ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ
Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр, “Өө Бурхан минь! Миний бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба хэдий Та намайг хүсэхгүй байсан ч Таны шүүлтээс би Таны ариун, зөвт зан чанарыг хардаг. Та намайг шүүх үед, бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж чадах учраас би сэтгэл хангалуун байна. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг харуулж чадах юм бол, мөн Таны зөвт зан чанарыг бүх бүтээлд харуулж чадах юм бол, хэрвээ энэ нь Таны төлөө гэсэн хайрыг минь илүү ариун болгож, ингэснээр би зөв шударга нэгний дүр төрхийг олж авах юм бол Таны шүүлт сайн юм, учир нь Таны сайхан хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа, тэгээд одоо ч Таны өмнө очиход тохирохгүй гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор, эсвэл асар их зовлон шаналлаар дамжуулаад ч гэсэн Та намайг илүү их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та намайг хэрхэн шүүх нь хамаагүй, миний хувьд энэ нь үнэ цэнэтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг мэдэрсний дараах Петрийн мэдлэг ба мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм. Өнөөдөр, та нар байлдан дагуулагдсаныхаа дараа юуг илэрхийлдэг вэ? Зарим хүн, “Байлдан дагуулагдсан маань Бурханы эрхэм дээд нигүүлсэл, өргөмжлөл юм. Хүний амьдрал ямар ч утга учиргүй хоосон, амьдраад ямар ч утгагүй гэдгийг одоо л би ухаарч байна, би үхсэн нь бараг дээр. Хэдий хүн яарч, үеэс үед үр хүүхдээ төрүүлж, өсгөхөд насан туршийн амьдралаа зориулдаг боловч эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, зөвхөн Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг харлаа; энэ үнэхээр утга учиргүй амьдрал юм. Би ер нь үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан тийм хүмүүс Бурханаар авхуулж чадах уу? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй байдлын дуурайл бөгөөд тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй, өөрсдийгөө сайжруулахын төлөө чармайдаггүй! Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч, тийм идэвхгүй хүмүүс төгс болгуулах чадваргүй. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр, “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдрах байсан бол Таныг гэсэн хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ, “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ, надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, би Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадах болтугай гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгахаас илүү, Танд өөрийгөө өгөхөөс илүү, амьдралаа Танд өргөл болгохоос илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдрахыг зөвшөөрсөн бол би бүр ч ихээр Таныг хайрлахад бэлэн байх байлаа. Амьд байгаа үедээ би Таныг хайрлах болно. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд би Таны зөвт зан чанарын илүү ихийг хардаг. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгож байгаа учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн ханамжуулж чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас би одоо ч сэтгэл хангалуун биш байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгөх чадваргүй байсан; би үүнээс хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход, би Танд маш их өртэй мэт санагдаж байгаа бөгөөд зөвхөн энэ мөчийг ашиглан бүх алдаагаа болоод Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөөс өөр сонголтгүй.”
Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, дадлага туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэсэн илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнэтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ нь л амьдрал бөгөөд Петртэй адил хүн болох болно. Чи эерэг тал руу идэвхтэйгээр ороход төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү тодорхой, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи өөрийгөө, энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд, олж авч чадашгүй үнэн гэж үгүй ба бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи амьдралаа хэрхэн өнгөрүүлэх ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү агуу зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн мэдрэхийг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөрсдөдөө хааш яаш хандах ёсгүй. Чамайг анзаараагүй байхад л амьдрал чинь урсаад өнгөрнө; түүний дараа чамд Бурханыг хайрлах ийм боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй! Хүн болохын хувьд, Бурханыг эрэлхийлдэг хүний хувьд чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгохоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгахаа болон нэгэнт чи Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай эргэцүүлэх чадвартай байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, мөн ирээдүйд алхах замаа эргэцүүлэн үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн нь хүнийг алагчилж үзэх үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл, энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол, энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэх хүсэл тэмүүлэлтэй бол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг хүлээн зөвшөөрдгүйгээс болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чадахгүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит байдлыг мушгин гуйвуулсан гэж итгэдгээс болдог; хэрвээ чи олон жил эрж хайсан ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийн төлөө гэсэн мөс чанар байхгүй бөгөөд чи амийг хөөн зайлуулдгаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсан бол энэ нь, гэрэл чам дээр тусах боломжгүй байдгаас биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнэгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэл хайгуул; энэ нь чиний гүйцэтгэх ёстой үүрэг юм. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл хангалуун байвал, чи гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, жудгийг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлэх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба чамд эрж хайх ямар ч зорилго байхгүй бол чи амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
