2019/04/12

ТӨГС БОЛГУУЛСАН ХҮМҮҮС Л УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЧАДНА

ТӨГС БОЛГУУЛСАН ХҮМҮҮС Л УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЧАДНА

ТӨГС БОЛГУУЛСАН ХҮМҮҮС Л УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ ЧАДНА

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлтүүд нь бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг мэдэж авч чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлт хэдий чинээ их байна, хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрж чадна. Туйлын их ялзарсан, хамгийн гүн гүнзгий мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд тэнгэр байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг лав мэддэггүй; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахин мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахин мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахин мэдэж чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.

Махан бие, тансаглах хүсэл, шунал, хүсэл тачаал чинь та нарын дотор хэтэрхий гүн шингэсэн байдаг. Эдгээр зүйл зүрх сэтгэлийг чинь маш тогтмол хянаснаар энэхүү үеэ өнгөрөөсөн, дорой бодлынхоо дөнгийг хөсөр хаяхад та нар хүчин мөхөстдөг. Та нар одоогийн нөхцөл байдлаа өөрчилж, харанхуйн нөлөөнөөс зугтахаар эрмэлздэггүй. Та нар зүгээр л эдгээр зүйлд хүлэгдсэн байдаг. Та нар ийм амьдрал хэтэрхий зовлонтой, ийм дэлхий ертөнц хэтэрхий харанхуй гэдгийг мэдлээ ч гэсэн ийм төрлийн амьдралыг өөрчлөх зориг бүр ганцад чинь ч байдаггүй. Та нар ийм төрлийн бодит амьдралаас зугтаж, сүнсээ ариусгалын ертөнцөөс чөлөөлж, амар амгалан, аз жаргалтай, диваажин мэт орчинд амьдрахыг л хүсэн тэмүүлдэг. Та нар одоогийнхоо амьдралыг өөрчлөхийн тулд хүндрэл бэрхшээл амсах хүсэлгүй байдаг; мөн энэ шүүлт, гэсгээлт дотроос өөрсдийн орох ёстой амьдралыг хайхыг ч хүсдэггүй. Үүний оронд та нар махан биеэс давсан үзэсгэлэнт дэлхий ертөнцийн тухай бүхэлдээ бодит байдлаас тасарсан мөрөөдлийг мөрөөддөг. Та нарын хүсэн тэмүүлдэг амьдрал бол ямар ч зовлон шаналал туулалгүй, амархан олж авч чадах амьдрал юм. Энэ чинь тэр аяараа бодит байдлаас тасархай! Учир нь та нарын хүсэж найддаг зүйл бол махан биед утга учиртай амьдралыг амьдран харуулж, амьдрах хугацаандаа үнэнийг олж авах биш, өөрөөр хэлбэл үнэний төлөө амьдарч, шударга ёсны төлөө зогсох явдал биш юм. Энэ нь та нарын гэгээлэг, нүд гялбам амьдрал гэж тооцох зүйл биш. Энэ нь тансаг хээнцэр, утга учиртай амьдрал биш байх юм шиг та нарт санагддаг. Та нарын хувьд ийм амьдралаар амьдрах нь өөрсдөдөө шударга бус хандаж байгаа хэрэг болно! Хэдийгээр өнөөдөр та нар энэ гэсгээлтийг хүлээн зөвшөөрдөг ч, эрэлхийлж байгаа зүйл чинь үнэнийг олж авах биш, одоо үнэнээр амьдрах ч биш, харин хожим нь махан биеэс давсан аз