БУРХАНЫ ТУХАЙД ЧИНИЙ ОЙЛГОЛТ ЮУ ВЭ?
Хүмүүс урт хугацааны туршид Бурханд итгэсэн, гэвч тэдний ихэнх нь “Бурхан” гэдэг үгийн талаар ойлголтгүй байдаг. Тэд зүгээр л мунгинан дагаж явдаг. Яагаад хүн чухам Бурханд итгэх ёстой гэдэг талаар юм уу Бурхан чухам юу болох талаар тэдэнд ямар ч таамаг байхгүй. Хэрвээ хүмүүс зөвхөн Бурханд итгэж, дагахаа мэддэг боловч Бурхан юу болохыг мэддэггүй, эсвэл Бурханыг ойлгодоггүй бол энэ нь дэлхийн хамгийн том хошигнол биш гэж үү? Хэдийгээр хүмүүс одоог хүртэл олон тэнгэрийн нууцыг нүдээр харж, хүн урьд өмнө хэзээ ч ойлгож байгаагүй гүн гүнзгий мэдлэгийн тухай сонссон ч гэсэн тэд хамгийн энгийн атлаа хараахан нарийн тунгааж үзээгүй олон үнэний талаар мэдэхгүй байна. Зарим хүмүүс, “Бид олон жил Бурханд итгэсэн. Бурхан юу болохыг бид яаж мэдэхгүй байх юм бэ? Энэ чинь бид нарыг дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү?” хэмээж болох юм. Гэвч бодит байдал дээр бол хэдийгээр өнөөдөр хүн бүхэн Намайг дагаж байгаа ч энэ бүх одоогийн ажлын талаар хэнд ч ямар ч ойлголт байхгүй. Тэд “Бурханы” талаарх энэ хамгийн түвэгтэй асуултанд хариулах нь бүү хэл хамгийн энгийн, хамгийн амархан асуултуудыг ч орхидог. Чиний үл тоомсорлон орхисон, мэдэж чадаагүй тэдгээр бүх асуулт бол чиний хамгийн их ойлгох хэрэгтэй зүйлс гэдгийг чи мэдэх хэрэгтэй, учир нь чи зөвхөн олныг дагаж, өөрийгөө юугаар зэвсэглэх ёстой вэ гэдэгт ямар ч анхаарал хандуулдаггүй ба санаа тавьдаггүй. Яагаад Бурханд итгэх итгэлтэй байх ёстойгоо чи үнэхээр мэдэж байна уу? Бурхан юу болохыг чи үнэхээр мэддэг үү? Хүн гэж юу вэ гэдгийг чи үнэхээр мэддэг үү? Бурханд итгэх итгэлтэй хүний хувьд, хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чадахгүй бол, чи Бурханд итгэгчийн нэр хүндээ алдахгүй гэж үү? Өнөөдрийн Миний ажил бол: хүмүүст өөрсдийнх нь мөн чанарыг ойлгуулах, Өөрийнхөө хийж байгаа бүхнийг ойлгуулах ба Бурханы жинхэнэ царайг мэдүүлэх явдал—энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл, Миний ажлын сүүлчийн үе шат билээ. Тийм учраас Би та нарт амьдралын бүх нууцуудыг урьдчилан хэлж байгаа, ингэснээр та нар тэдгээрийг Надаас хүлээж авч чадах юм. Та нар хэтэрхий их дутагдалтай, хэтэрхий муу бэлтгэлтэйн улмаас хүлээн авч чадахгүй, тэсэж чадахгүй ч гэсэн энэ бол сүүлчийн эрин үе учраас урьд нь та нар хэзээ ч ойлгож байгаагүй амийн бүх үнэнийг Би та нарт хэлэх ёстой. Та нарыг дахин замаасаа гажиж, харанхуй нөмрөх үед нөгөө хорон нэгний заль мэхэнд автуузай гэсэндээ Би Өөрийн ажлыг дуусгаж, Өөрийн бүх шаардлагатай ажлаа гүйцээж, та нарт юу хийхийг тушааж буйгаа бүрэн мэдэгдэхийг хүсэж байна. Та нарын ухаан хүрэхээргүй олон зам, та нарын ойлгохгүй олон асуудал бий. Та нар тун мунхаг. Би та нарын биеийн хэмжээ болон дутагдлыг сайн мэднэ. Тиймээс, хэдийгээр та нарын шингээж чадахгүй олон үг байх боловч урьд нь та нарын хэзээ ч ойлгож байгаагүй эдгээр үнэнийг Би та нарт бас л хэлмээр байна—учир нь одоогийн биеийн хэмжээгээрээ та нар Миний төлөө гэрчлэлд зогсож чадах эсэхэд Би санаа зовсоор байдаг. Энэ нь Би та нарыг дорд үзсэн хэрэг биш. Та нар бүгдээрээ Миний албан ёсны сургалтыг дамжаагүй адгууснууд бөгөөд та нарт хэр их алдар байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Хэдийгээр Би та нар дээр ажиллахдаа асар их эрч хүч зарцуулсан боловч та нарт эерэг элемент бараг үгүй мөртлөө сөрөг элемент хуруу дарам хэдхэн байдаг ба Сатаныг ичээх гэрчлэлд