Өөрийнх нь ажлын шаардлагын улмаас, түүнчлэн хүний хэрэгцээний улмаас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба зөвхөн ийм маягаар л Бурханыг гэсэн хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн дүүрэн итгэсэн боловч өчүүхэн төдий хүндрэл тулгарахад та нар асуудалд ордог; та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр, та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, та нар Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг боловч ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэсэн тийм их хайр та нарт байдаггүй; та нарын мэдлэг хэтэрхий өнгөц бөгөөд биеийн хэмжээ чинь одоо ч хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нарт мөн л гэрчлэл байхгүй, та нарын оролтын хэтэрхий багахан нь л санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэх тухай та нар огт мэддэгүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд ердөө Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг боловч тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, мөн өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тэд тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс нь хэвийн хүн чанарыг эзэмшээд зогсохгүй, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас ч илүү өндөр үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад өөрсдийн мөс чанарыг ашиглаад зогсохгүй, түүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам агаад хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, хүнээр хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн Бурханыг хайрлахаас өөр аргагүй байдгийг тэд харсан. Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь өөрсдийн хувийн хүсэл тэмүүллийг биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд зөвхөн Бурханы талаарх мэдлэгээсээ болж Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс, Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгаснаар л сэтгэл нь ханадаг. Тэд Бурханд болзол тавьдаггүй, мөн Бурханыг хайрлах хайраа дараах мөс чанараар хэмждэггүй: Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол, би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй. Төгс болгуулсан хүмүүс, Бурхан бол Бүтээгч бөгөөд Тэр бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг, мөн төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх бидэнд байгаа тул өөрсдийнх эрэл хайгуул нь утга учиртай амьдралыг амьдран харуулах явдал байх ёстой ба Түүнийг хангалуун болгох ёстой гэж үргэлж итгэдэг. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад би үргэлж Таныг санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн, би хэтэрхий сул дорой, хүч чадалгүй, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Таны төлөө гэсэн миний чин сэтгэл хэтэрхий хомс билээ. Таны хайртай харьцуулбал би ердөө амьд байхад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, цаашлаад өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг билээ. Зөвхөн Таныг хангалуун болгож чадвал, бүтээл болохын хувьд би сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч, Таны сургамжийг би мартахгүй, мөн Таны хайрыг мартахгүй. Одоо би Таны хайрын ачийг хариулахаас өөр юу ч хийхгүй байна. Өө Бурхан минь, надад тун таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайраа би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би хэрхэн чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлэх чадвартай байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөж чадах вэ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстой гэдгээ би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстой гэдгээ би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн билээ. Надад хүч чадал өгөхийг, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би илүү их ариун хайрыг Танд зориулах чадвартай болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болно; би Таны хайрыг хариулаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болоод бүр илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулах чадвартай болно. Таны хайрыг харах боломжийг Та надад олгосон ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таныг яахин мартаж чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч гэсэн, Та маш агуу учраас би Таны хайрыг хангах чадваргүйгээ мөн мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэл ийм байсан ч түүний биеийн хэмжээ хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид, зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагдсан ба тэсэхийн аргагүй өвдөж байсан; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй, эсвэл чадах бүхнээ хэрхэн хийхээ, байгаа бүхнээ хэрхэн өгөхөө, байгаа бүхнээ Танд хэрхэн зориулахаа мэдэхгүй. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгснөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед миний дотор үргэлж гомдол дургүйцэл байдаг ба ариун байдалд хүрэх, эсвэл Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан маань аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч илүү үзэн ядаж байна”. Бурханыг гэсэн илүү ариун хайрыг эрж хайж байсан учраас Петр ингэж залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйн мөргөж байсан ба түүнээс гадна тэр өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Бурханд өртэй мэт түүнд санагдаж, өөрийгөө үзэн ядсан хэдий ч тэр бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдлын дор Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн агуу байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан түүнээс бүгдийг эргүүлэн авах нь зүйтэй бөгөөд Бурхан Өөрийн хүссэн хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харж чадсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан, “Өнөөдөр би, өөрийн мөс чанарыг ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл хангалуун байх ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харах чадваргүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулах чадвартай болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтах