“Бурхан, ‘газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг араатан амьтад бий болог’ гэсэнд тэр нь Түүний хэлснээр бий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв” (Эхлэл 1:24-25). Энэ нь ямар амьд биетүүдийг хамарч байна вэ? Сударт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавьж болон газрын зэрлэг амьтад гэж байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьд биетүүд бий болоод зогсохгүй мөн тэдгээр нь төрөл төрлөөрөө ангилагдсан ба түүнчлэн “Бурхан харахад тэр нь сайхан байв.”
Бүтээгчийг үгээ хэлэнгүүт
Өмнөх таван өдрийнхтэй адил хэмнэлтэйгээр зургаа дахь өдөр нь Бүтээгч Өөрийн хүссэн амьд биетүүдийг бий болохыг тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч Өөрийн эрх мэдлийг үзүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болоогүй ба иймээс зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьд биет бүр тогтоосон хугацаанд гарч ирсэн юм. Бүтээгчийг “газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог” хэмээн хэлэнгүүт газар дэлхий амьдралаар дүүрч, газар дээр бүх төрлийн амьд биетүүдийн амьсгал гэнэт гарч ирсэн… Зүлэгтэй ногоон тал хээр газар тарган үхэрнүүд сүүлээ нааш цааш хөдөлгөн, ээлж дараалан бий болж, майлж буй хоньд сүрэглэн бэлчиж, морьд янцгаан давхиж эхэлсэн… Тэр даруй анир чимээгүй өргөн уудам ногоон тал амьтдаар дүүрсэн… Эдгээр янз бүрийн мал амьтдын илрэлт нь амар тайван ногоон тал дахь үзэсгэлэнтэй дүр зураг байсан бөгөөд хязгааргүй эрч хүчийг авчирсан… Тэдгээр нь хээр талын хань, хээр талын эзэн байсан ба бүгд бие биенээсээ хамааралтай байсан; иймээс тэд энэ газар шорооны хамгаалагч, манаач болох байсан ба энэ нь тэдний байнгын амьдрах газар болж, тэднийг хэрэгтэй бүхнээр нь, тэдний оршин тогтнолд зориулсан мөнхийн хоол тэжээлийн эх үүсвэрээр хангах байсан юм…
Тухайн өдөр Бүтээгчийн үгийн улмаас эдгээр янз бүрийн мал амьтад бий болж, үй олон шавж хорхой ээлж дараалан гарч ирсэн. Хэдийгээр тэд бүх бүтээлийн дундаас хамгийн жижигхэн амьд биетүүд байсан боловч тэдний амьдралын хүч нь мөн л Бүтээгчийн гайхамшигтай бүтээл байсан бөгөөд тэд тийм ч их оройтож бий болоогүй… Зарим нь өөрсдийн жаахан далавчийг дэвж байхад бусад нь аажмаар мөлхөж байсан; зарим нь дэвхэрч, харайж бусад нь найган ганхаж байсан; зарим нь урагш шаламгай хөдөлж байхад зарим нь хурднаар ухарч байсан; зарим нь хажуу тийш хөдөлж байхад бусад нь өндөр нам үсэрч байсан… Бүгд өөрсдийн гэр орныг олохоор хичээн завгүй байлаа: Зарим нь зүлэг рүү шигдэн орж, зарим нь газар нүхлэхээр зүтгэж, зарим нь мод руу нисэж, ой шугуйд нуугдаж байсан… Хэмжээ нь хэдийгээр жижиг ч гэсэн тэд гэдэс хоосон байх зовлонг туулахыг хүсээгүй