ЯЛЗАРСАН ХҮН ТӨРӨЛХТӨНД МАХБОД БОЛСОН БУРХАНЫ АВРАЛ ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ
Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр авралын ажлынхаа аль нэг үе шатыг хийх нь хамаагүй бүгд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгон сонгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол Бурхан билээ. Иймээс Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байв, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан заавал махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар, ялгамж чанараас ихээхэн ялгаатай атал Түүний гадаад төрх нь хүнийхтэй адил, энгийн хүний дүр төрхтэй бөгөөд хэвийн хүний амьдралаар амьдардаг, хүний өнцгөөс харвал Түүнийг энгийн хүнээс ялгаж огт чадахгүй. Хэвийн хүн чанараар бурханлаг ажлаа хийхэд Түүнд энэ энгийн төрх байдал болон хэвийн хүн чанар хангалттай. Түүний махбод нь Түүний хэвийн хүн чанар дахь ажил болон хүмүүсийн дундах ажилд тустай бөгөөд цаашлаад хүмүүсийн дундах Түүний авралын ажилд тустай. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүмүүсийн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний хэвийн махбодын ажил нь хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрдэг. Үүнд эргэлзэх хэрэггүй. Махбод дахь Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин, эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд эцэстээ эдгээр үзэл нь бүгд Түүний ажилд залгиулдаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл, Түүний тухай хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбод дахь ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч, мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч, бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэх нь хүнд маш хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгож чадна. Ийм маягаар, хүн өөрийнх нь бурханы хамгийн дуртай зүйлийг болон энэ бурханы хамгийн их хийхийг хүсэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад хүмүүс бол бүгд Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний эрж хайдаг зүйл нь хоорондоо тийм ч их ялгаагүй бүгд ижилхэн. Ердөө тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг л өөр боловч мөн чанар нь үнэндээ адилхан.
Хүн Бурханд хүссэнээрээ итгэхдээ хэнэггүй байдаг ба тааламжтай санагдвал тэгж итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө” юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурхан үүнийг хамгийн дорд, хамгийн үнэ цэнэгүй зүйл гэж үздэг, учир нь хүний энэ хувийн өмч бол Бурхантай эсэргүүцэлддэг хамгийн илэрхий зүйл юм. Бурхан Бие махбодтой болж ажилласан учраас биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүний хүрч, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг Бурханы ихэнх нь хэлбэргүй, бас хэлбэрт үл баригдах, биегүй бурхад байдаг. Ийм маягаар, бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн үзэлтэй байх нь түүний бодлоос, эсвэл тэрслүү байдлаас болж биш, харин энэ хувийн өмчөөсөө болж байгаа юм. Чухамдаа энэ хувийн өмчөөс болж ихэнх хүн үхдэг ба хүний итгэж байгаа хүрч, харж болохгүй, үнэндээ оршдоггүй тодорхойгүй Бурхан хүний амийг сүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан биш, тэр ч бүү хэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан хүний амийг сүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болсон бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг сонирхолын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл өгөөж гэж байхгүй; Түүний олж авсан зүйл нь Түүний хожим хураасан зүйл биш, харин анхнаасаа л Түүнийх байсан зүйл юм. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиослодог бүхэн нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажилд хүний төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махбодын ажилд ихээхэн бэрхшээл оршдог бөгөөд махбодод Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч гүйцэтгэж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүний хэрэгцээ юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэнэ нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд агаад мөнх бус хүмүүсийн хувьд ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зүгээр л хий дэмий төсөөлж л чадна. Махбодын ажил хэвийн, бодит агаад бялаг мэргэн ухааныг шингээсэн байдаг, энэ нь хүний нүдэнд үзэгдэж харагдах баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын нарийн зөв байдал болон бодит үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн хөдөлгөл, эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний нарийн нягт удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбод дахь ажлын хүнээс шаардах үнэн зөв зорилго болон хүний олж авсан мэдлэгийн бодит үнэ цэнэ нь Сүнсний ажлын үнэн зөв байдал болон бодит үнэ цэнээс хамаагүй илүү байдаг. Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах бол хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдны ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чаддаг. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд ундарга болохыг ч мэднэ. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, мөн Түүний бодит байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй, эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чаддаг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ бөгөөд энэхүү ач холбогдол, үнэ цэнийг хүн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бүх хүн Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, боддогоос үл хамааран махбодын бодит ач холбогдол болон үнэ цэнэ нь Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хамаатуулж хэлсэн юм. Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн хөдөлгөл, илчлэл, тайлбарлашгүй, төсөөлшгүй гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүгдийн олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх заагаар тусгаарлагдсан мэт алсаас бие биеэ харж л чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ буруу мэдрэмжийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодит агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршиж байгаа учраас хүнд хүрч болохуйц ойрхон санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.