чадвартай байж, Таны ариун нэрийг дээдлэн магтах ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэрчлэхээр бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш нандин бөгөөд гайхалтай сайхан; би муу нэгний гарт амьдрахыг хэрхэн хүсэх юм бэ? Би Танаар бүтээгдээгүй гэж үү? Би Сатаны эзэмшил дор хэрхэн амьдарч чадах юм бэ? Үүний оронд бүхий л оршихуй маань Таны гэсгээлтийн дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би муу нэгний эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна. Би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөхөд бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг, түүний эзэмшил дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ дамжуулан Та Өөрийн зөвт зан чанараа илэрхийлвэл би аз жаргалтай байгаа ба өчүүхэн төдий ч гомдол алга. Хэрвээ би бүтээлийн үүргээ биелүүлэх чадвартай бол миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулах болно.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба илүү өндөр түвшинд хүрсэн. Тэр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ мөн биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр барахгүй, бас мөс чанарын стандартыг даван гарч чадсан. Түүний залбирал Бурханы өмнө үргэлжлүүлэн очсоор байсан, түүний хүсэл тэмүүлэл илүү өндөр болсон ба Бурханыг гэсэн хайр нь бүр ч илүү их болсон. Хэдий тэр шаналгаат зовлон зүдгүүрийг туулсан ч, Бурханыг хайрлахаа огтхон ч мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохыг эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: Таны хайрыг эргүүлэн төлөхөөс өөр юуг ч би хийж чадаагүй. Би Сатаны өмнө Таныг гэрчилж чадаагүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялахын тулд, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, тийнхүү Таны хүслийг ханамжуулахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөхгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ. Тэр энэ талаар эрж хайх тусам, түүний сэтгэл төдий чинээ хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам их болсон. Өөрийн мэдэлгүйгээр тэр, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлөх ёстой ба Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөллийг давж, бие махбодын зугаа цэнгэл, таашаалаас өөрийгөө чөлөөлж, Бурханы гэсгээлт болоод Түүний шүүлтийн аль алийг нь илүү гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр, “Хэдийгээр би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч, хэдийчинээ зовсон ч гэсэн би Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй байна, Сатаны ов мэхэнд зовохыг ч хүсэхгүй байна. Би Таны хараал дунд амьдрахыг баяр хөөрөө болгодог ба Сатаны адислал дунд амьдрахыг зовон шаналал гэж үздэг. Таны шүүлтэн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг ариусгахын төлөө, тэр ч байтугай намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжин дор байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөхийг илүүд үзэх болно. Би Сатаны эзэмшил дор ганц хором ч амьдрахыг хүсэхгүй; би зовлон зүдгүүр туулж, Танаар ариун болгоолахыг хүсдэг ба Сатанд ашиглуулж, хууртахыг хүсэхгүй байна. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эзэмшил дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдрахын оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргал цэнгэлгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Хэдий Таны нигүүлсэл надтай хамт байгаагүй ч гэсэн, би Таны гэсгээлт, шүүлтийг баяр жаргалаа болгодог; энэ нь Таны хамгийн дээд ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн би Таныг хангалттай хайрлаж чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, би Танаар хараалгаж, шийтгүүлж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эзэмшил дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг хүсэхгүй, тэр ч байтугай махан биеийн төлөө амьдрахыг хүсэхгүй” гэсэн юм. Петрийн ийм хайр бол цэвэр хайр байв. Энэ нь төгс болгуулах дадлага туршлага, энэ нь төгс болгуулах хамгийн өндөр түвшин бөгөөд энэ л хамгийн утга учиртай амьдрал юм. Тэр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба Петрт үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байгаагүй. Тэр хэлэхдээ, “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүгээр би ивээл, таашаал ба ерөөлөө богодог. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эзэмшил дор амьдрах байсан, одоо ч гэсэн түүгээр хянуулж, түүгээр удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол, би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй байсан ба өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан. Хэдийгээр Бурхан намайг ерөөхгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч, хэдийгээр Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас хол байгаагүй ч, Бурханы гэсгээлт, шүүлтээс би Түүний зөвт зан чанарыг харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнэтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч гэсэн би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн ариусгаж чадна, намайг өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, мөн Бурханы төлөөх миний хайрыг илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны эзэмшлээс холдуулж, Сатанд үйлчлэхээ болиулдаг. Сатаны эзэмшил дор амьдрахгүй байж, өөртөө байгаа бүхнийг болоод өөрийн чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулах чадвартай байх үед—тэр үед л би бүрэн сэтгэл хангалуун болох болно. Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Би Газар дээр амьдрах нь Сатаны эзэмшил дор амьдрач байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эзэмшил дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан билээ. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар ариусгагдаж чадна. Бурханы хатуу ширүүн үг ба зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар би агуу хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Ариусгагдах боломжтой байх, өөрийгөө Сатанаас чөлөөлөх, Бурханы ноёрхол дор амьдрах—энэ бүхэн нь өнөөдрийн миний амьдрал дах хамгийн агуу ерөөл юм” гэсэн. Энэ нь Петрийн туршлагын хамгийн өндөр түвшин билээ.