жаргалтай амьдралд орох чадвартай байхын төлөө байдаг. Та нар үнэнийг эрж хайхгүй байна, үнэний төлөө зогсохгүй байна, бас яавч үнэний төлөө оршихгүй байна. Та нар өнөөдрийн оролтын төлөө эрэлхийлдэггүй, оронд нь “нэг өдөр”-ийн талаар байнга бодож, хөх тэнгэрийг ширтэн, гашуун нулимс урсгаж, нэг л өдөр тэнгэрт хүргүүлэхээр хүлээж байгаа. Ийм бодол чинь аль хэдийн бодит байдлаас тасарсан гэдгийг та нар ойлгохгүй байна уу? Энэ дэлхий дээр бэрхшээл, зовлон туулсан чамайг авч явахаар цаглашгүй элэгсэг, энэрэнгүй Аврагч нэг л өдөр гарцаагүй ирнэ, мөн Тэр хохирч, дарлагдсан чиний өшөөг эргэлзээгүй авна гэж та нар бодсоор л байдаг. Чи нүгэл хилэнцээр дүүрэн биш гэж үү? Чи энэ дэлхий дээр зовж шаналсан цорын ганц хүн гэж үү? Чи өөрөө Сатаны эзэмшилд унаж зовсон, гэсэн ч чиний өшөөг Бурхан авч өгөх хэрэгтэй гэж үү? Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй хүмүүс бүгд Бурханы дайсан биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бол антихристүүд биш гэж үү? Сайн үйл хэрэг чинь юуны төлөө байдаг вэ? Тэдгээр нь Бурханыг шүтэн мөргөдөг зүрх сэтгэлийг чинь орлож чадах уу? Чи зүгээр л зарим нэг сайн үйл хийснээр Бурханы ерөөлийг хүртэж чадахгүй, чамайг хохирч, дарлагдсан гээд л Бурхан чиний эсрэг буруу зүйлсийн өшөөг авч өгөхгүй. Бурханд итгэдэг атлаа Бурханыг мэддэггүй, гэхдээ сайн үйл хийдэг хүмүүс—тэд бүгд бас гэсгээгддэггүй гэж үү? Чи ердөө л Бурханд итгэж, өөрийн чинь эсрэг хийсэн буруу үйлийн өшөөг авхуулах, цагаатгуулах төдийхнийг л Бурханаас хүсэж, Бурхан чамайг гаслангаас чинь ангижруулаасай гэж хүсдэг. Гэвч чи үнэнд анхаарал хандуулахаас татгалздаг; үнэнийг амьдран харуулахыг ч хүсдэггүй. Энэ хэцүү бэрх, хоосон амьдралаас зайлсхийж бүр ч чаддаггүй. Оронд нь чи махан бие дэх амьдрал, нүгэлт амьдралаараа амьдарч байхдаа гомдлыг чинь барагдуулж, оршин тогтнолын чинь мананг сарниулахыг Бурханаас найдвар тээн хүлээдэг. Яаж тэгж болдог юм бэ? Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж болно. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл болж болно. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж болно. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж болно. Бурхан өөрсдийгөө л хайрладаг Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Өөрийг нь хайрлаж, бэрхшээл, зовлонг туулдаг хүмүүсийг баттай цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст яаж сайн сайхан байдал байх юм бэ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал бүгд үнэнтэй хамаатай байдаг биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаг биш гэж үү? Үнэнийг хайрладаггүй, илжирсэн цогцос төдий хүмүүс—энэ бүх хүн ёрын мууг өвөрлөдөг биш гэж үү? Үнэнээр амьдрах чадваргүй хүмүүс—тэд бүгд үнэний дайсан биш гэж үү? Тэгвэл та нар ямар вэ?

