харагддаггүй олон зүйл байдаг ч Бурханы нүдээр бол аль эрт амжилттай болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод үнэний нэг билээ.
Сатан ялагдмагц буюу хүнийг бүрэн байлдан дагуулмагц, энэ бүх ажил нь авралын төлөө гэдгийг, энэхүү авралын арга зам нь Сатаны гараас өөрийг нь буцаан олж авах явдал гэдгийг хүн ойлгоно. Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Үүний зэрэгцээ Бурхан Сатантай тулаан хийдэг учраас тэдгээр нь байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хүн төсөөлөлдөө, хоёр арми нэг нэгэнтэйгээ тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэр зэвсэг агсах болно гэж боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, өөрөөр хэлбэл Сатантай хийдэг тулаан нь Сатаны бүрэн ялагдал хүртэлх гурван үе шатанд хуваагдсан гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрлаж, хүний нүглийн тахил болж, хүний нүглийг уучилж, хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгосноор үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэр зэвсэг агсах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед ичсэн Сатаныг бүрэн хүлэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь хүний авралд үндсэндээ тусгагддаг. Хүнийг байлдан дагуулах эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очдог явдал ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн эргэн очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрмөсөн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажилд ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хүнийг аврах гэвэл Сатаны гараас буцаагаад булааж авах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсоных нь дараа хүнийг буцаан олж авах ёстой. Хүний анхдагч эрүүл ухааныг сэргээдэг хуучин зан чанарынх нь өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялдаг бөгөөд ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх объект болно, үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.
Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт ч бай, шүүлт ч бай, Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; үүнийг хүн төрөлхтний авралын төлөө хийдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын төлөө бөгөөд нэг л зорилготой байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялтлаа Бурхан хэзээ ч амрахгүй! Сатаныг ялж байж л Тэр амрах болно. Бурханы хийдэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, мөн Сатаны ялзруулсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналт дор байж, Сатаны эзэмшил дор амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй, тэднийг үүнээс ангижрахад хүргэхгүй юм бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба тэд авхуулж чадахгүй байх байсан. Тэд авхуулаагүй бол Сатан ялагдаагүй, дийлдээгүй гэдгийг нотлох байсан. Иймээс Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнд, эхний үе шатанд нь Тэр хуулийн ажил хийж, хоёр дахь үе шатанд нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу цовдлолын ажил хийж, гурав дахь үе шатанд нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийсэн. Энэ бүх ажил нь Сатан хүн төрөлхтнийг ялзруулсан хэмжээ рүү чиглэдэг, энэ нь бүгд Сатаныг ялахын тулд байдаг бөгөөд Сатаныг ялахын төлөө бус нэг ч үе шат байдаггүй. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажлын мөн чанар нь агуу улаан лууны эсрэг тулаан бөгөөд хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн Сатаныг ялах ажил, Сатантай тулаан хийх ажил юм. Бурхан 6,000 жилийн турш тулалдаж, эцэстээ хүнийг шинэ ертөнцөд аваачихын тулд 6,000 жилийн турш ийнхүү ажилласан. Сатан ялагдсан үед хүн бүрэн чөлөөлөгдөнө. Өнөөдрийн Бурханы ажлын чиглэл энэ биш гэж үү? Хүнийг бүрэн суллаж, чөлөөлөх нь яг өнөөдрийн ажлын чиглэл юм, ингэснээр хүн ямар ч дүрэмд захирагдахгүй, ямар ч хүлээс, хоригт хязгаарлагдахгүй. Энэ бүх ажил нь та нарын биеийн хэмжээ болон хэрэгцээний дагуу хийгддэг, өөрөөр хэлбэл, хэрэгжүүлж чадах зүйлийг чинь л та нарт өгдөг. Энэ нь та нарыг чадвараас чинь хэтэрсэн зүйл хийлгэхээр хүчилж, “нугасыг өндөрт нисгэхээр албадаж буй” хэрэг биш; харин ч энэ бүх ажил нь та нарын бодит хэрэгцээний дагуу явагддаг. Ажлын үе шат болгон нь хүний бодит хэрэгцээ, шаардлагын дагуу, мөн Сатаныг ялахын төлөө байдаг. Үнэндээ, анх Бүтээгч болон Түүний бүтээлүүдийн хооронд ямар ч саад тотгор байгаагүй. Саад тотгор бүхнийг Сатан учруулсан. Сатаны үймээн, ялзралын улмаас хүн юуг ч харж, юунд ч хүрч чадахаа больсон. Хүн бол хохирогч, хууртсан нэгэн билээ. Сатан ялагдмагц бүтээлүүд Бүтээгчийг харна, Бүтээгч бүтээлүүдээ харж, биечлэн удирдаж чадна. Энэ нь л газар дээр хүнд байх ёстой амьдрал юм. Иймээс Бурханы ажил нь үндсэндээ Сатаныг ялахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялагдмагц бүх зүйл шийдвэрлэгдэх болно. Бурхан хүмүүсийн дунд ирнэ гэдэг нь үнэхээр онцгой зүйл юм гэдгийг өнөөдөр чи харлаа. Өдөр хоногийг та нараас алдаа зөрчил олоход зориулж, ийм тийм гэж хэлэх гэж, эсвэл зүгээр л Өөрийнхөө ямар харагддаг, мөн яаж хэлж ярьж, ямаршуухан амьдардгийг та нарт харуулах гэж Тэр ирээгүй. Бурхан та нарт Өөрийг нь харах боломж олгож, та нарын нүдийг нээх гэж, эсвэл Өөрийн хэлсэн нууц болон Өөрийн нээсэн долоон лацыг та нарт сонсгох гэж л махбодтой болоогүй. Харин ч Тэр Сатаныг ялах гэж махбод болсон. Тэр хүнийг аварч, Сатантай тулалдахын тулд хүмүүсийн дунд махбодтойгоор биечлэн ирсэн бөгөөд Түүний бие махбодтой болдгийн ач холбогдол энэ билээ. Сатаныг ялахын тулд л биш бол энэ ажлыг Тэр биечлэн хийхгүй байх байсан. Бурхан хүмүүсийн дунд ажлаа хийх, Өөрийгөө хүнд биечлэн илчлэх, Өөрийг нь харах боломжийг хүнд олгох гэж газар дээр ирсэн; энэ шалихгүй асуудал гэж үү? Энэ бол үнэхээр онцгой зүйл! Хүний төсөөлдөг шигээр, Бурхан хүнд харагдах гэж, мөн тодорхойгүй, хий хоосон биш, харин бодитой гэдгээ, сүрлэг атлаа даруу гэдгээ хүнд ойлгуулах гэж ирдэг юм биш. Ийм энгийн байж болно гэж үү? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм. Сатаныг ялах, хүнийг илүү сайн аврахын тулд Бурханы хоёр удаа махбод болсон бие нь оршин байдаг. Учир нь, Бурханы Сүнс байна уу, Бурханы махбод болсон бие байна уу хамаагүй, Сатантай тулалддаг нэгэн нь Бурхан л байж болдог. Товчхондоо гэвэл Сатантай тулалддаг нэгэн нь тэнгэрэлч байж болохгүй, Сатаны ялзруулсан хүн байж бүр ч болохгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийх хүч чадалгүй бол хүн бүр ч хүчин мөхөс. Иймээс, хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахаар, мөн хүнийг боловсруулахаар биечлэн газар дээр ирэхийг хүсвэл биечлэн махбод болох ёстой, өөрөөр хэлбэл, махбодыг өмсөж, төрөлхийн ялгамж чанар, хийх ёстой ажлынхаа хамтаар хүмүүсийн дунд ирж, хүнийг биечлэн аврах ёстой. Ингэлгүй, энэ ажлыг Бурханы Сүнс юм уу, хүн хийсэн бол энэ тулаан нь үүрд үр дүнд хүрч чадахгүй, хэзээ ч төгсөхгүй байсан билээ. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махбод болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Үүнээс гадна, тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломж бололцоогүй, хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, махан биетэй аливаа хүн Бурханы өмнөөс хийж бүр ч чаддаггүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзарсан зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол зөвхөн хөөрхийлөлтэйгөөр сандран зугтаж, хүний ялзармал зан чанарыг ер өөрчлөх чадваргүй байх байсан юм. Тэр хүнийг загалмайнаас