Төгс болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой нөхцөл байдал нь энэ юм. Хэрвээ чи энэ зэрэгт хүрч чадахгүй бол утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Хүн бие махбод дотор амьдрах нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэж байв. Зөвхөн Бурханы гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүн сэрж чадах ба махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилга бат хүнийг Сатаны эзэмшлээс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд амьдрах боломжийг хүнд олгодог. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон сахилгажуулалт оноож байсан ч гэсэн Та намайг орхин яваагүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны надад өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт ба шүүлт юм; цаашлаад энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр энэ нь зовлонгийн амьдрал юм.” Петр бие махбодын зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Амьдралдаа хэрвээ хүн ариусгагдаж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, Бурханы цохилтыг өөрөөс нь хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны жолоодлого болон эзэмшлээс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны эзэмшил дор амьдардаг ба махан биед оршин байдаг; хэрвээ тэр ариусгагдахгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол бүр ч илүү доройтох болно. Хэрвээ Бурханыг хайрлахыг хүсвэл ариусгагдаж, аврагдах ёстой. Петр залбирахдаа, “Бурхан минь, Та надад элэгсэг хандах хандах үед би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч илүү их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой агаад үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг биелүүлж чаддаггүй учраас би мэгшин уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг эдэлж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэр огторгуйг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг авсан. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн ариусгагдахгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байсан. Хэдийгээр би зуу зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн тийм зовлон[a] нь, Таныг үнэхээр мэдэж авч, хамгийн дээд авралыг олж авахад намайг хүргэсэн. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт болон сахилга бат намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор, харанхуйд амьдрах байлаа. Хүний бие махбод ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол, Таны сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Хэрвээ Та надад өвчин өгч, миний эрх чөлөөг авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна, гэвч Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр дэндүү гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй бөгөөд Таны хайрыг алдвал би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Та надад хэлээч, би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг яаж орхиж чадах юм бэ? Санаа амраасан хэдхэн үг ч гэлээ, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсэж, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; Та хэлээч, би Таныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох чадвартай гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан” гэж хэлсэн юм.
Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрсөн, өөрийгөө Сатаны эзэмшлээс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир, эсвэл үнэ цэнэгүйгээр, бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэнэ байхгүй. Хүн, Сатаны эзэмшлээс өөрийгөө чөлөөлж чадах үнэнийг олж авах чадваргүй билээ. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны эзэмшлийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүн энэ нууцыг нээж олсон, маш цөөн хүн үүнийг хөндсөн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны хууран мэхлэх эзэмшлээс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа биш гэж үү? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай бохир заваан, дуулгаваргүй гэдгээ мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амар амгалан мэдрэмж нь дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Энэ амар амгалан мэдрэмж дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүн бүгд хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөлөл дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан биеийг иддэг. Газар дээр, чи үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн ариусгагдахгүй бол бүр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол Сатаны хоригдол хэвээр үлдэх болно; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөллийн дарлалаас зугатах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай юм. Хэрвээ чиний оюун санаа, болон бодол ариусгагдахгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдэхгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшилд байж, оюун санааг чинь Сатан захирч, бодлыг чинь Сатан жолоодож, бүх оршихуй чинь Сатаны гарт байдаг. Чи одоо Петрийн стандартаас хэчнээн их хол байгаагаа мэдэж байна уу? Чи хэв чанартай юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг чи эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ чи махан биеийн амар тайвныг, махан биеийн зугаа цэнгэлийг хөөвөл ариусгагдах ямар ч аргагүй болох ба эцэст нь чи Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амийг эрж хайдаггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй ба Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөллөөс зугтаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар тэд хянуур ханддаггүй ба шашинд итгэгчдийн адилаар зүгээр л ёс заншил сахиж, шүтэн мөргөдөг. