Хамтран зүтгэгчдийн цуглаан дээр Ван Вэй, Ма Тао, Ху Жи нар Библи судлан сууцгаав.
Ван Вэй инээмсэглэн, бүлгийнхэндээ ийнхүү хэллээ: “Хамтран зүтгэгчид ээ, эхлээд судраас хоёр эшлэл уншицгаая. Эзэн Есүс ‘Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна’ (Мтай 4:17). ‘Тэр цаг биелж, Бурханы хаанчлал ойрхон байна: гэмшиж, сайн мэдээнд итгэцгээ’ (Марк 1:15) хэмээсэн байдаг. Бурханы хаанчлалд орохыг хүсвэл Бурханд нүглээ улайж, гэмших ёстой гэдгийг бид Эзэний үгээс харж болно. Гэвч бид Эзэнд олон жилийн турш итгэж, нүглээ Түүнд байнга улайдаг боловч нүгэл үйлдэх чадвартай хэвээр байгаа бөгөөд нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт амьдардаг шүү дээ. Бид жинхэнэ гэмшил гэж юу болохыг одоо ч ойлгодоггүй болохоор нүглээс хараахан чөлөөлөгдөөгүй юм шиг байна. Иймээс жинхэнэ гэмшил гэж юу болохыг тодорхой мэдэх нь тэнгэрийн хаанчлалд ороход маань туйлын чухал юм. Өнөөдөр, энэ асуудлыг хамтдаа судалцгаая.”
Дараа нь Ху Жи тоомсорүйгээр ингэж хэлэв: “Бид Эзэн Есүсийн өмнө үнэн сэтгэлээсээ очиж, Түүнд залбирч, нүглээ хүлээн зөвшөөрч, сэтгэлээ онгойтол уйлж байгаа цагт үүнийг жинхэнэ гэмшил гэж би боддог. Энэ маягаар байнга нүглээ улайж, гэмшиж байгаа цагт бид Эзэний уучлалыг хүртэн, Түүнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадна.”
Ван Вэй үл ялиг хөмсөг зангидан, “Гэхдээ бид маш олон жил ийм маягаар залбирч, нүглээ улайж, Эзэний өмнө гэм буруугаа тунгааж, гашуун нулимс унагалаа шүү дээ. Харин бодитой зүйлтэй тулгарах мөчид бид өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр байдаг. Түүнчлэн яг адилхан нүглээ ахин дахин үйлддэг. Эзэн эргэж ирэх үедээ үргэлж нүгэлд амьдардаг биднийг хаяж, зайлуулах вий гэж би үнэхээр их санаа зовж байна” хэмээн няцаав.
Ма Тао толгой дохин, ийнхүү хэлэв: “Би ч гэсэн урьд нь энэ талаар тунгаасан юм. Залбирахдаа байнга сэтгэлээ онгойтол уйлж, Эзэнд нүглээ улайна гэдэг нь Эзэнд нүглээ улайж, гэмших хүсэлтэйг маань л харуулдаг гэж би бодож байна. Гэхдээ энэ нь жинхэнэ гэмшлийг бүрдүүлэх эсэх нь хэрхэн хэрэгжүүлдэг, мөн бодитой өөрчлөлт гаргадаг эсэхээс маань шалтгаалдаг. Жишээ нь, хулгайч юм хулгайлж байгаад баригдах юм бол гэмээ хүлээн зөвшөөрч, бусад хүний өмчийг дахин хэзээ ч хулгайлахгүй гэж амлана. Гэхдээ ингэлээ гээд хулгайч үнэхээр гэмшин засарсан, дахин хэзээ ч хулгай хийхгүй гэсэн үг биш юм. Гэм зэмдээ түр зуур хариуцлага хүлээхээс мултарч, хууль ёсны шийтгэлээс зайлсхийхийн тулд хулгайч ихэнхдээ гэмээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг боловч ингэлээ гээд цаашид хулгай хийхийг хүсэхгүй гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд хулгай хийхгүй байж чадах юм бол энэ л хулгайчийн үнэхээр гэмшсэн гэдгийг нотолно. Бид ч гэсэн үргэлж ийм байдаг биз дээ? Хэдийгээр бид Эзэнд нүглээ үргэлж улайдаг, мөн улайж буй хандлага маань чин үнэнч харагддаг боловч хэсэг хугацааны дараа өнөөх л янзаараа нүгэл үйлдэн, нүглээ өчүүхэн ч үзэн яддаггүй, мөн жигшдэггүй. Ийм маягаар залбирч, нүглээ улайна гэдэг үнэн хэрэгтээ Бурханыг хуурахаар оролдож байгаа хэрэг бөгөөд бид Бурханы түр зуурын сахилгажуулалтаас мултарч, Эзэнээс уучлал, өршөөл эрэхийн тулд ингэдэг. Гэсэн атлаа бид өөрсдийгөө бүрмөсөн өөрчлөх ямар ч төлөвлөгөө гаргаагүй, тэгэхээр энэ яаж жинхэнэ гэмшил байж чадах юм бэ?”