бөгөөд өөрсдийн амьдрах газрыг олсныхоо дараа тэд хооллохын тулд хоол хүнс эрж хайхаар яарч байв. Зарим нь зөөлөн навчийг нь идэхийн тулд өвс ногоо руу авирсан, зарим нь амаараа дүүрэн шороо үмхэж, үүгээр хооллон тун таашаал, тааламжтайгаар идэж байсан (тэдний хувьд шороо хүртэл амттай зоог нь юм); зарим нь ойд нуугдсан боловч гялалзсан хар ногоон навчин дахь ургамлын шүүс нь шүүслэг хоол болж байсан учраас тэд амрахаа болиогүй… Цадсаныхаа дараа ч гэсэн шавжнууд өөрсдийн үйл ажиллагааг зогсоогоогүй; биеийн хэмжээ нь хэчнээн жижиг ч гэсэн тэд асар их эрч хүч болон хязгааргүй хөгжлийг эзэмшиж байсан иймээс бүх бүтээлүүдээс тэдгээр нь хамгийн идэвхтэй, хамгийн шаргуу нь байсан юм. Тэд хэзээ ч залхуурч байгаагүй ба хэзээ ч амарч байгаагүй. Цадангуутаа тэд мөн л өөрсдийн ирээдүйн төлөө шаргуу хөдөлмөрлөж, маргаашийнхаа төлөө, амьд үлдэхийн төлөө өөрсдийгөө завгүй байлгаж, яаран тэвдэж байлаа… Тэд өөрсдийгөө яаруулж, урамшуулахын тулд олон янзын айзам хэмнэлт дууллыг аяархнаар аялж байсан. Тэд түүнчлэн өвс ногоо, ой мод, ямх хөрс бүрд баяр хөөр нэмж, өдөр бүр, жил болгоныг өвөрмөц болгож байсан билээ… Өөрсдийн хэл болон өөрсдийн аргаар тэд газар дээрх бүх амьд биетэд мэдээлэл дамжуулж байсан. Өөрсдийн амьдралын онцгой замналыг ашиглан тэд бүх зүйлийг тэмдэглэж,тэдгээр дээр өөрсдийн ул мөрийг үлдээсэн юм… Тэд хөрс, өвс ногоо, ой модтой дотно харилцаатай байсан бөгөөд тэд хөрс, өвс ногоо, ой модонд эрч хүч, идэвх зориг авчирч, бүх амьд зүйлд Бүтээгчийн уриалга, мэндчилгээг авчирсан…
Бүтээгчийн харц Өөрийн бүтээсэн бүх зүйлийг ширтсэн ба энэ мөчид Түүний нүд ой мод, уулс дээр тогтож, Түүний сэтгэл хөдөлж байсан. Түүнийг үгээ хэлэнгүүт өтгөн ойд болон уулан дээр өмнө нь хэзээ ч байгаагүй амьтад гарч ирсэн: Тэдгээр нь Бурханы амаар хэлэгдсэн зэрлэг амьтад байлаа. Удаан хүлээсэн тэд толгойгоо сэгсэрч сүүлээ шарваж өөрсдийн цор ганц царайг харуулан гарч ирсэн. Зарим нь үсэрхэг бүрхүүлтэй, зарим нь хуягтай, зарим нь ярзайсан соёотой, зарим нь ярзайн инээсэн, зарим нь урт хүзүүтэй, зарим нь оготор сүүлтэй, зарим нь зэрлэг нүдтэй, зарим нь аймхай харцтай, зарим нь өвс ногоо идэхийн тулд бөхийсөн, зарим нь амандаа цустай, зарим нь хоёр хөл дээрээ үсэрч, зарим нь дөрвөн туурайгаараа алхаж, зарим нь модон дээгүүр алсын бараа харж, зарим нь ой модон дотор хэвтэж, зарим нь амрах агуй хайж, зарим нь хээр талаар хөгжилдөн давхиж, зарим нь ойд гэтэн явж байсан…; зарим нь архирч, зарим нь ульж, зарим нь хуцаж, зарим нь уйлж байсан…; зарим сопран, зарим нь баргил хоолойтой, зарим нь бүх хүчээрээ дуугарч, зарим нь тод уянгалаг дуугарч байсан…; зарим нь ширүүн догшин, зарим нь