л зөвхөн зориулагддаг бололтой. Та нарт байгаа бусад зүйл бараг бүгдээрээ Сатаны хор. Та нар аврагдахын аргагүй мэт Надад харагддаг. Иймээс, одооных шиг нөхцөлд Би та нарын янз бүрийн зан төрхийг хардаг, тэгээд эцэстээ Би та нарын жинхэнэ биеийн хэмжээг мэддэг. Тийм учраас Би та нарын төлөө санаа зовсоор байгаа: Өөрөө амьдралаа мэдэг гээд орхисон бол хүн өнөөдрийнхөөсөө дээр байх байсан уу, эсвэл адилхан байх байсан уу? Та нар өөрсдийн нялхамсуу биеийн хэмжээндээ сэтгэл зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүстэй адилаар, цаг үргэлж ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын үзүүлж байгаа зүйл чинь эцэг эхийнхээ нүднээс далд хүүхдийн дүрсгүйтдэг зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин зан юм. Та нарт бас бүгдэд нь байдаг сул тал, та нарын нийтлэг эмгэг болох уг чанараа та нар мэдэх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр Би та нараас Миний төлөө гэрчлэлд зогс гэдгийг л шаардаж байна. Ямар ч нөхцөлд хуучин эмгэгээ дахин бүү сэдрээ. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх юм. Тэр бол Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлтийг Мариа хүлээн зөвшөөрч, итгээд дагасантай адилаар та нар Миний үгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн энэ нь л ариун явдалтай байх гэж тооцогддог. Та нар Миний үгийг хамгийн их сонсдог хүмүүс учраас Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Би Өөрийн бүх үнэ цэнэтэй эзэмшлийг гарцаагүй та нарт соёрхож байна. Гэхдээ та нарын болон Израилийн ардын байр суурь маш өөр, тэс ондоо. Гэсэн ч тэдэнтэй харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авч байгаа юм. Тэд Миний ирэхийг цөхрөн хүлээж байхад та нар Миний эд баялгийг хуваалцан Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөдөг. Үүнтэй харьцуулбал, та нар хашхирч, Надтай маргалдаж, Миний эзэмшлийн хэсгийг шаардах ямар эрхтэй юм бэ? Та нар хангалттай аваагүй байна гэж үү? Би та нарт маш ихийг өгсөн, гэвч хариуд нь та нарын Надад өгч байгаа зүйл чинь зүрх шимшрүүлсэн уй гашуу, зовнил болон дарагдахгүй хорсол, дургүйцэл байдаг. Та нар хэтэрхий зэвүүн, гэхдээ та нар мөн өрөвдөх сэтгэл төрүүлдэг. Тиймээс Өөрийн бүх зэвүүцлийг дарж, та нарыг дахин дахин эсэргүүцэхээс өөр сонголт Надад байхгүй. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд та нарын дундах заль мэх л хамгийн их алдаршсан гэдгийг Би олж мэдсэн учраас ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Би хүн төрөлхтөнд өмнө нь хэзээ ч ямар нэгэн дургүйцэл үзүүлээгүй. Тэр нь эртний алдарт өвөг дээдсийн чинь та нарт үлдээсэн нандин өв хөрөнгөтэй адил. Тэдгээр хүнээс дор гахай, нохойнуудыг Би хэчнээн их үзэн яддаг гээч. Та нар хэтэрхий мөс чанаргүй! Та нарын зан авир хэтэрхий жудаггүй! Та нарын сэтгэл хэтэрхий хатуу! Хэрвээ Би Өөрийн эдгээр үгийг болон Өөрийн энэ ажлыг Израильд аваачсан бол аль хэдийн алдрыг олж авах байсан. Гэвч та нарын дунд тийм биш. Та нарын дунд зөвхөн харгис хайнга байдал, та нарын ёозгүй хямсганал болон та нарын шалтаг л байдаг. Та нар хэтэрхий хуншгүй бөгөөд даанч үнэ цэнэгүй!