Хэрвээ чи өөрийгөө эдгээр бохир зүйлээс салгаж, харанхуйн нөлөөнөөс мултарч, ариун болж чадвал үнэнийг эзэмшдэг гэсэн үг. Уг чанар чинь өөрчлөгдсөн юм биш, харин чи үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ хаях чадвартай байгаа л хэрэг юм. Энэ нь цэвэрлэгдсэн хүмүүст байдаг зүйл юм. Байлдан дагуулах ажлын гол зорилго гэвэл хүнд үнэнийг эзэмшүүлэхийн тулд хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал, учир нь хүн одоо хэтэрхий бага үнэнийг ойлгодог билээ! Энэ хүмүүст байлдан дагуулах ажлыг хийх нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Та нар бүгд харанхуйн нөлөөнд автаж, гүн гүнзгий хорлогдсон. Тэгвэл энэ ажлын зорилго нь хүний уг чанарыг мэдэх, улмаар үнэнээр амьдрах боломжийг та нарт олгоход оршдог. Төгс болгуулна гэдэг бол бүх бүтээгдсэн зүйлийн хүлээн зөвшөөрөх ёстой зүйл юм. Хэрвээ энэ үе шатны ажил нь хүмүүсийг төгс болгох явдлыг агуулдаг бол үүнийг Англи, Америк юм уу, Израильд хийж болох байсан; ямар ч үндэстний хүмүүс дээр хийж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шилж сонгодог. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных байдаг; түүнчлэн үүнийг Сатаныг шившиглэх, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглах болно. Энэ нь эхний байлдан дагуулах ажил юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа л хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар, дуурайл нь хамгийн хол хоцорч, хамгийн харанхуйд амьдарч байгаа нэгэн, мөн хамгийн их доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй хүн байх ёстой. Энэ бол байлдан дагуулагдах талаар гэрчилж чадах хүн юм. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах явдал. Нөгөө талаар, хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах явдал юм. Байлдан дагуулагдсаных нь дараа хүмүүст гэрчлэлтэй байх боломж олгохын тулд энэхүү байлдан дагуулах ажлыг энд, та нар шиг хүмүүс дээр оноосон. Зорилго нь гэвэл байлдан дагуулагдсаных нь дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан энэ хүмүүсийг Сатаныг шившиглэх зорилгод хүрэхэд ашиглах болно. Тэгвэл, байлдан дагуулалтын гол арга барил юу вэ? Гэсгээлт, шүүлт, хараах болон илчлэх—хүмүүсийг байлдан дагуулахын тулд зөвт зан чанарыг ашиглаж, ингэснээр тэд Бурханы зөвт зан чанараас үүдэн бүрмөсөн үнэмшдэг. Байлдан дагуулагдах гэдэг нь хүмүүсийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлэхийн тулд үгийн бодит байдал, эрх мэдлийг ашиглахыг хэлдэг. Төгс болгуулсан хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зүгээр ч нэг дуулгавартай болоод зогсохгүй бас шүүлтийн ажлын талаар мэдлэгтэй болж, зан чанараа өөрчилж, Бурханыг мэдэж чадна. Тэд Бурханыг хайрлах замыг туулж, үнэнээр дүүрсэн байдаг. Тэд Бурханы ажлыг хэрхэн туулахаа мэддэг, Бурханы төлөө зовж чаддаг бөгөөд өөрсдийн гэсэн хүсэлтэй байдаг. Төгс болгуулсан хүмүүс бол Бурханы үгийг туулсныхаа ачаар