2019/03/10

ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ

ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ

ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ

Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид Петр, Есүсээс олон хайр татам байдлыг, даган дуурайхуйц олон талыг болон өөрийг нь хангасан олон зүйлийг олж харсан. Хэдийгээр Петр, олон арга замаар Бурханы оршихуйг болон хайр татам байдлыг Есүсээс олж харсан боловч анх тэр Есүсийг мэдээгүй юм. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш ийнхүү үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд тэр Есүсийг хэзээ ч мэдэж аваагүй боловч Түүнийг дан ганц бахдал бишрэлээрээ дагахад бэлэн байлаа. Есүс анх түүнийг Галил нуурын эрэг дээр дуудаад: “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуужээ. Петр: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэсэн юм. Тухайн үед Петр, хамгийн агуу эш үзүүлэгч, Бурханы хайртай Хүү болох Есүс нэртэй хүний тухай яриаг сонссон байсан бөгөөд Түүнийг олно гэдэгтээ байнга найдаж, мөн Түүнийг харах боломж тохионо гэдэгт найдаж байв (учир нь Ариун Сүнс түүнийг ийнхүү удирдаж байсан юм). Хэдий тэр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, харин Түүний тухай яриаг л сонсож байсан боловч Петрийн зүрх сэтгэл дэх Есүсийг гэсэн хүсэл тэмүүлэл болон бишрэл хүндэтгэл аажмаар өссөн ба тэрээр нэг л өдөр Есүсийг харна хэмээн байнга эрмэлзэж байв. Есүс Петрийг хэрхэн дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний тухай яриаг сонссон, харин Ариун Сүнс Түүнд: “Галил хэмээх нуур луу яв, тэнд Ионагийн хүү Симон хэмээх нэгэн байгаа” хэмээн зааварчлаагүй юм. Есүс, Ионагийн хүү Симон хэмээх хүн байдаг, хүмүүс түүний номлолыг сонсдог бөгөөд тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, түүнийг нь сонссон хүмүүсийн сэтгэл хөдлөн уйлж байсан гэж хэн нэгний ярихыг сонссон. Үүнийг сонссоныхоо дараа Есүс тэр хүнийг дагаж, Галил нуур руу хүрч очсон; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.

Есүсийг дагах хугацаанд түүнд, Есүсийн талаарх олон санал бодол байсан бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Хэдий тэрээр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан ч Петр тийм ч их гэгээрсэн хүн байгаагүй, тиймээс тэр ийм үгийг хэлсэн: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон Нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой.” Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй бөгөөд ямар ч гэгээрлийг хүлээн аваагүй. Түүнийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Түүний хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алинийг нь төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангамж, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг тэр олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүнээс Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь бас байгаагүй зүйлсийг харж, сурч авсан. Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэж тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, асуудлыг хэзээ ч дэгсдүүлдэггүй эсвэл дарж хэлдэггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй, амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байх мөртлөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа орь гунигт автан, нар салхинд борлосон ээж шиг дуугаа хураадаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж; бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн амьдардгаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж байсан, харин өршөөл, уучлал, хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Петр бол төрөлхийн саруул ухаантай, гойд цэцэн хүн байсан боловч Есүсийг дагах үедээ нэлээд олон тэнэг зүйл хийжээ. Бүр эхэндээ, тэр Есүсийн талаар зарим нэгэн үзэлтэй байлаа. Тэрээр: “Хүмүүс Таныг эш үзүүлэгч гэдэг, тэгвэл Та найман настай, юмны учир ойлгохуйц том болсон байхдаа Өөрийгөө Бурхан гэдгийг мэдэж байсан уу? Та Ариун Сүнснээс олдсон гэдгээ мэдэж байсан уу?” гэж асуусан юм. Есүс хариуд нь: “Үгүй ээ, Би мэдээгүй! Би чамд ердөө л маш эгэл жирийн хүн шиг санагдаж байгаа биз дээ? Би бусадтай адилхан. Эцгийн илгээдэг хүн бол ер бусын биш, харин жирийн л хүн. Хэдийгээр Миний хийдэг ажил Миний Тэнгэрлэг Эцгийг төлөөлдөг боловч Миний дүр, Миний үнэн бие, Миний махбод Тэнгэрлэг Эцгийг минь бүрэн төлөөлж чадахгүй, зөвхөн Түүний нэг хэсгийг л төлөөлж чадна. Хэдий Би Сүнснээс ирсэн боловч хэвийн хүн бөгөөд Миний Эцэг Намайг ер бусын нэгэн биш, жирийн хүн болгон газар луу илгээсэн юм” гэжээ. Петр үүнийг сонсох үедээ Есүсийн талаар бага зэргийн ойлголттой болсон. Тэрээр Есүсийн ажил, Түүний сургаал, Түүний хариулга, Түүний тус дэмийн тоо томшгүй олон цагийг туулсныхаа дараа л тун гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. 30 настай байхдаа Есүс Петрт удахгүй болох Өөрийн цовдлолын талаар хэлж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлолын ажлыг хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Тэр мөн, цовдлолоос гурав хоногийн дараа хүний Хүү дахин амилна, амилангуутаа хүмүүст 40 хоног харагдах болно гэдгийг түүнд хэлсэн юм. Энэ үгийг сонсоод Петрт гунигтай байсан ч Түүний үгийг зүрх сэтгэлдээ авч үзсэн болохоор Есүстэй улам илүү ойр дотно болсон.

Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа Петр, Есүсийн хийсэн бүхэн нь Бурханы оршихуйнх байсан гэдгийг ухаарч эхэлсэн бөгөөд Есүс бол гойд хайр татам гэж бодох болжээ. Ийм ойлголттой болох үед л Ариун Сүнс түүнийг дотроос нь гэгээрүүлсэн юм. Тэр үед Есүс, Өөрийн шавь нар болон бусад дагагчдад хандан ийнхүү асуусан: “Иохан, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” Иохан: “Та бол Мосе” гэв. Дараа нь Тэр Лукт хандан: “Лук, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэхэд Лук: “Та бол хамгийн агуу эш үзүүлэгч” гэжээ. Тэр дараа нь нэгэн эгчээс: “чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуув. Тэр эгч: “Та бол мөнхөөс мөнхөд олон үгийг хэлдэг хамгийн агуу эш үзүүлэгч билээ. Хэний ч зөгнөл Таных шиг агуу байдаггүй, мөн хэний ч мэдлэг Таных шиг гүн байдаггүй; Та бол эш үзүүлэгч” гэв. Дараа нь Есүс Петрт хандан: “Петр, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуулаа. Петр хариуд нь: “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн. Та тэнгэрээс ирсэн, Та газрынх биш, Та Бурханы бүтээлүүдтэй адилгүй. Бид газар дээр байдаг ба Та бидэнтэй