3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэнийг чи мэдэх ёстой
1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Удирдлагын ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас бий болсон, өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авахуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн түүнчлэн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагаатай хамаатай; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд,Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл үзэгдэл өндөр байх тусам), Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа нь төдий чинээ өндөрсөнө. Хүнд тавигдах шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн дүүрэн болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байсан. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, үүний бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд зөвхөн хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; ийм гэрчлэлд Түүний ажил хэрэгжихэд тохиромжтой амьд хүмүүс шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллах ба тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлсийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд Бурхан ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л Тэр бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадах болно. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэхгүй, мөн Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрэв хүн зөвхөн өөрөө хичээж, хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол хүн дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад муу муухайг үйлдэгч; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдэлд үндэслэн хүн хэрэгжүүлэлтийг бас дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Түүний шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
No comments:
Post a Comment