үнэний талаар бодит ойлголттой болсон хүмүүс юм. Байлдан дагуулагдсан хүмүүс бол үнэнийг мэддэг боловч үнэний бодит утга учрыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа тэд дуулгавартай байдаг ч, тэдний дуулгавартай байдал нь бүгд хүлээж авсан шүүлтийнх нь үр дүн байдаг. Олон үнэний бодит утга учрын талаар тэд ямар ч ойлголтгүй явдаг. Тэд аман дээрээ үнэнийг хүлээн зөвшөөрдөг боловч үнэнд ороогүй байдаг; үнэнийг ойлгодог боловч үнэнд туршлагажаагүй байдаг. Төгс болгуулсан хүмүүст хийгдэж байгаа ажилд гэсгээлт, шүүлт болон амийн хангалт багтдаг. Үнэнд орохыг анхаарал тавьдаг хүн бол төгс болгуулах хүн юм. Төгс болгуулах хүн, байлдан дагуулагдах хүн хоёрын ялгаа нь үнэнд орох эсэхээс нь хамаардаг. Үнэнийг ойлгодог, үнэнд орсон, үнэнээр амьдарч байгаа хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс юм; үнэнийг ойлгодоггүй, үнэнд ордоггүй, өөрөөр хэлбэл үнэнээр амьдрахгүй байгаа хүмүүс бол төгс болгуулж чадахгүй хүмүүс билээ. Ийм хүмүүс одоо бүрэн дуулгавартай байж чадвал байлдан дагуулагдана. Хэрвээ байлдан дагуулагдсан хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол—үнэнийг дагадаг боловч үнэнээр амьдардаггүй бол, үнэнийг харж, сонсдог боловч үнэнээр амьдрахыг үнэлдэггүй бол—тэд төгс болгуулж чадахгүй. Төгс болгуулах хүмүүс нь төгс болох замын дагуу үнэнийг хэрэгжүүлдэг, өөрөөр хэлбэл төгс болгуулах зам дахь үнэнийг хэрэгжүүлдэг. Үүгээр дамжуулан тэд Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд төгс болдог. Байлдан дагуулах ажил дуусахаас өмнө эцсийг нь хүртэл дагадаг хэн боловч байлдан дагуулагдсан нэгэн юм, гэвч түүнийг төгс болгуулсан нэгэн гэж хэлж болохгүй. Төгс болгуулсан хүмүүс гэдэг нь байлдан дагуулах ажил дууссаны дараа үнэнийг эрэлхийлж, Бурханаар авхуулах чадвартай хүмүүсийг хэлдэг. Энэ нь байлдан дагуулах ажил дууссаны дараа гай гамшигт бат зогсож, үнэнийг амьдран харуулдаг хүмүүсийг хэлдэг. Төгс болгуулах, байлдан дагуулагдах хоёрыг ялгадаг зүйл нь ажлын алхмын ялгаа болон хүмүүсийн үнэнийг ойлгож, үнэнд ордог түвшний ялгаа юм. Төгс байдлын замд ороогүй бүх хүн, өөрөөр хэлбэл, үнэнийг эзэмшдэггүй хүмүүс нь эцэстээ мөн л таягдан хаягдана. Үнэнийг эзэмшдэг, үнэнээр амьдардаг хүмүүс л Бурханаар бүрэн авхуулж чадна. Өөрөөр хэлбэл, Петрийн дүр төрхийг амьдран харуулдаг хүмүүс нь төгс болгуулсан хүмүүс байхад бусад нь бүгд байлдан дагуулагдсан хүмүүс юм. Байлдан дагуулагдаж байгаа бүх хүнд хийгддэг ажил нь хараах, гэсгээх, уур хилэнг харуулах төдийхнөөс бүрддэг бөгөөд тэдэнд очдог зүйл нь ердөө л хараал болон зөвт байдал билээ. Ийм хүн дээр ажиллах нь шулуухан илчлэх явдал—дотор нь байгаа ялзарсан зан чанарыг илчлэх, ингэснээр тэр өөрөө үүнийгээ ойлгож, бүрэн үнэмших болно. Хүнийг бүрэн дуулгавартай болмогц байлдан дагуулах ажил дуусдаг. Ихэнх хүн үнэнийг ойлгох гэж эрж хайхгүй байгаа ч гэсэн, байлдан дагуулах ажил дууссан байх болно.