Та нар өөртөө байгаа бүхнийг Миний ажлын төлөө өргөх ёстой. Та нар Надад ашиг тус болох ажил хийх ёстой. Та нарын хувьд тодорхой бус байгаа бүхнийг Би та нарт хэлэхийг хүсэж байна, ингэвэл та нар өөртөө дутагдаж байгаа бүхнээ Надаас олж авч чадах билээ. Хэдий та нарын дутагдал тоолоход хэтэрхий олон боловч Би та нарт Өөрийн сүүлчийн өршөөлийг хайрлан та нар дээр хийвэл зохих ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх хүсэлтэй байна, ингэснээр та нар Надаас ашиг тус хүртэж, та нарт байхгүй бөгөөд дэлхий дээр хэзээ ч харагдаж байгаагүй алдрыг олж авах болно. Би маш олон жилийн турш ажилласан боловч хүмүүсийн дундаас нэг нь ч Намайг мэдсэнгүй. Би өөр хэнд ч, хэзээ ч хэлээгүй нууцуудыг та нарт хэлмээр байна.
Хүмүүсийн дунд Би тэдний харж чадахгүй Сүнс, тэдний хэзээ ч харилцаж чадахааргүй Сүнс байсан. Дэлхий дээрх Миний ажил гурван үе шаттай (дэлхий ертөнцийн бүтээл, аврал, сүйрэл) учраас Би хүмүүсийн дунд ажлаа хийхийн тулд өөр өөр цаг үед (хэзээ ч илэрхий бишээр) тэдний дунд гарч ирдэг. Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би Иудей айлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би Өөрийн махбод болсон биеийг авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан. Хаанчлалын эрин үед Миний ажил бол байлдан дагуулах болон төгс болгох байсан учраас Би удирдан залах ажлыг дахин махан биеэр хийдэг. Энэ бол Би хоёр дахь удаагаа махан биед ажиллаж байгаа нь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүс юутай харилцдаг болсон гэвэл, үл үзэгдэх, хүршгүй Сүнс биш, харин тэр Сүнс бие махбод болон биелсэн хүн билээ. Тийнхүү хүний нүдээр харахад Би дахин, Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Цаашлаад, хүмүүсийн хардаг Бурхан нь зөвхөн эрэгтэй биш мөн эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил, олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлүүдийг дахин дахин эвддэг. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин. Энэ бүх олон жилд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс төдийгүй, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, харин бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан, тиймээс тэд хэзээ ч Намайг бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэрнээ мөн хий хоосон мөрөөдөл юм шиг тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг. Тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи, “Есүс бол Бурханаас өөр хэн ч биш бөгөөд Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” хэмээн хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш бөгөөд Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? Чи, “Бурхан бол ердөө махан биеэр хувцасласан хүн” гэж хэлэхдээ таатай байдаг уу? “Есүсийн дүр бол зүгээр л Бурханы агуу дүр” гэж батлах зүрх чамд үнэхээр бий юү? Чи Бурханы зан чанарыг болон дүрийг өөрийн ярих авьяас чадварын хүчээр нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи, “Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл, Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй байхгүй байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж байхгүй байх байсан. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэддэг үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юу? Миний хийхийг хүссэн ажлыг зөвхөн Есүс гүйцээж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонговол чи дэндүү мунхаг үнэнч итгэгч байх нь. Хэрвээ Би ганцхан л удаа махбодод болсон биеэр ажилласан бол та нар Надад хязгаар тогтоох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүтэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Намайг хэрхэн хүлээж авах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн байж болох уу?
Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дотроос хэн нь ч Намайг сайтар тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн харсан бүх бодит байдлыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз. Яг одоо та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеэ ханган махан биеэ шуналтайгаар таашаан цэнгэж, махан биеийн зүйлсийн араас явдаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр та нар харсан бүхнээ гэрчилж хэрхэн чадах юм бэ? Та нар Миний гэрч байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн амьтны үүрэг зорилго чинь алдагдсан байх болно. Чиний оршихуй ямар ч утга учиргүй болох юм. Чи хүн байх үнэ цэнэгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр цаглашгүй их ажилласан. Гэвч одоо чи юу ч сураагүй, юу ч мэдэхгүй, шал дэмий ажилладаг учраас Намайг Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй үед чи бүлх залгисан мэт ямар ч нэмэргүй гөлрөн ширтэх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Чи гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би уйдсандаа энэ бүх ажлыг хийгээгүй, харин Өөрийн ирээдүйн ажлын суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд орж, ямар нэг шинэ зүйлийг хийхээс өөр аргагүй болсон хэрэг биш. Миний хийж буй ажил бол хүүхдийн тоглоом[a] биш, харин Миний Эцгийн төлөөлөлд байдаг юм гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа биш гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Харин ч Би Өөрийн Эцгийг төлөөлж байгаа билээ. Энэ хооронд та нарын үүрэг бол хатуу чандаар дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нарын ойлгох хэрэгтэй зүйл бол та нар яагаад Надад итгэх хэрэгтэй вэ гэдэг юм. Энэ бол та нар нэг бүрчлэн ойлгох ёстой хамгийн чухал асуулт. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та нарын бүгдийнх нь тавиланг Миний төлөө урьдаас тогтоосон. Тэр та нарын тавиланг урьдаас тогтоосон нь Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдар суугийн төлөө байв. Миний Эцгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний юу ч та нар өөрсдөө сонгох зүйл биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэдгийг та нар ойлгох нь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад хайрласан учраас та нар Миний та нарт хайрладаг зам болоод Миний та нарт заадаг зам болон үгийг дагаж мөрдөх хэрэгтэй, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь та нарын Надад итгэх итгэлийн анхдагч зорилго юм. Тиймээс та нар бол ердөө л Миний замыг дагуулахын тулд Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэж Би та нарт хэлж байна. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар Израильчуудын гэр бүлийнх биш, харин эртний могойн төрлийнх учраас та нар Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас гуйж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө юм. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л ажиллах юм бол та нарт ямар ч үнэ цэнэ байхгүй болох бөгөөд Миний Эцэг та нарыг Надад хайрласны ач холбогдол алдагдах болно. Та нарт хэлэхээр Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: “Та нар Миний замаар алхах ёстой.”
No comments:
Post a Comment