Махан биед амьдарч байгаа бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодит махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох нь шаардлагатай бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээсээ зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн ухаардаг. Энэ үр дүнд хүрэх нь Сүнсний шууд удирдлагаар биш, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар ч биш, харин бие махбодтой болсон Бурханы улмаас юм. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг аварч Сатаны нөлөөнөөс ангижруулж чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин ч үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг юм. Учир нь Бурханы Сүнс болон махбодыг салгаж болохгүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг зөвхөн Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийгээгүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийсэн юм. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болох арга замаар хийх ёстой. Эдгээр нь бүгд ажлын хэрэгцээ шаардлага бөгөөд ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд энэ нь авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.
Хүнийг Сатан ялзруулсан, Хүн бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш, харин хүн, аврагдах зүйл бол диавол биш, харин хүний махан бие болон сүнс юм. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан ялзруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Өөрийнх нь эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг. Тэр хүнтэй илүү ойр байж, түүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоор ажиллаж, ярьж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болж, Түүний эцсийн өдрүүдийн ажлыг махбодоор гүйцэлдэх болно. Тэр бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь бүх ажлаа дуусгах болно. Газар дээрх бүх ажил нь дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг биш гэж үү? Бурхан махбод дахь ажлаа дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед Сатанд хүнийг дахин ялзруулах ямар ч боломж олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, өршөөх байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрэн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын ажил, мөн Бурханы Өөрөө хийдэг ажил юм. Бурханы ажлын гурван үе шатны эхний ажлыг махбод биш, Сүнс шууд хийсэн. Бурханы ажлын гурван үе шатны сүүлчийн ажил шууд Сүнсээр биш, бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Дундах үе шатны золин аврах ажлыг мөн махбод дахь Бурхан хийсэн. Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг аварч Сатаны нөлөөнөөс ангижруулах юм. Гол ажил нь ялзарсан хүнийг бүрэн байлдан дагуулах юм, ингэснээр байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралыг олж авах боломжийг түүнд олгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, эхний үе шатны хуулийн ажил нь удирдлагын ажлын цөмөөс хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан ба энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл нь байгаагүй. Иймээс ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийсэн, учир нь хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхийг л мэддэг байсан ба илүү үнэнтэй байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарын өөрчлөлтийг бараг хамардаггүй, тэр ч бүү хэл Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах тухай ажилтай холбоогүй. Иймээс хүний ялзарсан зан чанартай хамаагүй туйлын энгийн ажлын үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүний авралын албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан, тиймээс Бурхан Өөрөө бие махбодтой болож ажиллах шаардлагагүй юм. Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэдэг ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөх бөгөөд нэг нэгийгээ төгс болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан, мөн хоёр удаа бие махбодтой болсон нь нэгэн бүхэл болдог бөгөөд бие биетэйгээ нийцдэг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан, Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөрцгүй байх байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдал болон ажилд саад хийж байгаа байдалд нь тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Сүнсээр шууд хийгдэх, эсвэл бие махбодтой болсон Бурханаар хийгдэх, эсвэл хүнээр дамжин хийгдэх—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдэх ажил бөгөөд бусдыг ажлынх нь шинж чанар, мөн Сүнсний ажил болон махбод дахь ажлынх нь шинж чанарыг үндэслэн харвал эцэстээ махбодоор хийгдэх ажил нь Сүнсээр шууд хийгдэх ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэснийг баталж болно. Энэ нь, тухайн үеийн ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг шийдэх Бурханы бодол санаа байсан юм. Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч их байдаг нь дамжиггүй. Иймээс Бурханы мэргэн ухаан болоод Түүний оршихуй бүхэлдээ Түүний ажиллаж байх үеийн үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүний хийсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу байдаг ба хүний хувьд тун хангалттай байдаг. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад дэндүү их зөрүү бий; хэдийгээр Бурханы үйл хэрэг агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон жижиг, нягт нямбай төлөвлөгөө, зохицуулалт байдаг. Түүний ажлын үе шат бүр зарчмын дагуу байгаад зогсохгүй, мөн хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр нь хүнд үл үзэгдэх зүйлс юм. Сүнсний ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы ажлын аль нь байх нь хамаагүй тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй, бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үед Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд хүн болж ажиллах үедээ (өөрөөр хэлбэл, гадаад бүрхүүлээ өөрчлөх үедээ) Өөрийн ач холбогдолыг бүр ч их агуулдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дураараа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дураараа, дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?