Төгс болгуулна гэвэл биелүүлэх ёстой шалгуур гэж бий. Чи шийдэмгий байдал, няцашгүй зориг, мөс чанараараа болон эрэл хайгуулаараа дамжуулан амийн талаар зарим туршлагатай болж, Бурханы хүслийг биелүүлж чадах болно. Эдгээр нь чиний оролт бөгөөд төгс байдлын замд шаардагддаг зүйл юм. Төгс болгох ажлыг бүх хүн дээр хийж болно. Бурханыг эрэлхийлдэг хэн боловч төгс болгуулж болох ба төгс болгуулах боломж, бололцоотой. Үүнд ямар ч тодорхойлолт байхгүй. Хүний төгс болгуулж чадах эсэх нь юу эрж хайдгаас нь үндсэндээ шалтгаалдаг. Үнэнийг хайрладаг, үнэнээр амьдрах чадвартай хүмүүс төгс болгуулах чадвартай гэдэг нь гарцаагүй юм. Харин үнэнийг хайрладаггүй, Бурханаар сайшаагддаггүй хүмүүс Бурханы шаарддаг амийг эзэмшдэггүй. Энэ хүмүүс төгс болгуулж чадахгүй. Төгс болгох ажил нь зөвхөн хүмүүсийг олж авахын төлөө байдаг болохоос Сатантай тулалдахын төлөө байдаггүй; байлдан дагуулах ажил нь зөвхөн Сатантай тулалдахын төлөө байдаг бөгөөд Сатаныг ялахын тулд хүмүүсийн байлдан дагуулалтыг ашиглана гэсэн үг юм. Энэ нь үндсэн ажил бөгөөд бүх эрин үед хэзээ ч хийгдэж байгаагүй хамгийн шинэ ажил билээ. Ажлын энэ үе шатны зорилго нь үндсэндээ бүх хүнийг байлдан дагуулах болон Сатаныг ялахын төлөө юм гэж хэлж болно. Хүмүүсийг төгс болгох ажил—энэ бол шинэ ажил биш юм. Бурхан махбодод ажиллаж байх үеийн бүх ажил нь хүмүүсийг байлдан дагуулах үндсэн зорилготой. Энэ нь Нигүүлслийн эрин үеийнхтэй ижил. Цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аврах нь үндсэн ажил байсан. “Хүмүүсийг олж авах” нь махбод дахь ажлын нэмэлт байсан бөгөөд цовдлолын дараа л хийгдсэн юм. Есүс ирж, Өөрийн ажлыг хийх үедээ гол төлөв үхэл болон Үхэгсдийн орны хүлээсийг ялан дийлэх, Сатаны нөлөөг дийлэх, өөрөөр хэлбэл, Сатаныг ялахад Өөрийн цовдлолыг ашиглах зорилготой байсан юм. Есүсийг цовдлогдсоны дараа л Петр төгс болох замаар алхам алхмаар урагшилж эхэлсэн. Мэдээж тэр Есүсийг ажиллаж байх үед Есүсийг дагадаг хүмүүсийн дунд байсан боловч тухайн хугацаанд төгс болоогүй юм. Харин Есүс ажлаа дуусгасны дараа Петр аажмаар үнэнийг ойлгож, дараа нь төгс болсон. Бие махбодтой болсон Бурхан газар дээрх хүмүүсийн дунд урт удаан амьдарч, тэднийг зориудаар төгс болгох гэж бус, харин ажлын чухал, шийдвэрлэх үе шатыг богино хугацаанд гүйцэлдүүлэхийн тулд л газар дээр ирдэг. Тэр ийм ажил хийдэггүй. Тэрээр ажлаа дуусгахын тулд хүн бүрэн төгс болох үеийг хүлээдэггүй. Энэ нь бие махбодтой болсон Түүний зорилго, ач холбогдол биш юм. Тэрээр хүн төрөлхтнийг төгс болгох маш урт хугацааны ажлыг бус, хүн төрөлхтнийг аврах богино хугацааны ажлыг л хийх гэж ирдэг. Хүн төрөлхтнийг аврах ажил нь бэлгэдэлтэй, шинэ эрин үеийг эхлүүлэх чадвартай ба богино хугацаанд дуусгаж болдог. Харин хүн төрөлхтнийг төгс болгох ажил нь хүнийг тодорхой түвшинд хүргэхийг шаарддаг ба урт хугацаа зарцуулдаг. Энэ ажлыг Бурханы Сүнс хийх