2020/05/20

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Миний үгийн талаар өчүүхэн ч болов тодорхойгүй байж болохгүй ба хайхрамжгүй байдал нь зөвшөөрөхийн аргагүй гэдгийг Би чамд сануулмаар байна. Чи үүнийг анхааралтай сонсож, дуулгавартай дагаж, аливааг Миний санаа зорилгод нийцүүлэн хийх ёстой. Чи үргэлж сэргэг байх ёстой ба хэзээ ч биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай байх ёсгүй, мөн дотор чинь орших төрөлхийн хуучин зан чанараасаа салахын тулд Надад үргэлж найдах ёстой. Миний өмнө үргэлж хэвийн нөхцөл байдлаа хадгалж, тогтвортой зан чанартай байж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэхүй чинь үргэлж эрүүл саруул байх ёстой бөгөөд аливаа хүн, үйл явдал, юмсын нөлөөнд автаж, хянуулж болохгүй. Миний өмнө үргэлж тайван байж, Надтай тогтмол ойр байж, нөхөрлөх хэрэгтэй. Няцашгүй зүрх зориг гаргаж, Намайг гэрчлэхдээ бат зогсох ёстой. Босоод Миний төлөө ярь, бусад хүн юу гэхээс бүү ай. Миний санаа зорилгыг хангахад анхаарч, бусдаар бүү хянуул! Чамд Миний илчилдэг зүйлийг Миний санаа зорилгод нийцүүлэн хийх ёстой ба хойшлуулж болохгүй. Чиний дотор ямар санагдаж байна? Тав тухгүй байна уу? Чи ойлгох болно. Чи яагаад Миний төлөө үг хэлэхээр босож, Миний ачаанд санаа тавьж чаддаггүй юм бэ? Чи ялихгүй хуйвалдаанд оролцсоор байгаа ч энэ бүхнийг чинь Би тодорхой хардаг. Би бол чиний дэмжлэг, чиний бамбай, мөн бүх зүйл Миний гарт байдаг, тэгвэл чи юунаас айна вэ? Сэтгэл хөдлөлдөө хэт автаж байгаа бус уу? Чи сэтгэл хөдлөлөө үтэр түргэн хаях ёстой; Би сэтгэл хөдлөлийг бодолцдоггүй, зөвт байдлыг хэрэгжүүлдэг. Чуулганд ашиг тусгүй бол эцэг, эх чинь байлаа ч ялгаагүй! Миний санаа зорилго чамд илчлэгдсэн, чи үүнийг үл тоох ёсгүй. Харин ч чи бүх анхаарлаа үүнд хандуулж, үнэн сэтгэлээсээ дагахын тулд бүхнийг хойш тавих ёстой. Би чамайг үргэлж Өөрийн гарт байлгана. Хулчгар бүү бай, нөхөр, эхнэртээ бүү хянуул; Миний хүсэл гүйцэлдэх боломжийг чи олгох ёстой.
Итгэлтэй бай! Итгэлтэй бай! Би бол чиний Төгс Хүчит Нэгэн. Энэ нь чиний бага зэрэг ойлгодог зүйл байж магадгүй, гэхдээ л сэрэмжтэй бай. Чуулган, Миний хүсэл, Миний удирдлагын төлөө чи бүхнээ зориулах ёстой бөгөөд бүх нууц болон төгсгөл чамд тодорхой харагдана. Цаашид ямар ч саатал байхгүй ба өдөр хоногууд эцэс болж байна. Тэгвэл чи юу хийх вэ? Өөрийн амийг илүү хурдан төлөвшүүлэхийн тулд хэрхэн эрж хайж болох вэ? Өөрийгөө яаж хурдхан шиг Надад хэрэгтэй болгох вэ? Хэрхэн Миний хүслийг хэрэгжүүлэх вэ? Эдгээрийг хийхийн тулд сайтар тунгааж, Надтай гүн гүнзгий нөхөрлөх шаардлагатай. Надад найд, Надад итгэ, хэзээ ч хайнга бүү бай, аливааг Миний удирдамжид нийцүүлэн үйлдэх чадвартай бай. Үнэнээр сайтар зэвсэглэж, үүнийг илүү их идэж, уух ёстой. Үнэн бүрийг хэрэгжүүлэх ёстой ба тэгвэл тодорхой ойлгож чадна.