хамт энд байгаа боловч Та бол тэнгэрийнх, Та энэ дэлхийнх биш, мөн Та газрынх биш” гэсэн юм. Туршлагаар нь дамжуулан Ариун Сүнс түүнийг гэгээрүүлсэн нь энэ бөгөөд ийм ойлголтод хүрэх боломжтой болгожээ. Энэ гэгээрлийн дараа тэр Есүсийн хийсэн бүхнийг бүр ч их гайхан биширч, Түүнийг бүр илүү хайр татам гэж бодсон бөгөөд зүрх сэтгэлдээ тэр үргэлж Есүсээс хагацах дургүй байв. Иймээс Есүс цовдлогдоод дахин амилсныхаа дараа анх удаа Петрт Өөрийгөө харуулахад Петр ер бусын аз жаргалтайгаар: “Эзэн минь! Та дахин амилжээ!” хэмээн дуу алдсан юм. Тэгээд уйлангаа тэрээр тун том загас барьж хоол хийн, Есүст өргөн барив. Есүс инээмсэглэсэн боловч үг хэлсэнгүй. Петр Есүс амилсныг мэдэж байсан хэдий ч үүний нууцыг ойлгоогүй юм. Түүнийг Есүст загас идүүлэхээр өгөх үед Есүс татгалзаагүй, гэсэн ч Тэр үг хэлээгүй, мөн хооллохоор суугаагүй, харин оронд нь гэнэт алга болжээ. Энэ нь Петрийг асар их цочролд оруулсан бөгөөд зөвхөн тэр үед л дахин амилсан Есүс нь урьдны Есүсээс өөр болохыг ойлгосон юм. Үүнийг ойлгомогцоо Петр гашуудсан боловч Эзэн Өөрийнхөө үүргийг биелүүлснийг мэдээд бас тайтгарал олж авчээ. Есүс Өөрийн ажлаа гүйцэтгэсэн, хүнтэй хамт байх Түүний хугацаа дууссан, мөн тэр цагаас эхлээд хүн өөрийнхөө замаар алхах ёстой болсон гэдгийг тэр мэджээ. Есүс нэгэнтээ түүнд: “Чи ч бас Миний уусан гашуун аяганаас уух ёстой (үүнийг Тэр амиллынхаа дараа хэлсэн), чи ч бас Миний алхсан замаар алхах ёстой, чи Миний төлөө амиа өгөх ёстой” гэж хэлсэн юм. Одоогоос ялгаатай нь тухайн үеийн ажил нүүр тулсан яриа хэлбэртэй байгаагүй. Нигүүлслийн эрин үед, Ариун Сүнсний ажил ихэд нууцлаг байсан ба Петр маш их бэрхшээлийг туулж, заримдаа: “Бурхан минь! Надад энэ амиас өөр юу ч байхгүй. Хэдийгээр энэ нь Таны хувьд төдийлөн үнэ цэнгүй боловч би үүнийгээ Танд зориулахыг хүсэж байна. Хэдий хүмүүс Таныг хайрлахад тохирохгүй, хайр болон зүрх сэтгэл нь үнэ цэнгүй боловч Та хүмүүсийн зүрх сэтгэл дэх санаа зорилгыг харж чаддаг гэж би итгэж байна. Хүний бие Таны зөвшөөрөлд нийцэхгүй ч гэсэн би Танаас зүрх сэтгэлийг минь хүлээн авахыг хүсэж байна” хэмээн уулга алдах хэмжээнд хүрдэг байлаа. Ийм залбирлыг хэлснийхээ дараа, ялангуяа: “Би өөрийн зүрх сэтгэлийг Бурханд бүрэн зориулах болно. Хэдийгээр би Бурханы төлөө юу ч хийж чадахгүй боловч би үнэнчээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, өөрийгөө Түүнд чин сэтгэлээсээ зориулах болно. Бурхан зүрх сэтгэлийг минь гарцаагүй харна гэдэгт би итгэдэг” хэмээн залбирах үедээ тэр урам зориг авдаг байв. Тэрээр: “Бурханыг хайрлах бодлыг минь болон зүрх сэтгэлийн хүслийг минь Бурхан хүлээн зөвшөөрөөсэй гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй. Би Эзэн Есүстэй маш удаан хугацаанд хамт байсан ч Түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй, энэ бол миний хамгийн том өр. Би Түүнтэй хамт байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, тэр ч байтугай Түүний ардуур хүндэтгэлгүй үг хэлж байсан. Эдгээр зүйлийг бодохоор би Эзэн Есүст улам их өртэй санагддаг” гэж хэлсэн юм. Тэр үргэлж ийм байдлаар залбирсан. Тэрээр: “Би тоос шорооноос ч өчүүхэн. Энэ үнэнч сэтгэлээ Бурханд зориулахаас өөр хийж чадах зүйл надад үгүй” гэж хэлжээ.

