Арав дахь айлдвар
Хаанчлалын эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд Би газар дээр бууж ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жил нь үргэлж чуулган байгуулах тухай байсан боловч хаанчлалыг байгуулах талаар хэн ч, хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч гэсэн үүний мөн чанарыг мэддэг хүн байна уу? Би нэгэн удаа хүний ертөнцөд бууж ирж тэдний зовлон шаналлыг амссан хэдий ч бие махбодтой болсон Өөрийн зорилгоо гүйцэлдүүлээгүй. Хаанчлалыг байгуулж эхлэх үед Миний махбод болсон бие албан ёсоор үйлчлэлээ гүйцэтгэж эхэлнэ; тэгснээр хаанчлалын Хаан Өөрийн захирах эрх мэдлийг албан ёсоор авна. Үүнээс үзэхэд, хаанчлал хүний ертөнцөд бууж ирсэн нь үг болон илрэлтийн асуудал төдийхөн биш, харин бодит байдал гэдэг нь илт юм; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдал” гэдгийн утга учрын нэг тал юм. Хүн Миний үйлсээс ганцыг нь ч харсан удаагүй, Миний айлдваруудын нэгийг нь ч сонссон удаагүй. Тэр харсан байлаа ч гэсэн юуг олж нээх байсан бэ? Тэгээд тэр Миний ярихыг сонссон ч юу ойлгох байсан бэ? Дэлхий даяар бүх хүн төрөлхтөн Миний хайр, Миний энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн төрөлхтөн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий боловч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; хүмүүс Миний сэнтийн өмнө хүлцэнгүй бөхийхөд ч Би хүн төрөлхтөнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу? Хэчнээн олон хүн гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, хэчнээн олон хүн шалгалтаа гашуунаар тэмцэн туулж байна вэ? Иовд итгэл байсан, гэсэн ч тэр гарах гарцыг өөрийнхөө төлөө л хайж байгаагүй гэж үү? Миний ард хэдийгээр шалгалтанд гуйвалтгүй зогсож чадах боловч үүнийгээ хэлэлгүйгээр зүрх сэтгэлдээ итгэдэг хүн бий юу? Тэр зүрх сэтгэлдээ эргэлзэх мөртлөө өөрийн итгэлийг амаараа л хэлдэг биш гэж үү? Шалгалтанд тууштай зогсож, шалгалтанд үнэхээр дуулгавартай байдаг ямар ч хүн байхгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүн Миний дүрэлзсэн харц дор унах байсан, учир нь Би хүн төрөлхтнөөс юу ч гуйдаггүй билээ.
Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ нь тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Би агуу улаан луугийн үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг батлан хаанчлалын сүлд дуу агуу улаан луугийн үндэстэн даяар албан ёсоор цуурайтана. Түүнээс ч чухал нь гэвэл, Миний хаанчлал дэлхий дээр байгуулагдав. Энэ мөчид Би дэлхийн үндэстэн бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болзошгүй юм; энэ нь мөн Миний ажлын дараачийн алхмын хэрэгцээг хангахын тулд юм. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан луугийн цагираглан хэвтэж буй газарт биечлэн очно. Бүх хүн төрөлхтөн махбод доторх Намайг мэдэж, махбод дотроос Миний үйл хэргийг харах чадвартай болох үед агуу улаан луугийн ичээ нь үнс нурам болж, ул мөргүй арилна. Миний хаанчлалын ардууд болох та нар агуу улаан лууг яснаасаа зэвүүцэж, үйл ажлаараа Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм байдлаар агуу улаан лууд шившиг авчирна. Агуу улаан лууг жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний асуух зүйл энэ юм. Та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх нь Надад хэрэгтэй ганц зүйл юм; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш, үйлс чинь биш. Хүмүүс Миний үгийг шулуухан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуунаас ажигладаг. Ийм байдлаар та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм байдлаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр өөд эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн утгыг цэвэр, хольцоогүй хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийнхөө зорилгод хүрч, Өөрийн жинхэнэ дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд байрлуулахын тулд Би урьд өмнө тохиолдож байгаагүй их ажлыг дэлхий дээр явуулсан ба ийм байдлаар үзэл нь хүмүүсийг эрхшээлдээ байлгадаг цаг үеийг төгсгөх юм.
Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирэхээр үл барам бас Өөрийн царайг бүхий л орчлонгийн зүг хандуулж буйн дүнд бүхий л дээд тэнгэр донсолж байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй ба Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л нэг маягийн хайр билээ. Улам олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болгох юм сан, тэгээд ийм байдлаар маш олон жилийн турш хараагүй боловч өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүс ялзарсан байдалтай байхад, Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлтөн гай зовлонд амьдардаг вэ? Ямар учраас Би Өөрийгөө махбодтой болгосон бэ? Намайг Өөрийн ажлыг хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй бас чихэрлэг болохыг хүн төрөлхтөн мэднэ. Дэлхий дээрх хүмүүсээс Миний нигүүлсэл дотор амьдардаггүй хэн байна вэ? Би хүмүүст эд хөрөнгийн ерөөл хүртээгээгүй бол энэ дэлхий дээр хэн хангалуун байж чадах байсан бэ? Та нарт Миний ард байх байр суурь олгох нь цорын ганц ерөөл биш гэдэг нь гарцаагүй, тийм биз дээ? Та нарыг Миний ард биш, харин үйлчлэл үзүүлэгч байсан гэж үзвэл та нар Миний ерөөл дотор амьдрахгүй байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үг ирдэг тэр эх сурвалжийг ойлгох чадваргүй. Хүн Миний олгосон нэрсийг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолд зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд “Миний ард” гэдэг цолын улмаас зүрх сэтгэлдээ Намайг хайрлах хайраа өсгөдөг хүн их олон байдаг. Хэн ч Намайг хуурах гэж бүү оролд—Миний нүд бүхнийг нэвт хардаг! Та нарын дотроос хэн дуртайгаар хүлээн авч, дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийхгүй бол та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүн юу хийж, юу бодох чадвартай болон тэр хэр хол явж чадах вэ гэдгийг Би бүгдийг нь аль хэдийн урьчилан тодорхойлсон.
Хүмүүсийн дийлэнх нь Миний царайны гэрэлд Миний дүрэлзсэн галыг хүлээн зөвшөөрдөг. Хүмүүсийн дийлэнх нь Миний сайшаалд урамшиж, эрэл хайгуулд түрүүлэн явахаар бужигналддаг. Сатаны хүчнүүд Миний ардууд руу дайрах үед Би тэднийг няцаадаг; Сатаны хуйвалдаан Миний ардуудын амьдралыг сүйтгэх үед Би тэрнийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр бут ниргэдэг. Газар дээр бүх төрлийн муу ёрын сүнс амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилж, ховдоглон залгих гээд хүний цогцсыг тасралтгүй эрж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд өнгөрсөнтэйгээ адилаар Миний нүүрэн дээр нэгийг хийж, Миний араар нөгөөг хийдэг шигээ авирлах ёсгүй—тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Би үүн шиг үг дэндүү олныг айлдсан нь лав, тийм биз дээ? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд дахин дахин сануулсан юм. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл, яг тэр бохир заваан газар; аврагдах найдваргүй байх тусам, хориг хязгаарлалтанд захирагдахаас татгалзан замаа алдах тусмаа бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Та нар энэ зам дээр нэгэнт хүрч ирсэн бол та нарын үнэнч байдал ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж, дуулгаваргүй байдал буюу Сатаны заль мэх болон өөрчлөгдөөд Миний ажлыг үймүүлэхэд ашиглагдана. Тэр үед Би Өөрийн хүссэнээр хэдийд ч, хаана ч та нарыг цохино. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч мэдэхгүй; зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг ба өчүүхэн ч болгоомжилдоггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй. Бас дахин мартсанаар Би чамд өршөөнгүй хандана гэж чи бодсон хэвээр байна уу? Хэдийгээр хүн төрөлхтөн Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, тиймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Тэр өөрийгөө дэмий үрэлгүй хориг хязгаарлалтад захирагдах хэрэгтэй гэдэг бол Миний шаарддаг ганц зүйл юм. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд Намайг улам олон нууц илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах байсан бэ? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг ихэсгэх байсан уу? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг асаах байсан уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас Би түүнийг яллахдаа хялбар шийддэггүй. Эдгээр нь хүний бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүсийн толгойд ийм титмийг хэзээ ч хээв нэг зүүхгүй байсан. Өнгөрснийг эргэцүүлэн бод: Би та нарыг гүтгэсэн үе байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарыг харж үзэхдээ бодит нөхцөл байдлыг чинь харгалздаггүй байсан үе байв уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтсэн цаг байсан уу? Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүй ярьсан үе байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, түүнийг ёроолгүй нүх рүү цохиж унагаана гэж ихэд айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байх вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; харин Би хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэнд буй Миний бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хэн нэгэн байна уу? Миний үгний шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үг хэлсэн ч тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байна уу?
1992 оны 3 дугаар сарын 3
No comments:
Post a Comment