Ма Таогийн нөхөрлөлийг Ван Вэй хянуур сонссон бөгөөд хэсэг зуур бодлоо. Дараа нь тэрээр ингэж хэлэв: “Ма ахын нөхөрлөлийг сонссон чинь Давид хаан гэнэт санаанд орж байна. Батшебаг хүчээр өөрийн болгож авахын тулд Давид Уриаг алахаар төлөвлөөд, садар самуун, аллага үйлдсэн. Ехова Бурхан, Давидтай ярьж, үйлдсэн нүглийг нь болон шийтгүүлнэ гэдгийг нь мэдэгдэхийн тулд Натан хэмээх эш үзүүлэгчийг илгээсэн юм. Тэр цаг үеэс хойш тэдний гэрээс илд хэзээ ч салаагүй. Давид Бурханы тунхагласан тушаалыг зөрчин, Бурханы зан чанарт халдсан гэдгээ мэдэж байв. Тэгээд муу үйл хэргээ ухаарсныхаа дараа туйлын их харуусаж, үйлдсэн нүглээ жигшсэн тул Бурханд чин сэтгэлээсээ залбиран, нүглээ улайж, гэмшсэн. Давид өтлөх үедээ хүйтнээс асар их айдаг байсан тул зарц нар нь түүний орыг дулаацуулахаар онгон охиныг сонгосон ч Давид түүнтэй бэлгийн харилцаанд ороогүй юм. Давид Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байсан, тэгээд жинхэнээсээ гэмшиж, нүглээ жигшээд зогсохгүй, бас бодитой өөрчлөлт гаргасан гэдгийг бид Давидын гэмшсэн асуудлаас харж болно. Энэ л жинхэнэ гэмшлийн илэрхийлэл шүү дээ.”
Ма Тао толгой дохин, ийн хэллээ: “Тийм ээ, Ниневегийн ард түмэн Бурханд жинхэнээсээ гэмшсэн тухай гэрчлэл ч гэсэн Библид тэмдэглэгдсэн байдаг. Эш үзүүлэгч Иона ‘Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно’ (Иона 3:4) хэмээн Бурханы үгийг дамжуулж байгааг Ниневегийн хаан сонсоод үүнд итгэж, дуулгавартай дагасан юм. Сударт ‘Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув. Тэрээр тунхаг гаргаж “Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг. Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг. Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ?” Гэв.’ (Иона 3:6–9)” хэмээн тэмдэглэсэнчлэн тэрээр хааны байр сууриа хойш тавьж, хааны нөмрөгөө тайлаад, Ниневе хотын ард түмнийг удирдан таар нөмрөн, үнсэн дээр сууж, Бурханд нүглээ улайж, гэмшсэн байдаг шүү дээ.”
Яг тэр үед Ван Вэй догдолсон байдлаар, “Ниневегийн ард түмний гэмшил гэснээс, би нэг номоос яг энэ асуудалтай холбоотой хэсгийг уншсан юм. Үүнийгээ та нарт уншиж өгье” гэв.