Петрийн туршлага оргилдоо хүрч, түүний бие нь бараг бүрэн сүйрсэн байсан ч Есүс түүнд дотроос нь урам зориг өгсөн юм. Тэгээд Тэр нэг удаа түүнд үзэгдэв. Петр асар их зовлон үзээд, зүрх сэтгэл нь шархалсан байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнө нь бид тэнгэрт хамт байсан ч, энэ нь эцсийн эцэст сүнсний ертөнцийнх юм. Одоо Би сүнсний ертөнцөд эргэн очсон, чи газар дээр байна. Учир нь Би газрынх биш, хэдий чи ч бас газрынх биш боловч чи газар дээр өөрийн чиг үүргийг биелүүлэх ёстой. Чи зарц тул өөрийнхөө үүргийг чадлынхаа хэрээр хийх ёстой.” Бурханы талд буцаж очно гэдгээ сонсоод Петр тайтгарсан. Петр ийнхүү тэсэхийн аргагүй шаналж, бараг хэвтэрт байх үедээ: “Би маш завхарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй” гэж хэлэх хүртлээ харуусан гэмшсэн. Есүс түүнд үзэгдэж: “Петр ээ, чи нэгэнтээ Миний өмнө гаргаж байсан шийдвэрээ мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр Миний хэлсэн бүхнийг мартчихсан юм уу? Чи Надад өгсөн шийдвэрээ мартчихсан юм уу?” гэжээ. Петр Есүс байхыг хараад, орноосоо өндийхөд нь Есүс түүнийг ингэж тайтгаруулжээ: “Би газрынх биш гэдгээ чамд аль эрт хэлсэн—үүнийг чи ойлгох ёстой, гэхдээ өөрт чинь Би бас нэг зүйл хэлснийг чи мартчихав уу? ‘Чи ч бас газрынх биш, энэ дэлхийнх биш.’ Яг одоо чиний хийх ёстой ажил байна, чи энэ мэт гашуудаж болохгүй, чи ингэж зовж болохгүй. Хэдийгээр хүн, Бурхан хоёр нэг ертөнцөд хамт оршиж чадахгүй ч, Надад Миний ажил, чамд чиний ажил байгаа, чиний ажил дууссан тэр өдөр бид нэг ертөнцөд хамтдаа байж, Би чамайг Өөртэйгээ үүрд хамт байлгах болно.” Энэ үгийг сонссоныхоо дараа Петр тайтгарч, санаа нь амарсан. Энэ зовлон нь түүний тэвчих ёстой, туулах ёстой зүйл гэдгийг тэр мэдсэн бөгөөд тэр цагаас хойш зориг оржээ. Есүс ялангуяа гол чухал мөчүүдэд түүнд харагдаж, онцгой гэгээрэл болон удирдамжийг өгч, түүнд ихээхэн ажил хийж байсан юм. Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петр “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлсний дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ Библид ийм маягаар бичигдээгүй байдаг) нь: “Петр ээ! Чи Намайг хэзээ нэгэн цагт хайрлаж байсан уу?” гэх асуулт юм. Петр Түүний юу гэснийг ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцгийг хайрлаж байсан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Тэгэхэд Есүс: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахин чадах билээ? Мөн хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол яаж тэнгэр дэх Эцгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэнгэр дэх Эцгийг ч үнэхээр хайрладаг.” Петр энэ үгийг сонсоод, дутагдлаа ухаарсан. Тэр “Би тэнгэр дэх Эцгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгэндээ нулимсаа гартал үргэлж харуусан гэмшдэг байв. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэрээр энэ үгэндээ бүр ч их гэмшиж, гашуудсан. Өөрийн өмнөх ажил болон одоогийн биеийн хэмжээг эргэн санахаараа тэр Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй, мөн Бурханы стандартад нийцэж чадахгүй байгаадаа үргэлж харамсан, өртэй санагдаж, ихэвчлэн Есүсийн өмнө ирж залбирдаг байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнээ болоод өөрийгөө бүхэлд нь зориулах болно, би Танд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өгөх болно” гэсэн. Тэр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр байгаа. Амь минь ямар ч үнэ цэнгүй, бас бие минь ямар ч үнэ цэнгүй. Оюун ухаанд минь Танд итгэх итгэл, зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, чи ч бас энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартаа юу? Би дэлхийнх биш, Өөрийнхөө ажлын улмаас л Би арай эрт явж одсон. Чи ч бас дэлхийнх биш, мартчихаа уу? Би чамд хоёронтаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Петр Түүнийг сонсоод: “Би мартаагүй!” гэв. Есүс дараа нь ийнхүү хэлсэн: “Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүд дурдах ч хэрэггүй өчүүхэн боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа авчрах болно.” Үүнийг сонссоны дараа Петр улам илүү зоригжиж, бүр ч их урам зориг авсан, ингэснээр загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг бас л хангалттай хайрлаж чадахгүй! Та сүнсийг минь хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө амлалтаар биелүүлэх ч бай эсвэл үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг.” Түүний баримталж байсан зүйл гэвэл өөрийнх нь итгэл, мөн жинхэнэ хайр байсан юм.