ёстой, гэхдээ махбод дахь ажлынх нь үеэр энэ нь Түүний ярьдаг үнэний суурин дээр хийгддэг. Эсвэл Тэр хүн төрөлхтнийг төгс болгох зорилгодоо хүрэхийн тулд, урт хугацаанд хариулах ажлыг хийх элч нарыг нэмж бий болгодог. Бие махбодтой болсон Бурхан энэ ажлыг хийдэггүй. Тэр хүмүүсийг ойлгог гэж амийн замын тухай л ярьж, үнэнийг хэрэгжүүлэхэд нь хүмүүсийг тасралтгүй дагалдахын оронд хүн төрөлхтөнд зөвхөн үнэнийг өгдөг, учир нь Түүний үйлчлэл дотор энэ байдаггүй юм. Иймээс хүн үнэнийг бүрэн ойлгож, бүрэн олж авах өдрийг хүртэл Тэрээр хүнийг дагалдахгүй. Хүн амийн үнэний зөв замд албан ёсоор орж, төгс болгуулах зөв зам руу алхах үед махбод дахь Түүний ажил дуусдаг. Мэдээж энэ нь бас Түүний Сатаныг бүрмөсөн ялж, дэлхий ертөнцийг ялан дийлсэн байх үе юм. Тэрээр, хүн тухайн үед үнэнд үнэхээр орсон эсэхийг, мөн хүний амь том, жижиг байгаа эсэхийг анхаардаггүй. Эдгээрийн аль нь ч махбод дахь Түүний хариуцах ёстой зүйл биш; эдгээрийн аль нь ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэл дотор байдаггүй. Тэр зорьсон ажлаа дуусгамагцаа махбод дахь ажлаа дуусгадаг. Иймээс бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь зөвхөн Бурханы Сүнсний шууд хийж чаддаггүй ажил юм. Түүнчлэн энэ нь газар дээрх урт хугацааны ажил биш, харин богино хугацааны авралын ажил юм.

Та нарын хэв чанарыг өсгөх нь Миний ажлын цар хүрээнд багтдаггүй. Хэв чанар чинь хэтэрхий дорд байгаа учраас л үүнийг хийгээч гэж Би та нараас хүсдэг. Үнэндээ энэ нь төгс болгох ажлын нэг хэсэг биш; харин та нар дээр хийгдэж байгаа нэмэлт ажил юм. Өнөөдөр та нар дээр гүйцэтгэж байгаа ажлыг хэрэгтэй зүйлийн чинь дагуу хийдэг. Энэ нь хүн бүрийн онцлогийг харгалздаг бөгөөд төгс болгуулж буй хүн болгоны орох ёстой зам биш юм. Та нарын хэв чанар өмнө нь төгс болгуулсан хэн бүхнийхээс дорд учраас энэхүү ажил та нар дээр ирэх үедээ хэтэрхий олон саадтай тулгардаг. Төгс болгуулах байнууд өөр өөр учраас Би та нарын дунд энэхүү нэмэлт ажлыг хийж байна. Ердийн үед Бурхан газар дээр ирэх үедээ өөр ажил хэрэгт хэт их сатааралгүйгээр Өөрийн ажлыг гүйцэтгэх явцуу хүрээнд оршдог. Тэрээр гэр бүлийн асуудал, хүмүүсийн амьдралд оролцдоггүй. Тэр иймэрхүү жижиг сажиг зүйлсэд огтхон ч санаа тавьдаггүй; эдгээр нь Түүний үйлчлэлийн нэг хэсэг биш юм. Гэвч та нарын хэв чанар Миний шаардсанаас долоон дор—огт харьцуулах аргагүй бөгөөд энэ нь ажилд туйлын их түвэг учруулдаг. Үүнээс гадна, энэ ажлыг Хятадын энэ газар нутаг дахь хүмүүсийн дунд хийх ёстой. Та нар маш боловсрол муутай болохоор боловсролтой болохыг шаардахаас өөр сонголт Надад байдаггүй. Энэ нь нэмэлт ажил гэдгийг Би та нарт хэлсэн, гэхдээ энэ нь бас та нарт байх ёстой зүйл, төгс болгуулахад чинь ач тустай зүйл юм. Үнэндээ та нар юун түрүүнд боловсрол, биеэ хэрхэн авч явах тухай үндсэн мэдлэг, амьдралын тухай үндсэн мэдлэг олж авах ёстой; Би эдгээр зүйлийн талаар та нарт