хөөрхөн, зарим нь ой гутмаар, зарим нь сэтгэл татам, зарим нь аймаар, зарим нь дур булаам гэнэн байсан…; Нэг нэгээрээ тэд бий болж эхэлсэн. Тэд хэрхэн амьсгаадаж, эрх чөлөөтэй байж, бие биенээ үл хайхран, нэг нэгнээ зэрвэс ч харахгүй байсныг хар… Дор бүрнээ Бүтээгчийн тэдэнд хайрласан амийг, өөрсдийн зэрлэг, догшин байдлыг агуулан тэд ой модонд, ууланд гарч ирсэн. Хамгийн дээрэнгүй бүхэлдээ түрэмгий—тэднийг хэн уул болоод ой хөвчийн жинхэнэ эзэд болгосон бэ? Тэдний гарч ирэхийг Бүтээгч тушаасан мөчөөс эхлээд тэд ой модыг “нэхэмжилж”, уулсыг “нэхэмжилсэн”, учир нь Бүтээгч аль хэдийн тэдний хил хязгаарыг тогтоож, тэдний оршин тогтнолын цар хүрээг тодорхойлсон. Зөвхөн тэд л уулс болон ойн жинхэнэ эзэд байсан бөгөөд тиймээс ч тэд маш зэрлэг, маш дээрэнгүй байсан юм. Тэднийг “зэрлэг амьтан” хэмээн нэрийдсэн нь бүх бүтээлүүдээс тэд үнэхээр зэрлэг, галзуу, сургах боломжгүй байсанд оршино. Тэднийг сургах боломжгүй байсан иймээс тэднийг хүмүүжүүлж болохгүй, тэд хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдарч чадахгүй эсвэл хүн төрөлхтний өмнөөс хөдөлмөрлөж чадахгүй байсан. Тэднийг сургах боломжгүй байсан учраас тэд хүн төрөлхтний төлөө ажиллаж чадахгүй мөн тэд хүн төрөлхтнөөс хол зайтай амьдрах хэрэгтэй болсон ба тэдэнд хүн ойртох боломжгүй байсан. Тэд хүнээс хол амьдарч, хүмүүс тэдэнд ойртох боломжгүй байсан учраас тэд Бүтээгчийн тэдэнд хайрласан үүрэг буюу уулс болон ойг хамгаалах үүргээ биелүүлэх чадвартай байсан. Тэдний зэрлэг байдал уулсыг хамгаалж, ой модыг манаж байсан бөгөөд энэ нь хамгийн сайн хамгаалалт, тэдний оршин тогтнол болон үржлийн баталгаа байсан. Үүний зэрэгцээ тэдний зэрлэг байдал нь бүх зүйлийн дундах тэнцвэрийг хадгалж, барьж байсан. Тэд гарч ирсэн нь уулс болон ой модонд тусламж дэмжлэг, түшиг тулгуурыг авчирсан; тэд гарч ирсэн нь зэлүүд хоосон уул, ой модонд хязгааргүй их эрч хүч, идэвх нэмсэн. Энэ үеэс эхлээд уулс болон ой мод тэдний байнгын амьдрах газар болсон бөгөөд тэд өөрийн гэр орныг хэзээ ч алдахааргүй болсон, учир нь уул болон ой нь тэдний төлөө бий болж, оршин тогтносон ба зэрлэг амьтад өөрсдийн үүргээ биелүүлж, тэдгээрийг сахин хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ. Иймээс, өөрсдийн газар нутгийг хамгаалж, Бүтээгчийн бий болгосон бүх зүйлийн тэнцвэрийг хадгалахын тулд өөрсдийн зэрлэг догшин угийн чанараа үргэлжлүүлэн ашигладаг ба Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг харуулахын тулд зэрлэг амьтад Бүтээгчийн зааврыг чанд хатуу мөрдөх юм.
“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс
Цааш нь унших:
Мөхөж буй чуулганаас жинхэнэ чуулган руу (Хоёрдугаар хэсэг)
No comments:
Post a Comment