Ван Вэй цүнхнээсээ нэг дэвтэр гаргаж ирээд, эргүүлсээр хайж байгаа хуудсаа олж, дараа нь ийнхүү уншлаа: “Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний ардууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний ааш авир болон үйлдлүүдийн шинж чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, тэдний бүхий л үйлдлийн мөн чанар юу вэ? Тэд яагаад тэгж хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, бас бүх нүглээ хаясан. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ихэд айж, Бурхан хэлснээрээ хийх болно гэж итгэсэн учраас ийнхүү үйлдсэн юм. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон муу байдлаасаа татгалзаж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, Өөрийн шийдвэрийг өөрчилж, өөрсдөд нь тохиолдох гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйхад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж байв. Тэдний бүх ааш авираас харвал, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба яагаад удахгүй сүйрүүлэгдэх болсныг тэд ойлгож байсан юм. Энэ шалтгааны улмаас тэд бүгд үнэхээр гэмшиж, хорон муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаяхыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу үйлдлээ үргэлжлүүлэхээ больсон, мөн Ехова Бурханы үзэн яддаг тэдгээр үйлийг ч үргэлжлүүлэн үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдийнх нь дагуу өөрсдөд нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд хэзээ ч дахин Ехова Бурханыг хилэгнүүлэхгүй байж чадах л юм бол ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэ нь тэдний чин сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурмаг байгаагүй, мөн түр зуурынх ч байгаагүй” (“Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос).
Тэгээд Ван Вэй ийнхүү нөхөрлөл хийлээ: “Жинхэнэ гэмшил гэдэг нь ердөө л нүгэл, муу үйл хэргээ хүлээн зөвшөөрөх явдал биш, бас бидний нүгэлд Бурхан ямар хандлага баримталж байгааг мэдэж, нүглийнхээ мөн чанар, хор хөнөөлийг ойлгох ёстой гэдгийг энэ хэсгээс харж болно. Ингэснээр л бидний дотор Бурханыг гэх жинхэнэ хүндлэл, айдас төрдөг бөгөөд бид зүрх сэтгэлийнхээ гүнээс нүгэлдээ гэмшиж, нүглээ жигшинэ, мөн үргэлж явж ирсэн хуучин замаараа алхахаа больж, өөрчлөлт хийн, шинэ хүмүүс болж эхэлнэ—энэ л жинхэнэ гэмшил мөн. Ниневегийн ард түмнээр жишээлье. Тэд хорон муу үйл хэрэг нь Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн гэдгийг ухаарсан бөгөөд гэмшихгүй бол Бурхан өөрсдийг нь сүйрүүлнэ гэдгийг мэдсэн юм. Иймээс өндөр дээд хаанаас эхлээд хамгийн дорд эгэл ард хүртэл бүгдээрээ таар нөмрөн, үнсэн дээр сууж Бурханд гэмшсэн. Тэгээд буруу үйлдээ бүрэн дүүрэн гэмшиж эхэлсэн бөгөөд дахин хэзээ ч нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больжээ. Тэдний гэмшил жинхэнэ байсан бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүнээс гарсан юм. Гэтэл бид яав? Хэдийгээр бид үргэлж Бурханы өмнө очин гэмшиж, нүглээ улайдаг гэцгээдэг ч энэ нь ердөө л амаараа хүлээн зөвшөөрч байгаа явдал болохоос нүглээ зүрхнийхээ гүнээс жигшиж, зэвүүцэж байгаа хэрэг биш юм. Бид асуудалтай тулгарах үедээ өөрсдийн ашиг сонирхлыг л анхаарсаар байдаг бөгөөд дотоод нүгэлт уг чанарынхаа хяналт дор үйлдэж, нүглийн таашаалд шунан, ямар ч бодитой өөрчлөлт гаргадаггүй. Ийм гэмшил нь ердөө л ор нэр төдий зүйл хийж байгаа хэрэг бөгөөд Бурханы хүслээс бүрэн зөрдөг. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг бөгөөд хүн Бурханыг хуурч чадахгүй. Бид жинхэнэ гэмшлээр л дамжуулан Бурханы өршөөл, нигүүлслийг хүртэж чадна.”