Ажил гэдэг үүднээс яривал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш, бие махбодтой болсон Бурхан билээ. Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж магад бөгөөд дараа нь бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршина гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийхийг шүүлтийн ажил гэж нэрлэгддэггүй. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй агаад аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүлэг хүмүүсийг шүүхээр дамжуулан бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөдөг ажил юм. Mахбод хийх ажил нь бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэх ажлаар дамжуулан Бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлдөг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Тухайлбал, Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, Бурханыг хүндэлдэггүй байдлыг, эсвэл Бурханы ажилд саад болох явдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад, эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан шүүлтийн ажил биш. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг амилж, дээш өргөгдсөний дараагаар сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгсийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы шүүлт болон бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэрхэн үнэлэгдэх нь хамаагүй эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил хэдийнээ дууссан тул энэ ажлын дараагаар хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаа бие махбодтой болсон нь бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн дуусгасан, иймд ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос Сатаны сүнсийг шууд шүүдэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр учран уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болж үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан хүний шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх нөхцөлтэй байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүхээр дамжуулан Тэрээр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Хүн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангамжийг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы хийсэн ажил юм, харин Бурхан Сүнсний ялгамж чанараар хийсэн ажил биш. Бурхан Бие махбодтой болж хийсэн ажил нь хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүн гүн гүнзгий ялзарсан учраас бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүс дээр хийгддэг ажил нь асар хэцүү, орчин тойрон нь түгшүүртэй бөгөөд төрөл бүрийн хүний хэв чанар нь маш дорд. Гэсэн ч энэ ажил дуусах үед зохих үр дүнд хүрсэн бөгөөд ямар ч алдаа мадаггү; энэ бол махбод дахь ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Ажлын гурван үе шатны төгсгөл нь махбодод дуусах бөгөөд үүнийг заавал бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажлыг бүгд махбодод хийдэг бөгөөд хүнийг аврах ажлыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөн, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй мэт санагдаж байсан ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.
Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө байдаг бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь Түүний махбод дахь ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг, мөн энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр бие махбодтой болж Өөрийн ажлыг хийх бүрдээ сонгосон ажлын бай нь дээд зэргийн төлөөх чанартай байдаг; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь махбод дахь ажлынх нь төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ нь хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэсэн ба махбодоор хийх Түүний ажилд зориулан тусгайлан сонгосон учраас энэ бүлэг хүмүүсийг сонгосон юм. Бурхан Өөрийн ажлын байг сонгохдоо үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийдэг байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх нь үндэс байдаг, Хятад хүмүүс бүх хүн төрөлхтнийг төлөөлж Бурханы биечлэн хийсэн байлдан дагуулалтыг хүлээн авах нь мөн л үндэс бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын бүрэн гүйцэд байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулалтын ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн багахан бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ Тэр энэ багахан бүлэг хүмүүсийн дунд бүх орчлон ертөнцийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтөнд хандаж ярьдаг. Түүний махбод дахь ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Бурханы ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр оновчтой үгс, сургамж болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн үнэн зөв хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах цагт л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаа бодит баримтыг үнэхээр биелүүлдэг ба Бурханы царайг харж, Бурханы ажлыг харж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү бүрэн хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурханы ажилласан үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчин бэдрэхээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс Түүний махбодод хийсэн ажлыг бүх шашин, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Хүн төрөлхтний дунд ирж биечлэн ажиллах үед, тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шат хүртэл хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачсан, энэхүү махбод Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхамшигт ажил гэж ч байхгүй.