Нэг орой Петрийг оролцуулаад хэдэн шавь нар загас агнуурын завин дээр байв. Тэд бүгд Есүстэй хамт байсан ба Петр Есүсээс маш гэнэн асуулт асуусан: “Эзэн минь! Надад их удаан бодсон нэг асуулт байдаг юм, тэрийг Танаас асуумаар байна.” Есүс хариуд нь: “Тэгвэл асуу асуу!” гэв. Петр тэгэхэд нь: “Хуулийн эрин үед хийгдсэн ажил Таны хийсэн зүйл байсан уу?” гэжээ. Есүс: “Энэ хүүхэд, хэчнээн ч гэнэн юм бэ дээ!” гэж буй мэт инээмсэглэв. Дараа нь тэр зоримгоор цааш үргэлжлүүлэн: “Энэ Миний ажил байгаагүй, энэ бол Ехова болон Мосегийн хийсэн зүйл байсан юм” гэжээ. Петр үүнийг сонсоод дуу алдан: “Өө! Тэгвэл Таны хийсэн зүйл биш байжээ” гэв. Петрийг ингэж хэлсний дараа Есүс өөр юу ч хэлсэнгүй. Петр дотроо: “Үүнийг Та хийгээгүй юм байна, тэгвэл энэ Таны хийсэн зүйл биш болохоор хуулийг үгүй хийхээр ирсэнд тань гайхах юм алга” гэж бодлоо. Түүний зүрх сэтгэл ч бас уужирчээ. Дараа нь Есүс, Петр нэлээд гэнэн юм гэдгийг ухаарсан боловч тухайн үед түүнд ямар ч мэдлэг ухаан байгаагүй учраас Есүс өөр юу ч хэлээгүй, эсвэл түүнийг шууд няцаагаагүй. Нэг удаа Есүс синагогт номлол айлдахад Түүний номлохыг сонсохоор Петрийг оролцуулаад олон хүн байжээ. Есүс: “Мөнхөөс мөнхөд ирэх Нэгэн бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг хийх боловч хүнийг нүглээс хөтлөн гаргахдаа Тэр ямар ч дүрмээр хязгаарлагдахгүй. Тэр хуулиас алхан гарч, Нигүүлслийн эрин үед орох болно. Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварна. Тэр Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе рүү алхах боловч Еховагаас ирсэн Түүнийг хэн ч мэдэхгүй. Мосегийн хийсэн ажлыг Ехова хайрласан; Еховагийн хийсэн ажлын улмаас Мосе хуулийг боловсруулсан” гэв. Ингэж хэлмэгцээ Тэр: “Нигүүлслийн эрин үед Нигүүлслийн эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгодог хүмүүст гай гамшиг тохиох болно. Тэд сүмд зогсоод Бурханы сүйрлийг хүлээн авах ёстой ба гал тэдэн дээр буух болно” хэмээн үргэлжлүүллээ. Петр үүнийг сонсож дуусаад бага зэргийн хариу үйлдэл үзүүлсэн юм. Түүнийг туршлагажих хугацаанд Есүс чин сэтгэлээсээ ярилцаж, Петрийг хариулж, дэмжиж байсан ба энэ нь Петрт Есүсийн талаар арай илүү ойлголт өгсөн юм. Петр тухайн өдрийн Есүсийн номлолын талаар, загас агнуурын завин дээр байх үедээ Түүнээс асуусан өөрийнхөө асуулт болон Есүсийн өгсөн хариултын талаар, мөн түүнчлэн Тэр хэрхэн инээсэн тухай бодох үедээ л энэ бүхнийг ойлгосон билээ. Дараа нь, Ариун Сүнс Петрийг гэгээрүүлсэн бөгөөд зөвхөн үүгээр дамжуулан тэр Есүс бол амьд Бурханы Хүү байсан гэдгийг ойлгосон. Петрийн ойлголт Ариун Сүнсний гэгээрлээс ирсэн боловч ойлголт нь тодорхой үйл явцтай байлаа. Асуулт асууж, Есүсийн номлохыг сонссоноор, мөн Есүсийн онцгой нөхөрлөл болон онцгой хариулгыг хүлээн авснаар дамжуулан Петр, Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг ухаарчээ. Нэг л шөнийн дотор ийм ухааралд хүрсэн биш; энэ нь үйл явц байсан бөгөөд түүний хожмын туршлагад тус болсон юм. Есүс яагаад төгс болгох ажлыг бусад хүмүүст хийгээгүй, харин зөвхөн Петрт хийсэн юм бэ? Учир нь Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг зөвхөн Петр л ойлгосон ба өөр хэн ч мэдээгүй. Түүнийг дагаж байх хугацаандаа ихийг мэдсэн олон шавь байсан боловч тэдний мэдлэг өнгөцхөн байв. Ийм учраас Есүс Петрийг төгс болгуулах үлгэр дуурайл болгон сонгосон юм. Есүс тэр үед Петрт хэлсэн зүйлээ өнөөдөр хүмүүст хэлдэг бөгөөд тэдний мэдлэг болон амийн оролт нь Петрийн дайд хүрэх ёстой. Энэ шаардлага болон энэ замын дагуу Бурхан хүн бүхнийг төгс болгоно. Өнөөдөр яагаад хүмүүсээс бодит итгэл болон жинхэнэ хайртай байхыг шаарддаг вэ? Петрийн туулж мэдэрсэн зүйлийг та нар ч бас туулах ёстой, Петрийн туршлагаасаа олж авсан үр жимс та нарт ч бас илрэх ёстой бөгөөд Петрийн амссан зовлон шаналлыг та нар ч бас гарцаагүй эдлэх ёстой. Та нарын явдаг зам Петрийн явж байсантай адилхан. Та нарын амсдаг зовлон бол Петрийн амссан зовлон юм. Та нар алдрыг хүлээн авах үедээ, мөн бодит амьдралыг амьдран харуулах үедээ Петрийн төрхийг амьдран харуулдаг. Зам нь адилхан бөгөөд үүний дагуу хүн төгс болгуулдаг. Гэсэн хэдий ч, өнөөдрийн хүмүүсийн хэв чанарыг Петрийнхтэй харьцуулахад арай дутагдалтай байдаг, учир нь цаг үе өөрчлөгдсөн ба иймээс завхралын хэмжээ ч бас адилгүй юм. Мөн түүнчлэн Иудей нь эртний соёлтой, урт удаан тогтносон улс байлаа. Иймээс та нар өөрсдийн хэв чанарыг сайжруулахаар хичээх ёстой.

Петр маш хэрсүү, хийсэн бүхэндээ самбаатай, мөн туйлын үнэнч шударга хүн байсан юм. Тэр олон бүтэлгүйтлийг амссан. Тэрээр 14 настайдаа нийгэмд хөл тавьж, сургуульд сурч байсан бөгөөд үүний зэрэгцээ синагогт ойр ойрхон очдог байв. Тэр маш их урам зоригтой, цуглаанд оролцоход үргэлж бэлэн байдаг байлаа. Тэр үед Есүс Өөрийнхөө ажлыг хараахан албан ёсоор эхлээгүй байв; энэ нь ердөө Нигүүлслийн эрин үеийн эхлэл нь байсан юм. Петр 14 настай байхдаа шашны хүмүүстэй харилцаж эхэлсэн; 18 настайдаа тэр шашны дээдчүүлтэй холбоо тогтоосон ч, нүднээс далд өрнөдөг шашны эмх замбараагүй байдлыг харсныхаа дараа орхин явжээ. Энэ хүмүүс ямар зальхай, башир, хуйвалдаанч болохыг хараад тэр туйлын зэвүүцсэн ба (түүнийг төгс болгохын тулд тухайн үед Ариун Сүнс ийнхүү ажилласан. Тэр ялангуяа түүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд зарим нэгэн онцгой ажил хийсэн юм) иймээс тэр 18 настайдаа синагогоос гарсан. Эцэг эх нь түүнийг хавчин шахаж, итгүүлэхгүй байв (тэд диаволд харьяалагддаг, ямар ч итгэлгүй байсан). Эцэст нь, Петр гэрээ орхиод хүссэнээрээ аялж, хоёр жилийн туршид загасчилж, номлол айлдсан бөгөөд энэ зуураа тэр бас нэлээд хэдэн хүнийг удирдаж байлаа. Одоо чи Петрийн явсан замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгосон бол өнөөдөр хийгдэж байгаа ажлыг тодорхойлсон байх болно, иймээс чи гомдоллож, идэвхгүй байхгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэж тэмүүлэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; тэр ямар нэг ирээдүйг эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхийн эд хөрөнгийг эрж хайгаагүй, зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрахыг л эрж хайсан ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл түүний зүрх сэтгэл нь хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч хэзээ ч Таныг жинхэнэ зүрх сэтгэлээр хайрлаагүй. Би Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санаснаас л биш, хэзээ ч Таныг хайрлаагүй, бас Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр Есүст ихэвчлэн залбирдаг байв. Тэр үргэлж залбирч, Шийдвэрээ гарган Есүсийн үгээр[a] байнга зоригжиж, үүнийг эрч хүчээ болгожээ. Хожим нь, хэсэг хугацаанд туршлагажсаных нь дараа Есүс түүнийг шалгаж, Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэсэн юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш их дутагдалтай бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй байна. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ махан биед амьдарч, үргэлжлүүлэн завхрахыг хүсэхгүй байна, мөн Би цаашид эсэргүүцэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байгаа ба цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Шалгалтанд зовж шаналах үеэр Есүс түүнд дахин харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи үр жимс буюу Би чамайг төгс болгосны биежилт болгох ба үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Чи Миний хий гэснийг хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртлөө Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх урьдын тангаргаа санав. Иймээс тэр дахиж гомдоллоогүй бөгөөд дараа нь түүний залбирал илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ минь! Би нэгэнтээ Таныг орхиж, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өөр бусдаас илүү их хайрладаг. Би Таны эсрэг дахин дахин тэрсэлж, Таныг дахин дахин гомдоосон. Би яаж ийм зүйлийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил болон Таны надад даалгасан зүйлийг би үргэлж сэтгэлдээ хадгалж, хэзээ ч мартахгүй. Таны надад хийсэн ажлын хамтаар би чадлынхаа хэрээр хичээсэн. Миний юу хийж чадахыг Та мэддэг, би ямар үүрэг гүйцэтгэж чадахыг ч Та мэддэг. Би Танаар захируулахад бэлэн байна, би өөрт байгаа бүхнээ Танд зориулах болно. Таны төлөө юу хийж чадахыг минь зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр Сатан намайг маш их хуурч, би Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээр дээр үндэслэн Та надад ханддаггүй гэдэгт би итгэж байна. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн Надад өөр ямар ч итгэл найдвар, төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдах болно” хэмээн хэлсэн юм.

Та нар явж байгаа замынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой; та нар ирээдүйд явах замынхаа талаар, Бурхан юуг төгс болгох талаар болон та нарт юу даалгасан талаар тодорхой мэдэж байх ёстой. Магадгүй нэг л өдөр та нарыг шалгана, хэрвээ тэр үед та нар Петрийн туршлагаас урам зориг авч чадвал та нар үнэхээр Петрийн замаар алхаж байгааг энэ нь харуулах болно. Петрийг Бурхан жинхэнэ итгэл, хайрынх нь төлөө, бас Өөрт нь үнэнч байсных нь төлөө сайшаасан юм. Үнэнч шударга зантай, зүрх сэтгэлдээ Бурханыг хүсэн эрмэлзэж байсных нь төлөө Бурхан түүнийг төгс болгосон билээ. Хэрвээ чамд үнэхээр Петрийнх шиг хайр, итгэл бий бол Есүс чамайг гарцаагүй төгс болгох болно.

No comments:

Post a Comment