ярьж байх ёсгүй. Гэвч та нарт эдгээр зүйл байдаггүй юм хойно, дараа нь Би та нарт тэдгээрийг нэмэх ажлыг хийхээс аргагүй байдаг. Та нар Миний тухай олон үзэл өвөрлөдөг ч гэсэн, Би бас л та нараас үүнийг шаардаж, хэв чанараа өсгө гэж шаардсаар л байдаг. Ирээд энэ ажлыг хийнэ гэдэг бол Миний санаа зорилго биш, учир нь Миний ажил бол ердөө л та нарыг байлдан дагуулах, та нарыг шүүснээрээ бүрэн итгэл үнэмшлийг чинь олж авах, улмаар та нарын орох ёстой амийн замыг зааж үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Би та нарыг үгээрээ байлдан дагуулах хэрэг байгаагүй бол та нарын хэр боловсролтой, амьдралын талаар мэдлэгтэй эсэх нь Надад огт хамаагүй байх байсан юм. Энэ бүхэн нь, байлдан дагуулах ажлаас гарах үр дүнг баттай болгохын тулд, мөн та нарыг ирээдүйд төгс болгуулахын төлөө нэмэж байна. Энэ нь байлдан дагуулах ажлын алхам биш юм. Та нар дорд хэв чанартай, залхуу, хайнга, мунхаг, ухвар мөчид, үхээнц бөгөөд усан тэнэг учраас—та нар хэтэрхий хэвийн бус учраас—Би та нараас эхлээд хэв чанараа өсгө гэж шаарддаг. Төгс болохыг хүссэн хэн боловч тодорхой шалгуурт тэнцэх ёстой. Төгс болохын тулд хүн эрүүл, саруул ухаантай байж, утга учиртай амьдралаар амьдрахад бэлэн байх ёстой. Хэрвээ чи дэмий амьдралаар амьдрахыг хүсдэггүй, үнэнийг эрэлхийлдэг, хийдэг бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг маш хэвийн хүн чанартай нэгэн бол төгс болох шалгуурыг хангаж байна.

Ямар ажил хийх хэрэгтэй байгаагийн дагуу та нарын дундах энэ ажлыг та нар дээр гүйцэтгэж байна. Энэ хувь хүмүүсийн байлдан дагуулалтын дараа бүлэг хүмүүс төгс болгуулна. Тиймээс одоогийн ажлын ихэнх нь бас та нарыг төгс болгох зорилгод бэлдэж байгаа, яагаад гэвэл үнэнээр өлсөж байгаа, төгс болгуулж чадах хүмүүс олон байдаг. Байлдан дагуулах ажлыг та нар дээр явуулж, дараа нь өөр ажил хийхгүй бол үнэнийг хүсэн тэмүүлдэг зарим хүмүүс үүнийг олж авч чадахгүй биш үү? Одоогийн ажил нь хожим хүмүүсийг төгс болгох замыг нээхээр зорьдог. Хэдийгээр Миний ажил ердөө л байлдан дагуулалт боловч Миний ярьсан амийн зам нь ямартай ч хожим нь хүмүүсийг төгс болгох бэлтгэл юм. Байлдан дагуулалтын дараах ажил нь хүмүүсийг төгс болгоход чиглэдэг, иймээс төгс болгуулах суурийг тавихын тулд байлдан дагуулалтыг хийдэг. Хүн байлдан дагуулагдсаныхаа дараа л төгс болж чадна. Яг одоо үндсэн ажил бол байлдан дагуулах явдал; хожим нь үнэнийг эрж хайж, үнэнийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгох болно. Төгс болгуулах нь хүмүүсийн оролтын эерэг талуудыг хамардаг: Чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй юу? Энэ замаар алхахад чиний туршлагын гүн нь ямар байсан бэ? Бурханыг хайрлах хайр чинь хэр ариун бэ? Үнэнийг хэрэгжүүлэх чинь хэр үнэн зөв байдаг вэ? Төгс болгуулахын тулд хүн, хүн чанарын бүх талын тухай үндсэн мэдлэгтэй байх ёстой. Энэ нь үндсэн шаардлага