Хангалттай цаг алга гэдгийг одоо чи мэдэрч байна уу? Дотроо өмнөхтэйгээ харьцуулахад өөр мэт, мөн ачаа чинь маш хүнд мэт санагдаж байна уу? Миний санаа зорилго чам дээр бий; чи ухаалаг байх ёстой, санаа зорилгоос минь бүү сал, Надтай үргэлж холбоотой бай. Надтай ямагт ойр бай, Надтай ярилц, Миний зүрх сэтгэлд хайхрамжтай бай, мөн уялдаатай үйлчилж чаддаг бай, тэгж байж Миний санаа зорилго та нарт үргэлж илчлэгдэнэ. Үргэлж нягт нямбай анхаарал тавь! Нягт нямбай анхаар! Жаахан ч гэсэн бүү хойргол; энэ бол чиний үүрэг, Миний ажил үүнд оршдог.
Чи одоогоор багахан ойлголттой байж, үүнийг хэтэрхий гайхалтай гэж санаж магад. Өнгөрсөнд зарим эргэлзээтэй байж, энэ нь хүний ойлголт, санаа, бодлоос тэр чигтээ өөр гэдгийг мэдэрсэн байж болох ч одоо чи мөн чанартаа ойлгодог. Энэ бол Миний гайхалтай ажил, Бурханы ч гайхалтай ажил билээ. Чи заавал сэргэг байж, хүлээж, үүн дотор алхах ёстой. Цаг хугацаа Миний гарт байна; дэмий бүү үр, нэг хором ч бүү хойргол. Цаг үрэх нь Миний ажлыг хойшлуулж, чиний доторх Миний хүсэлд саад хийдэг. Чи тунгаан бодож, Надтай үргэлж ярилцах ёстой. Чи бүх үйлдэл, хөдөлгөөн, бодол, санаа, гэр бүл, нөхөр, хөвгүүд, охидоо Миний өмнө авчрах ёстой. Өөрийн хэрэгжүүлэлтэд өөртөө найдах хэрэггүй, эс бөгөөс Би хилэгнэж, үнэтэй гарз хохирол чамд учрах болно.
Цаг үргэлж өөрийн алхмыг хязгаарлаж, үргэлж Миний үгэн дотор алхах чадвартай бай. Чамд Миний мэргэн ухаан байвал зохино. Хүндрэл бэрхшээл тулгарвал Миний өмнө ир, Би чамд удирдамж өгнө. Дэмий сэлгүүцэж, болчимгүй бүү ярилц. Хэрвээ амь чинь ямар ч ашиг тус хүртээгүй бол мэдлэг дутаж, сайн, муу үгийг ялгаж чаддаггүйгээс чинь болж байгаа юм. Хор хөнөөл амсаж, нөхцөл байдал чинь дордож, Ариун Сүнс өмнө чинь үгүй болох хүртэл чи үүнийг ухаардаггүй. Тэр үед хэтэрхий оройтсон байдаг. Цаг одоо үнэхээр давчуу байгаа учир амь чинь өчүүхэн ч болов хоцрох ёсгүй; чи Миний мөрийг анхааралтай дагах ёстой. Ямар нэг бэрхшээл бий болох үед Надад ойр байж, Надтай шууд ярилцах замаар байнга тунгаан бод. Хэрвээ чи энэ замыг шүүрэн авбал, урагшилсаар байх зуур оролт чинь хялбар болно.