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудын талаар ноцтой ханддаггүй, үнэн рүү орохыг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй бол, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа чи Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтээс үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьвол төгс болгуулах боломжтой болно. Төгс болгуулах хүмүүсийн хувьд, байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; байлдан дагуулагдсныхаа дараа л хүн төгс болгуулах ажлыг туулж мэдэрч чадна. Хэрвээ чи зөвхөн байлдан дагуулагдах үүргийг биелүүлдэг бол тийм ч их үнэ цэнэтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад ч тохирохгүй. Сайн мэдээ түгээгдэх үед чи хувь нэмрээ оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, сайжруулахаар зорьдоггүй, иймээс чамд амийн ямар ч бодит дадлага туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан байж болно, гэхдээ хэрвээ чи Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу биш бол мэдээж чамд зан чанарын өөрчлөлтийн туршлага гэж алга. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийж, ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэдий асар их зовлон шаналал туулсан ч би Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан, Түүний гэсгээлт, шүүлт намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан ба аврагдаж чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанарыг эдэлж, Түүний зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг өнөөдөр би харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд, хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг ба цаашлаад агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж аваагүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байх нь миний хувьд ерөөл билээ.” Энэ нь, төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс нь Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшсэн хүмүүс юм. Хэрвээ хүн эцэст нь хүртэл мэдэрч туулах юм бол Бурханы шүүлтийн үеэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс бүрмөсөн ангижруулж, Бурханаар авахуулах нь гарцаагүй.
Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч хангинасан гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулаагүй байдаг. Чи хоёр дахь авралыг олж аваагүй; зүгээр л нүглийн тахилыг олж авсан, гэхдээ хараахан төгс болгуулаагүй—энэ нь ямар их хохирол билээ. Та нар юунд орох ёстойгоо, юуг амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээр лүү орох ёстой. Хэрвээ эцэст нь төгс болгуулж чадахгүй бол чи жинхэнэ хүн болохгүй ба харамслаар дүүрэх болно. Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл тэд Сатаны эзэмшлийн саад тотгоргүй, Сатаны хоргүй байсан ба бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдарч байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хор болоод Еховагаас урвах хүсэлтэй болсон ба тэд Сатаны эзэмшил дор амьдарсан. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; энэ л хүн юм. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны эзэмшил дор амьдарсан. Тэднийг Сатан аажмаар завхруулж, тэд хүний анхдагч дүр төрхийг алдсан. Эхэн үедээ хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдал байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч хорон муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм: Түүний бодол ёрын муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулж мэдэрсэн боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдардаг ба одоо ч Бурханд захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн бие махбодын зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, илэрхийлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс юм—тэд бол аврагдаагүй хүмүүс юм. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн, Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахаар зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Та нар Бурханыг олж авах нь Бурханаар авхуулахын төлөө байдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе нь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Ариусгагдах үед та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан хүний дүр төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи Еховагийн амьсгалгүй хүн, иймээс чи бол ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх чадвартай ч, олж авсан зүйл чинь өчүүхэн аврал бөгөөд чи сүнстэй амьд хүн болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт амссан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, эсвэл өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба ариусгагдсан хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнэтэй бөгөөд зөвхөн тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан. Нэг өдөр, хэн нэгэн чамаас ингэж асуух болно, “Чи Бурханы ажлыг мэдэрч туулсан, тиймээс Түүний ажил ямархуу талаар жаахан яриад өгөөч. Давид Бурханы ажлыг туулж, Еховагийн үйл хэргийг харсан, Мосе ч гэсэн Еховагийн үйл хэргийг харсан бөгөөд тэд Еховагийн үйл хэргийг дүрслэх чадвартай байсан, Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадаж байсан. Та нар бие махбодтой болсон Бурханы хийсэн ажлыг харсан; Түүний мэргэн ухааны талаар чи ярьж чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар чи ярьж чадах уу? Бурхан та нараас юу шаардсан бэ, та нар тэдгээрийг хэрхэн мэдэрч туулсан бэ? Та нар эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг туулсан; та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ талаар ярьж чадах уу? Та нар Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуулттай тулгарах үедээ чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи, “Бурхан бол маш зөвт, Тэр биднийг гэсгээж шүүдэг ба биднийг өршөөлгүйгээр ил болгодог. Бурханы зан чанар хүний зөрчлийг үнэхээр тэвчдэггүй. Бурханы ажлыг туулж мэдэрснийхээ дараа бид бол араатан шиг байдаг гэснийг би мэдэж авсан ба Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлэхэд тэр бас чамаас, “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Амь руу орох тухайд хүн яг хэрхэн хийх вэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асууна. Чи, “Сатанаар завхруулагдсаныхаа дараа Бурханы бүтээлүүд араатан болсон ба илжигнээс өөрцгүй байсан. Өнөөдөр, би Бурханы гарт амьдардаг, иймээс би Бүтээгчийн хүслийг биелүүлж, Түүний заасан бүхнийг дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж хариулна. Хэрвээ чи ийм тодорхой бус ярих юм бол бусад хүн юу хэлж байгааг чинь ойлгохгүй. Бурханы ажлын талаар чамд ямар мэдлэг байгааг асуух үедээ тэд, чиний хувийн дадлага туршлагыг хэлж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсны дараа энэ талаар ямар мэдлэгтэй болсныг чинь тэд асууж байгаа, үүгээрээ тэд хувийн туршлагыг чинь хэлж байгаа ба, үнэний талаарх мэдлэгээсээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол өнөөдрийн ажлын талаар юу ч мэддэггүйг чинь энэ нь баталдаг. Чи дандаа тодорхойгүй будилсан, эсвэл нийтээрээ мэддэг зүйлсийг л ярьдаг; чамд нарийн тодорхой туршлага байдаггүй, тэр ч бүү хэл мэдлэгт чинь мөн чанар байхгүй, чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй бол бусад хүн чамд итгэхгүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, сонин чамин зүйлсийг бүү эрэлхийл. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө хохироож, амиа саатуулах болно. Чи тийм идэвхгүй зогсонги байдлаасаа салж, эерэг зүйлсийг эрэлхийлж, сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж чадна. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал хамгийн том хүндрэл бэрхшээл чинь биш. Харин чиний тэр халуун ч биш, хүйтэн ч биш, үнэнийг эрж хайдаггүй зүрх сэтгэл чинь чиний хамгийн том хүндрэл бэрхшээл, хамгийн том дутагдал юм. Та бүхний хамгийн том хүндрэл бэрхшээл бол байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байж, идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Миний хэлдэг үг маш гүн гүнзгий учраас л чи дуулгавартай дагадаг, тэгвэл чи үнэнийг үнэхээр мэддэг хүн биш, мөн үнэнийг нандигнан эрхэмлэдэг хүн биш. Чинийх шиг дуулгавартай байдлыг гэрчлэл гэж үздэггүй ба Би тийм дуулгавартай байдлыг чинь хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж болох юм. Чи, “Түүний мөн чанар бол гэсгээлт ба шүүлт” гэж хариулна. “Бурхан хүнд энэрэл нигүүлслээ хайрладаг биш үү? Чи үүнийг мэдэх үү?” Тэгэхэд чи, “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан, энэ бол манай Бурхан биш” гэж хариулах болно. Чам шиг хүмүүс сайн мэдээг түгээх үед үнэн замыг бүр гуйвуулдаг, тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс яаж үнэн замыг чамаас олж авах юм бэ? Чи үнэнгүй бөгөөд үнэний талаар юу ч ярьж чадахгүй, цаашлаад үнэнийг амьдран харуулж ч чадахгүй. Чи Бурханы өмнө амьдрахад хир тохирох вэ? Сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай ярих үедээ, Бурханыг гэрчлэхдээ хэрвээ чи тэднийг няцааж чадахгүй бол тэд чиний үгийг няцаах болно. Чи хог хаягдал болох биш үү? Чи Бурханы ажлын маш ихээхнийг туулсан боловч үнэний талаар тодорхой ойлгомжтой ярьж чадахгүй хэвээр үлддэг бол чи ямар ч хэрэггүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нар Бурханы ажлыг маш их туулсан мөртөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь тэд асуухад чи хэлэх ч үггүй болж, эсвэл үүнтэй хамаагүй зүйл ярьж аргалдаг—Бурхан бол сүр хүчтэй, чиний хүлээн авсан агуу ерөөлүүд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, Бурханыг биечлэн харахаас илүү агуу азтай хэрэг гэж үгүй гэх мэтээр хариулдаг. Ингэж хэлэхэд ямар үнэ цэнэ байна вэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг туулчихаад чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэдгийг л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой ба зөвхөн тэр үед л чи Бурханд жинхэнэ гэрчлэл хийж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс Бурханыг яаж гэрчилж чадах юм бэ?
Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүр гутамшигт автах болно. Тэр үед чи Бурханд маш их өртэйгээ, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдрэх болно. Хэрвээ чи өнөөдөр Түүнийг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлэхгүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлан өгөхдөө юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд маш ашигтай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, харин энэ бохир заваан газарт, шаварт бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдаж, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнээ гүтгэн гүжирдэж, Бурханаас эмээхээ больсон, хүний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь хэтэрхий олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг ариусгаж чадахгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил нь Сүнсний хийдэг зүйлийн дагуу хэрэгждэг. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; бусад хүмүүс Бурханыг хайрлахаар эрж хайж үнэн болоод амийг олж авах чадвартай байхад чиний итгэл Бурханы зөвшөөрлийг ч олж авах чадваргүй. Оронд нь чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон, Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлхээр эрж хайхын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрж хайхгүй бол, “Би Бурханыг сайтар дагачихсан бол, Түүнийг сайтар сэтгэл хангалуун байлгачихсан л бол. Би өөрийн амь зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон л бол. Би тэр үед Бурханд захирагдах чадваргүй байсандаа, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн байхад би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэгээд тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно, тэгээд тэр үед чи цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи өөртөө түвэг удаж байгаа биш гэж үү? Өнөөдөр, хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд ямар ч илүүц зүйл байхгүй. Ийм их ажил, ийм их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдэх үнэ цэнэгүй гэж үү? Бурханы гэсгээлт ба шүүлт чиний сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны эзэмшил дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зоридоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, эсвэл өчүүхэн төдий ч зовлон шаналал байж болохгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнэгүй зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаа байна бэ? Үнэнийг эрж хайдаггүй, харин оронд нь махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй байгаа юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Чи хэтэрхий тэнэгээс болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, ариусахыг зорьдоггүй ба хүний амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал нь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдарч, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү? Үнэн замыг чамд өгсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан ба хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж уу? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг Өөрийн зөвт зан чанараар шүүдэг, гэсэн ч хүнд тавьдаг Миний шаардлагуудад тохирох нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн байх нь хамаагүй. Чиний чадвар хэчнээн их, хэчнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн үгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагаж байвал тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгийг дагасан бол Миний зөвшөөрдөг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж чи хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч Түүний зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгвэл Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдана” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэд Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлтийн бөгөөд мууг үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдох ба Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. Тухайн үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн ч оюун санаандаа тэр, “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, энэ нь тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Бурханы зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал байхгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгэгдэнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе, авралын ажил төгсгөлдөө очиж, хүнийг аврах ажил цаашид явагдахаа больж, нүгэл үйлддэг хүн бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн, “Бурхан Өөрийнх нь хажууд байнга байдаг хүн нэг бүрийг санадаг. Би бол тэр ах эгч нарын нэг ба Бурхан бидний хэнийг ч мартаж чадахгүй. Биднийг Бурхан гарцаагүй төгс болгоно. Тэр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс Бурхантай байнга нүүр тулгардаг биднээс гарцаагүй цөөхөн байх болно; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал уу? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр алга!
Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л ашиглуулж чадаагүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдагдах уу, эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талаас товойлгон харуулсан юм. Хүн амьтай байж, зан чанар нь өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсэж байна вэ? Чи алинд нь хүрэхийг хүсэж байна вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийн хэдийг нь чи эзэмшсэн бэ? Алийг нь эзэмшээгүй вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн чи дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү биш үү? Чи гэсгээлт, шүүлтээр дамжин хамгаалагдахыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи ариусгагдахыг зорьдог, тэгвэл чи гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг ариусгасан уу? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр дүнд хүрсэн үү? Чи өнөөдрийн маш их ажл—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд асар их ашиг тустай гэж чамд санагдаж байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу, эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи Түүний гэсгээлт, шүүлтээр ариусгагдсаныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа гол илрэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадахгүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, түүнчлэн бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас уу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь Гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа ариусгагдаж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрж хайх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг хайрлахыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд үр нөлөө үзүүлсэн үү? Чамд Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чи Бурханаас жаахан ч эмээдэггүй, тэр ч байтугай чамд мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний ярьдаг үгэнд, чиний амьдралд Бурханыг хайрлах ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь зүгээр л түүний амнаас гарах үг байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн залбирч чаддаг хүн үү? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, зөвхөн материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний амьд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр ариусгагдаж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, ариусгагдахыг хүсвэл төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?
No comments:
Post a Comment