аварч, бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадалгүй, харин зарчмын дагуу жаахан хуучин ажил л хийж, эсвэл Сатаныг ялахтай хамаагүй ажил л хийж чадах байсан. Тэгвэл хийж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу юм бэ? Иймээс Сатантай Бурхан Өөрөө л тулалдаж чадах ба хүн үүнийг ердөө хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах явдал, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, цаашлаад Сатантай тулалдах ажлыг ч явуулж чадахгүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагддаг; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл, шинэ эрин үеийн ажил эхлэх бүрд энэ ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийж, үүгээр дамжуулан бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөнд илүү шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд, Бурхан Өөрөө удирддаг шинэ эрин үед ордог. Хүн бол бүх зүйлийн эзэн боловч авхуулсан хүмүүс нь Сатантай хийсэн бүх тулааны үр жимс болох болно. Сатан бол бүх зүйлийг ялзруулагч, бүх тулааны дараах ялагдагч, мөн эдгээр тулааны дараа шийтгэгдэх нэгэн билээ. Бурхан, хүн, Сатан гурвын дундаас Сатан л жигшигдэн, гологдох нэгэн юм. Сатанаар авхуулсан ч, Бурханаар буцаан авхуулаагүй хүмүүс нь Сатаны өмнөөс шийтгэл хүртэх хүмүүс болох болно. Энэ гурваас Бурханыг л бүх зүйл шүтэн мөргөх ёстой. Харин Сатан ялзруулсан боловч Бурханы буцаан олж авсан, Бурханы замыг дагадаг хүмүүс нь Бурханы амлалтыг хүлээн авч, Бурханы төлөө муу хүмүүсийг шүүх хүмүүс болдог. Бурхан гарцаагүй ялж, Сатан лавтай ялагдана, харин хүмүүсийн дунд ялах хүмүүс, ялагдах хүмүүс гэж байх болно. Ялсан хүмүүс нь Ялагчид хамаарч, ялагдсан хүмүүс нь ялагдагчид хамаарна; энэ бол хүн болгоныг төрлийнх нь дагуу ангилж байгаа явдал бөгөөд энэ нь Бурханы бүх ажлын эцсийн үр дүн, Бурханы бүх ажлын зорилго бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй билээ. Бурханы удирдлагын төлөвлөгөөний үндсэн ажлын цөм нь хүний аврал дээр төвлөрдөг ба Бурхан үндсэндээ энэ цөмийн төлөө, энэ ажлын төлөө, Сатаныг ялахын тулд махбод болдог. Бурхан анх удаа махбод болсон нь ч Сатаныг ялахын тулд байсан: Хүн төрөлхтнийг золин аврах ажил болох эхний тулааны ажлыг дуусгахын тулд Тэр биечлэн махбод болж, загалмайд биечлэн цовдлогдсон юм. Үүний адилаар, ажлын энэ үе шатыг ч гэсэн хүмүүсийн дунд ажлаа хийж, үгээ хэлж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд махбод болсон Бурхан биечлэн хийдэг. Мэдээж Тэр зам зуураа зарим нэг өөр ажлыг хийх нь гарцаагүй боловч Өөрийн ажлыг биечлэн хийдэг үндсэн шалтгаан нь Сатаныг ялах, хүн төрөлхтнийг байлдан дагуулах, энэ хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил нь үнэхээр хялбар бус. Хэрвээ Түүний зорилго нь, Бурхан бол даруу, нууцлаг, бодитой гэдгийг хүмүүст харуулах л байсан бол, энэ ажлыг хийхийн төлөө л байсан бол махбод болох хэрэг байхгүй байх байлаа. Бурхан махбод болоогүй ч гэсэн, даруу, нууцлаг, агуу, ариун байдлаа хүнд шууд илчилж чадах байсан, гэхдээ ийм зүйлс нь хүнийг удирдах ажилтай ямар ч хамаагүй. Тэдгээр нь хүнийг аварч, эсвэл бүрэн төгс болгох чадваргүй, Сатаныг ялж бүр ч чадахгүй. Хэрвээ Сатаны ялагдал нь зөвхөн Сүнс сүнсний эсрэг тулаан хийх явдлыг л хамруулсан бол, ийм ажлын бодит үнэ цэн бүр ч бага байх байсан; энэ нь хүнийг олж авах чадваргүй байж, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг баллах байсан. Иймээс өнөөдрийн Бурханы ажил нь гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь зөвхөн хүнд Түүнийг харуулж, хүний нүдийг нээж, хүнийг багахан сэтгэл хөдлөл, урам зоригоор хангахын төлөө биш юм; тийм ажил нь ямар ч ач холбогдолгүй. Хэрвээ чи ийм төрлийн мэдлэгийн талаар л ярьж чаддаг бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь нотолдог.
Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн, тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний золин аврал бөгөөд үүнийг ч бас Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх бүр ч их хэрэгцээ бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Хэрвээ хүн, Бурханыг өөрт нь үзэгдэж, өөрийг нь аз жаргалтай болгох гэж ирсэн гэдэгт л итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ, ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зөгнөл л хэлэх байсан бол Түүний орыг эзлэх эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байсан; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулах байсан бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэдэг нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, заавал Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхлээд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Энэхүү дайны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхлэх үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас Сатантай тулаан хийх ажил юм. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй буй тулааны суурийг тавьсан билээ. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарсан, өөрөөр хэлбэл Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан гэсэн үг юм. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байсан: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон, хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы оронд хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Заавал бие махбодтой болсноор дамжуулан түүнийг ялах ёстой, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Бурхан хэвээр, хүний амь хэвээр, түүнчлэн Бүтээгч хэвээр билээ; юу ч болсон гэсэн Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод өмсөж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлэхээр болсон бол үгээ хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авахаар ирдэг. Тэр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авдаг, үүний дараа ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрдэг. Бурханы удирдлагад хүн Бурханыг орлож чаддаггүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг бол хүнээр хийлгэхгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдах байсан бол, Сатаныг ялах чадваргүй байх байв. Хүн Сатаны эзэмшил дор байсаар байх зуураа яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ Сатантай тулалдсан бол ялах чадваргүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чаддаг боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн Сатантай тулалдаж яаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь ч өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө л Сатантай тулалдаж чадна, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байж чадна. Ийм байдлаар л хүн Бурханаар авхуулж, Сатаны хүлээснээс мултарч чадна. Мэргэн ухаан, эрх мэдэл, чадвараараа хүний хүрч чадах зүйл нь хэтэрхий хязгаарлагдмал; хүнийг төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун санаа, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн түүнтэй тулалдаж яахин чадах билээ?
Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж бий, иймээс хүн бүр тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орно. Харин чи төгс болгуулах хүсэлгүй, гайхалтай ертөнцөд орох хүсэлгүй байвал өөрийн чинь л асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг, Бурханд үнэнч бүх хүн, дуулгавартай байж, чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг бүх хүн—ийм бүх хүн төгс болгуулж чадна. Өнөөдөр, үүргээ үнэнчээр биелүүлдэггүй бүх хүн, Бурханд үнэнч биш бүх хүн, Бурханд захирагддаггүй бүх хүн, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан боловч үүнийгээ хэрэгжүүлдэггүй хүмүүс—ийм бүх хүн төгс болгуулж чадахгүй. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүх хүн нь жаахан мэдлэггүй байсан хэдий ч төгс болгуулж чадна; эрэлхийлэх хүсэлтэй бүх хүн төгс болгуулж чадна. Үүнд санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд эрэлхийлэх хүсэлтэй л байвал төгс болгуулж чадна. Би та нараас хэнийг чинь ч хаяж, таягдахыг хүсдэггүй, гэхдээ хэрвээ хүн амжилт гаргахаар хичээхгүй бол өөрийгөө л сүйтгэж байгаа хэрэг; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Чи өөрөө амжилт гаргая гэж хичээдэггүй, залхуурч үүргээ биелүүлдэггүй, үнэнч биш, үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж дураараа аашилж, мөнгө үрж, бэлгийн харилцаанд ордог бол, өөрөө өөрийгөө л ялла, өөр хэнээр ч өрөвдүүлэх эрх чамд байхгүй. Миний зорилго бол та бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусаж болох юм. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл юм. Би та нарыг хоцрогдмол гэнэ үү, муу хэв чанартай гэнэ үү хамаагүй, энэ бол бүгд баримт. Миний ингэж хэлдэг нь чамайг хаяхыг зорьдог гэдгийг, чамд итгэл алдсан гэдгийг минь нотолдоггүй, чамайг аврах хүсэлгүйг минь бүр ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Та нар бэлэн байж, эрэлхийлж байгаа тохиолдолд эцэстээ үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч орхигдохгүй. Хэрвээ чи дорд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дорд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи дээд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дээд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдаагүй байдалд чинь таарсан байх болно; хэрвээ чи бичиг үсэгт тайлагдсан бол чамд тавих Миний шаардлага мэдлэгийн чинь түвшинд таарсан байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага насанд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол, чамд тавих Миний шаардлага үүнд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх, чуулганд үйлчлэх, бусад ерөнхий ажил хэрэгт оролцох зэрэг тодорхой чиг үүрэг л биелүүлж чадна гэвэл, чамайг төгс болгох маань гүйцэтгэдэг чиг үүрэгт чинь таарсан байх болно. Үнэнч байж, эцсийг нь хүртэл дуулгавартай дагаж, Бурханыг хайрлах дээдийн дээд хайрыг эрэлхийлнэ гэдэг нь чиний биелүүлэх ёстой зүйл бөгөөд энэ гурван зүйлээс сайн хэрэгжүүлэлт гэж үгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулна. Гэвч юун түрүүнд чи үнэхээр эрэлхийлэх ёстой, урагш, дээш идэвхийлэн зүтгэх ёстой ба тэр талаар идэвхгүй байх ёсгүй. Хүн бүхэн төгс болгуулах боломжтой, мөн төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн, энэ нь биелэгдэнэ, гэвч чи эрэл хайгуулдаа зүтгэл гаргадаггүй. Хэрвээ энэ гурван шалгуурт хүрэхгүй бол чамайг эцэст нь таягдан хаях ёстой. Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар хангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.
No comments:
Post a Comment