Миний үг зөвхөн чам руу чиглэдэггүй. Чуулганы бүх хүн янз янзын хэмжээнд дутагдалтай байдаг. Та нар хоорондоо илүү их ярилцаж, сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр биеэ даан идэж, уух чадвартай байж, даруйхан хэрэгжүүлэхийн тулд гол үнэнийг ухаарч чаддаг байх ёстой. Чи Миний үгийн бодит байдлыг мэдрэх ёстой. Үүний гол цөмийг болон зарчмыг ухаар; бүү хойргол. Миний үгийг үргэлж эргэцүүлж, Надтай үргэлж ярилц, тэгвэл аажмаар энэ нь илчлэгдэнэ. Нэгэн хоромд хүн Бурханд ойртоод, дараа нь зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван болохоос өмнө, өөр зүйл тохиолдох үед үймрээд байж болохгүй. Чи үргэлж будилж, аливаа зүйлийн талаар тодорхой мэддэггүй, бас Миний царайг харах чаддаггүй тул зүрх сэтгэлийг минь тодорхой ойлгож чаддаггүй. Бага зэрэг ойлгож чадлаа ч гэсэн чи итгэлтэй биш, эргэлзсээр байдаг. Би чиний зүрх сэтгэлийг бүхэлд нь эзэмшиж, оюун ухаан чинь ертөнцийн аливаа зүйлд үймрэхээ больж, тайван, саруул ухаанаар хүлээх тэр үед чинь Би та нарт Өөрийн санаа зорилгын дагуу бага багаар илчлэх болно. Та нар Надтай ойр байхын тулд энэ замыг шүүрэн авах хэрэгтэй. Чамайг хэн ч дайрч, эсвэл хараасан бай, эсвэл хэчнээн сайхан зүйл санал болгосон ч бай, тэд Бурхантай ойр байхад чинь саад хийх л юм бол үүнийг зөвшөөрөхийн аргагүй юм. Зүрх сэтгэлээ Миний гарт даатгаж, Намайг хэзээ ч бүү орхи. Ийм ойр дотно байж, нөхөрлөж байхад, эцэг эх, нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад харилцаа, эсвэл шашны бус ертөнцийн холбоо сүлбээ ч бай, бүгд холдон одно. Чи зүрх сэтгэлдээ бараг үгээр дүрслэхийн аргагүй жаргалыг эдэлж, анхилам, тансаг амтыг мэдэрч, Надаас үнэхээр салшгүй болно. Хэрвээ үргэлж ийм байвал, зүрх сэтгэлд минь юу байдгийг та нар ойлгоно. Урагш ахихдаа та нар хэзээ ч замаа алдахгүй, учир нь Би та нарын зам бөгөөд бүх зүйл Надаас болж оршин тогтнодог. Амь чинь хэр төлөвших, чи шашингүй ертөнцөөс хэзээ салж явах чадвартай болох, хэзээ сэтгэл хөдлөлөө хаяж, нөхөр хүүхдээ ардаа орхих чадвартай болох … энэ бүх зүйл Миний төлөвлөгөөний дагуу байдаг. Санаа зовох хэрэггүй.
Чи эерэг талаас орох ёстой. Хэрвээ идэвхгүй байдлаар хүлээх юм бол сөрөг байсаар байх болно. Надтай хамтарч ажиллахдаа санаачилгатай байх ёстой; ажилч хичээнгүй бай, хэзээ ч бүү залхуур. Надтай үргэлж нөхөрлө, Надтай гүнээ ойр дотно бай. Хэрвээ ойлгохгүй бол, үр дүнд хурдан хүрэхийн төлөө тэвчээргүй бүү бай. Би чамд хэлэхгүй юм биш; Миний өмнө байхдаа Надад итгэдэг эсэхийг чинь, мөн итгэлтэйгээр Надад найддаг эсэхийг чинь хармаар байна. Чи үргэлж Надтай ойрхон байж, бүх асуудлыг Миний гарт тавих ёстой. Хий дэмий бүү буц. Надтай хэсэг хугацаанд өөрийн мэдэлгүй ойр байсны дараа, Миний санаа зорилгууд чамд илчлэгдэнэ. Хэрвээ чи тэдгээрийг ухаарвал Надтай үнэхээр нүүр тулан уулзах бөгөөд Миний нүүр царайг үнэхээр олсон байх болно. Чи дотроо нэлээд тодорхой, тууштай байх бөгөөд найдах зүйлтэй болж, хүч чадалтай, итгэлтэй байх болно. Чи бас урагшлах замтай байх бөгөөд бүх зүйл чамд хялбархан очно.

No comments:

Post a Comment