2019/11/12

ХҮН ЗӨВХӨН БУРХАНЫ УДИРДЛАГА ДУНД АВРАГДАЖ ЧАДНА

Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч холбоогүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь хүн бүхэнд танил бус санагддаг. Энэхүү удирдлага нь гагцхүү Бурханы ажил, Бурханы өөрийнх нь хэрэг гэж тэд боддог, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагыг хайхардаггүй. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгээс өөр юу ч биш. Аврагдаж, сайхан хүрэх газарт орохын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдгийг нь сонирхдоггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд гүйцэтгэх ёстой үүргээ ч тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэтэл хүн Бурханы удирдлагын талаар юу ч анхаардаггүй учраас Бурханаас улам холддог. Иймд бүтээл гэж юу болох, Бурханд итгэх гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй хүмүүс ч улам олноороо Бурханы дагагч болж байна. Тэгэхээр энд бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагагч бүр Бурханыг дагах болон Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд зөвхөн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас зайлсхийх, эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд явах ёстой замаа илүү чамбай сонгох боломжтой болно.

Хэдийгээр Бурханы удирдлага нь хүний хувьд маш гүнзгий мэт санагдаж магадгүй боловч хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүн төрөлхтнийг аврах ажилтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газарт хамааралтай. Хүмүүсийн дунд болон хүн дээр Бурханы хийдэг ажлыг маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба огт хийсвэр биш. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрч чадахгүй юм бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага хүнийг яаж авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдах төдийд тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй, эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл тэдгээрийг хүлээн зөвшөөрвөл зохих нандин зүйл гэж үздэггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэг зорилго байдаг нь ерөөл хүртэх бөгөөд тэд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн зүйтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгыг нь биелүүлж үл чадах юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ сольж, өөрсдийн зорьж байсан чиглэлээ хүртэл өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн хүслэнт байдлыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд гуйвшгүй зүтгэж, үхлээс айхгүй зогсдог. Ямар хүч тэднийг ийм байдлаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, жудагтай байдал уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх тэдний шийдэмгий байдал уу? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл хувийн хэтэрсэн шаардлагаа үргэлж тэвчсэн тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэдээгүй хүмүүсийн хувьд тийм их хүчин чармайлт гаргах гэдэг бол үнэхээр л ер бусын гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн их чармайлт гаргасныг хэлэлцэхээ түр больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэх нь тун зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй хүмүүс Бурханы төлөө маш ихийг зориулах чадвартай байх нь тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна өөр шалтгаан байж чадах уу? Энэ хүртэл яриад бид, өмнө нь хүн бүхэн таниагүй нэг асуудлыг илрүүлсэн байна: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд хайр байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн холбохын аргагүй ангал байдаг. Нөхцөл байдал ийм түвшинд хүрэхэд хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үедээ, хүн болон Бурханы хоорондох харилцаа нь хэчнээн ичгэвтэр, муухай болсныг төсөөлж чадах хүн байхгүй гэдэгт Би итгэдэг.

Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагыг гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авахаа тооцоолж байдагт оршдог. Хүмүүс өөрсдийнхөө хэчнээн арчаагүй, өөдгүй, өрөвдмөөр гэдгийг ойлгодог ч гэсэн өөрсдийн хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах хэдэн хүн байх билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Өөрийнх нь удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүс шаардлагатай; харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, жаахан юм өгчихөөд хариу шан хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад түүндээ санаа нь амардаг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба зөвхөн тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар ярихыг л хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг завшдаг хүмүүст Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар энэ хүмүүс хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж, ерөөл хүртэж чадах талаар л санаа тавьдаг. Өөрсдийнх нь ирээдүй болон хувь заяа тэдний бодлыг бүрэн эзэмдсэн байдаг тул Бурханы зүрх сэтгэлийг огт хайхардаггүй. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг болон Түүний хүслийн талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс бүгдээрээ Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас хараат бусаар дуртай зүйлээ хийж байна. Тэдний үйлдлийг Бурхан санадаггүй, мөн сайшаадаггүй, тэр ч бүү хэл таалан хардаггүй.

Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангадаг болсон. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, нуухын аргагүй айдас, арчаагүй байдлаас нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зөвхөн энгийн нүдээр харж чадах, тархи ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж зүрх сэтгэлээ мэдээ алдуулсаар байдаг, гэсэн ч энэ нь учир битүүлэг зүйлсийг шинжлэн судлахаас хүн төрөлхтнийг болиулж чаддаггүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч, нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үе нь ч мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж, буцдаг. Энэ нь ялгаагүй бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Тэр хүн төрөлхтөнд Өөрийн оршин байгааг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд эргэн очуулна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу, нүд цавчихын төдийд, эсвэл нэг хоёр жилд хийгддэггүй бөгөөд хүн оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйлс, хоол болон хүн төрөлхтний амьдрах орчин зэрэг илүү их юм бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үүний дараа Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь яваандаа эхний эрин үеийн Бурханы ажил бий болсөн: Хуулийн эрин үеийн түүх… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасаж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээг сахиж амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдсан хэвээр байж, тэр ч байтугай зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч гэсэн Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон…

Бурхан Өөрийнхөө ажлыг хийхдээ үргэлж нэг газраас сэмээрхэн орхиж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт чимээгүйхэн хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс Бурхан ямар ч шинэ ажил хийхэд бүр эхнээс нь төгсгөл хүртэл нь бүх зүйлийн дотроос зөвхөн хүн хамгийн сүүлд үүнийг мэддэг.

Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа Бурхан үргэлж хийдэг ёсоороо хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махбод авч, өөрөөр хэлбэл, бие махбодтой хүн болж арав, хорин жилийн турш итгэгчдийн дунд ярьж, Өөрийн ажлыг хийсэн. Гэсэн ч бүгдээрээ, хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүн л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь, үхэн үхтэлээ Бурхантай дайсагнадаг Паул хэмээх нэгэн гарч ирсэн. Цохигдож, элч болсныхоо дараа ч Паулын хуучин уг чанар өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн ба тэрээр Бурханыг эсэргүүцэх замаар алхсан юм. Тэр ажиллаж байх хугацаандаа олон захидал бичсэн; харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн таашаан үзсэнээр зогсохгүй Шинэ Гэрээнд эмхэтгэж оруулсан ба тэдгээрийг Бурханы хэлсэн үгтэй андуурсан байна. Энэ нь Судар бий болсноос хойш тохиолдсон үнэхээр том гутамшиг юм! Энэ алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын тэмдэглэлд Бурханы ажил, үг гэж тооцуулахын тулд хүний захидал буюу сүнслэг бичээсийг ер нь оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ эдгээр нь бидний сэдэвт хамаарахгүй учраас бид анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц—цовдлолын дараа—хүнийг нүглээс буцаан авах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймд тэр мөчөөс эхлэн хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрвөл нүгэл нь уучлагддаг. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад байхаа больсон ба Сатан хүнийг буруушаах өө сэв байхаа больсон. Үүний учир нь, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх ба урьдач загвар болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсных юм. Ийм байдлаар энэ нүгэлт бие махбодын дүр болох Бурханы махбодын ачаар хүн загалмайнаас бууж, золин аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад илүү нэг алхам ойртсон. Мэдээж, ажлын энэ үе шат нь Бурханы удирдлага байсан ба Хуулийн эрин үеэс ахьсан алхам, мөн Хуулийн эрин үеэс илүү гүнзгий түвшнийх байлаа.

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны дураар ялзруулдаг. Дараа нь хүн Бурханыг бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг, учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, хэдэн мянган жилийн турш хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг ч мэддэггүй. Яагаад гэвэл, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг хүний эгэл нүд харж чаддаггүй. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүй. Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил Хүн төрөлхтөн үү? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж, харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан, Сатан хоёрын тэмцэлддэг бүтээгдэхүүн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхийн зэрэгцээ хүн төрөлхтнийг Сатаны гараас алхам алхмаар буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд улам ч ойр болдог…

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үед ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь, хүн Бурханд ойр очих тусам Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтөн золин аврагдсаны дараа албан ёсоор Бурханы гэрт буцаж очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг болсон гэж хүн бодсон боловч Бурханы шууд ширүүн дайралтад өртсөн, энэ бол хэний ч урьдчилан төсөөлөөгүй зүйл юм. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм хандлага дор хүмүүс, би бол олон жил төөрсөн хурга бөгөөд Бурхан намайг буцааж худалдан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Бурхан Өөрийн аргаар намайг шоолж, намайг илчиж байна гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрдэг… Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болдоггүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, тэр өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байна, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр байна. Энэ нь хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл хамааран, Бурханы хийсэн ажлын тусламж, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23

No comments:

Post a Comment