Дараа нь Ма Тао чин сэтгэлээсээ ингэж хэлэв: “Бурханы удирдамжид талархъя, одоо би жинхэнэ гэмшил гэж юу болохыг тодорхой ойлголоо. Хүн нүгэлтэйгээр тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй. Эзэн Есүс: ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ (Иохан 8:34–35) гэж хэлсэн. Мөн Библийн бусад хэсэгт: ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14) гэсэн бий. Бурхан бол зөвт, ариун бөгөөд тэнгэрийн хаанчлал нүгэл үйлдэх чадвартай хэвээр байгаа хэнийг ч оруулдаггүй. Хүн амаараа хэчнээн сайн гэмшлээ ч гэсэн Бурханы магтаалыг хүртэж чаддаггүй. Нүгэлт уг чанараа хаяж, Бурханд туйлын дуулгавартай, үнэнч байж чадсанаар л хүн тэнгэрийн хаанчлалд ороход тэнцэж чадна. Бид хэдийгээр Эзэнд олон жилийн турш итгэсэн ч Бурханыг зүрх сэтгэлдээ огт хүндэлдэггүй, мөн Бурханаас эмээдэггүй. Харин ч, Эзэн бол элэгсэг, өршөөнгүй бөгөөд нүгэл үйлдэх үедээ бид Эзэнд нүглээ улайж, гэмшдэг л юм бол нүгэл маань уучлагдаж, Бурхан бидний нүглийг санахгүй бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж итгэдэг. Бидний итгэл үнэхээр будилсан гэдгийг би нөхөрлөлөөрөө дамжуулан эцэст нь ухаарлаа. Бид Эзэн рүү гараа сунган, юм гуйхаас өөрийг мэддэггүй гуйлгачид шиг байдаг атлаа нүгэлд амьдарч, гэмшлийн талаар огт бодохгүй байгаагийн маань төлөө Бурханы зүрх сэтгэлдээ мэдэрдэг зовнил, орь гунигийг хэрхэн ойлгохоо мэддэггүй, зүрх сэтгэлдээ нүглийг огт үзэн ядаж жигшдэггүй бөгөөд нүглээс хөндийрөх зориг, шийдвэрээр дулимаг байдаг. Бид Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бол үнэхээр гэмшиж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхөөр Эзэнийг хүлээж байгаа маань ердөө л хоосон мөрөөдөл юм байна. Бид өөрсдийнхөө буруу үзэл, төсөөлөлд түшиглэн Бурханд итгэсээр байж болохгүй, учир нь ингэх хэтэрхий аюултай! Бид үнэнийг хэрэгжүүлж, өөрчлөлт эрэлхийлэхэд анхаарах ёстой, учир нь энэ л Бурханы хүсэлд нийцдэг шүү дээ.”
Ван Вэй цааш нь ийн ярилаа: “Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөлийн тухай саяхан би нэг ахтай нөхөрлөсөн юм. Тэр ах ингэж хэлсэн шүү: ‘“Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:48). “Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:8) гэж Эзэн Есүс зөгнөсөн байдаг. Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөх үед нүгэл маань уучлагддаг ч гэлээ нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслэсэн хэвээр байдаг бөгөөд бид өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх чадвартай хэвээр байдаг. Нүглийн хүлээсийг хаях хүртлээ бид тэнгэрийн хаанчлалд орох эрхгүй байх болно. Эзэн эргэн ирэх үедээ хүнийг үгээр шүүж, ариусгах ажлын үе шатыг явуулах бөгөөд Бурханы хаанчлалд орохыг хүсвэл бид Эзэнийг эцсийн өдрүүдэд эргэн ирэхэд нь Түүний шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, нүгэлт уг чанараа таньж, өөрсдийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлэн, Бурханыг дуулгавартай дагаж, хүндэлж, завхарсан зан чанараа хөсөр хаяж чаддаг байх ёстой. Ингэснээр л бид ариусаж, Бурханы авралыг хүртэж чадна.’ Тэр ахын нөхөрлөл маш их утга учиртай санагдсан болохоор би тэр ахыг энд авчирч, нөхөрлөл хийлгэе, тэгвэл та нарт зүгээр үү?”
Ма Тао шуудхан ингэж хэлэв: “Гайхалтай! Эцсийн өдрүүд дэх Эзэний шүүлтийн ажил бидэнд ариусаж, жинхэнэ гэмшилд хүрэх боломжийг олгож чадах юм бол бидэнд тэнгэрийн хаанчлалд орох найдлага байгаа юм байна. Бид үнэхээр маш их ерөөлтэй юм! Ван ах аа, та хурдхан нөгөө ахыг энд авчирч, бидэнтэй нөхөрлүүлсэн нь дээр юм байна.”
Ван Вэй инээмсэглэн, “Тэгье ээ, би маргааш явж тэр ахтай уулзъя…” гэлээ.
No comments:
Post a Comment