юм. Байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулж чадахгүй бүх хүн, зан чанар нь өөрчлөгдөөгүй, Сатанд харьяалагддаг хэвээр байдаг тул хүчин зүтгэгч болж, эцэстээ гал болон хүхэрт нуурт ч хаягдан, ёроолгүй нүхэнд ч мөн унах болно. Хэрвээ хүнд төгс болгуулах нөхцөл шаардлага дутмаг бол тэр хүн хэрэгцээгүй—тэр бол хог шаар, хэрэгсэл, галын шалгалтыг тэсвэрлэж чадахгүй зүйл юм! Бурханыг гэх хайр чинь яг одоо хэр агуу вэ? Өөрийгөө үзэн ядах сэтгэл чинь хэр их вэ? Чи Сатаны тухай үнэндээ хэр их мэдэх вэ? Та нар шийдвэрээ бат бөх болгосон уу? Та нарын хүн чанарын амьдрал сайн зохицуулагдсан уу? Та нарын амьдрал өөрчлөгдсөн үү? Та нар шинэ амьдралаар амьдарч байгаа юу? Амьдралыг үзэх үзэл чинь өөрчлөгдсөн үү? Хэрвээ эдгээр зүйл өөрчлөгдөөгүй бол чи ухарч няцахгүй байлаа ч гэсэн, төгс болгуулж чадахгүй; оронд нь чи ердөө л байлдан дагуулагдсан байна. Чамайг турших цаг болоход чамд үнэн дутагдаж байдаг, хүн чанар чинь хэвийн бус бөгөөд чи яг л адгуус мал шиг дорд байдаг. Чи ердөө л байлдан дагуулагдсан, Надаар байлдан дагуулагдсан л нэгэн байсан. Илжиг эзнийхээ ташуурын амтыг үзмэгцээ айдастай болж, эзнээ харах болгондоо адайрлахаас эмээдэг шиг, чи ч гэсэн ийм номхорсон илжиг юм. Хэрвээ хүнд эдгээр эерэг тал хомс, харин идэвхгүй, айдастай, бүх зүйлд хулчийж, ухарч няцдаг, аливааг тодорхой ялган таньж чаддаггүй, үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй, одоо ч гэсэн хэрэгжүүлэлтийн замгүй, Бурханыг хайрлах зүрх сэтгэл бүр ч байхгүй бол—хэрвээ хүн, хэрхэн Бурханыг хайрлах, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах, хэрхэн жинхэнэ хүн байх талаар ямар ч ойлголтгүй бол—ийм хүн яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Амьдрал чинь өчүүхэн үнэ цэнтэй, чи бол номхорсон илжигнээс цаашгүй гэдэг нь үүнээс харагддаг. Чи байлдан дагуулагдсан боловч энэ чинь ердөө л чи агуу улаан лууг хаясан, эзэмшилд нь захирагдахаас татгалздаг гэсэн үг; энэ нь чи Бурхан байдагт итгэдэг, Бурханы бүх төлөвлөгөөг дуулгавартай дагахыг хүсдэг ба ямар ч гомдолгүй байдаг гэсэн үг юм. Гэхдээ эерэг талууд дээр, чи Бурханы үгийг амьдран харуулж, Бурханыг илэрхийлэх чадвартай юу? Эдгээрийн аль нь ч үгүй бол чи Бурханаар авхуулаагүй, зүгээр л номхорсон илжиг гэсэн үг юм. Чамд хүсүүштэй зүйл юу ч байхгүй бөгөөд Ариун Сүнс чиний дотор ажилладаггүй. Хүн чанар чинь хэтэрхий дутуу дулимаг бөгөөд Бурханы хувьд чамайг ашиглах боломжгүй юм. Чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, үл итгэгч араатнууд болон амьд үхдэлүүдээс зуу дахин илүү байх ёстой—энэ түвшинд хүрсэн хүмүүс л төгс болгуулахад тохирдог. Хүн чанартай, мөс чанартай байвал л хүн Бурханаар ашиглуулахад тохирно. Төгс болгуулсан үед чинь л та нарыг хүн гэж тооцож болно. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс л бүр ч илүү хангинасан байдлаар Бурханыг гэрчилж чаддаг

No comments:

Post a Comment