Бурханы махбод дахь ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн Түүний ажлыг төлөөлдөг бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс Түүний сүүлчийн бие махбодын ажлын төгсгөл нь Түүний ажил бүрэн төгсгөлдөө очсон гэсэн үг биш, учир нь махбод дахь Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоор хийсэн хугацааг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөдөг ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлснийхээ дараа Өөрийг нь дагадаг хүмүүст хожмын ажлаа даалгадаг. Ийм маягаар, бүхэл бүтэн эрин үед хийх Түүний ажил тасалдалгүйгээр гүйцэтгэгдэх болно. Түүний ажил орчлон ертөнц даяар түгсний дараа л бие махбодтой болсон бүх эрин үеийн ажил бүрэн гүйцэлдсэн гэж тооцдог. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой болсон Бурханы ажилтай холбоотой. Энэ удаа бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, үүний дараа Тэр хүний үзэлд нийцдэггүй илүү их ажлыг хийдэг. Эдгээр ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал юм. Нэг талаараа бие махбодтой болсон нь ердөө хүний үзэлтэй нийцдэггүй, дээр нь нэмээд Тэр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг, иймээс хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Харин Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн ханддагаас үл хамааран Түүнийг үйлчлэлээ биелүүлсний дараа бүх хүн Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, харин бүх хүн төрөлхтөний байлдан дагуулагдах үйл явц нь бүхэлдээ ийм байхыг төлөөлдөг. Энэ хүмүүс дээр хүрсэн үр дүн нь бүх хүн төрөлхтөнд биелэх үр дүнгийн анхдагч нь бөгөөд ирээдүйд Түүний хийдэг ажлын үр дүн нь эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү давах болно. Махбод дахь Бурханы ажил их бүрээ татуулдаггүй, эсвэл нууц байдлаар далдлагддаггүй. Энэ нь бодит агаад жинхэнэ, мөн нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм, хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит мэдлэг болон үнэн юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр дүн биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр дүнг ч бас төлөөлдөг, учир нь энэ махбод, энэ махбодын ажил болон энэ махбодын гэх бүх зүйлээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд ач тустай юу ч байхгүй. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай, мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авах болно. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээг хамардаг, Бурхан ажлаа хийх үедээ тодорхой нэг хүнтэй ярьдаггүй, харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнтэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш, харин бүх хүний төгсгөл билээ. Тэр хэн нэгнийг илүү харж ханддаггүй, мөн хэнийг ч зовоодоггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрлийнх нь дагуу ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулчихсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлыг аль хэдийн шийдвэрлэсэн байгаа. Тэр Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхийн өмнө бүх хүн төрөлхтний дунд Өөрийнх нь ажил түгэхийг хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байхгүй юу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан бүрэн дуусгаж чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа билээ, үүний дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй хамт хэсэгхэн зуур л амьдарч чадах бөгөөд бүх эрин үеийн ажил дуустал хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгээр бүх хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилах бөгөөд хүн төрөлхтөн үгийнх нь дагуу Түүний алхам алхмаар явагддаг ажилд орох болно. Хэн ч зугтан зайлж чадахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үг удирдах болно.
Махбод дахь Бурханы ажил нь махан биеэр хийгдэх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр дүн гарахгүй байх байлаа. Энэ нь Сүнсээр хийгдсэн ч гэсэн их ач холбогдолгүй, эцэстээ ямар ч үнэмшилгүй болох болно. Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө болохыг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн эсэхийг болон энэ нь хамгийн үнэ цэнэтэй, ач холбогдолтой эсэхийг бүх бүтээл мэдэхийг хүсэж байгаа. Түүний хийдэг ажил нь бүх хүн төрөлхтний авралын төлөө, Сатаныг ялахын төлөө, бүх зүйлийн дунд Түүнд гэрчлэл хийхийн төлөө байдаг. Иймээс Түүний хийдэг ажил ихээхэн ач холбогдолтой байх ёстой. Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд Сатан бас Бурханы ажилд саад хийхийн тулд хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай тулалдах тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болж ажиллах нь тун их шаардлагатай билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханы ялах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах нь үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах нь сүнсний ертөнц дэх Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагдах нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай нь Бурханы бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг. Хэдий энэ махбод эгэл жирийн агаад бодит боловч ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн чанартай махбод биш, харин хүн чанартай бас бурханлаг чанартай махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгагдах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхээр зорьсон ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэлдүүлж чадна. Хэрэв ийм байгаагүйсэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, өө сэвтэй байх байлаа. Бурхан хэдийгээр Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч ялзарсан хүний хуучин зан чанар хэзээ ч шийдвэрлэгдэхгүй бөгөөд Түүнд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч Түүний эрх мэдэлд орохгүй, өөрөөр хэлбэл, Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ газар дээрх Түүний ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, бүх хүн төрөлхтөн амралтанд орж чадахгүй. Хэрвээ Бурхан Өөрийн бүх бүтээлүүдтэй хамт амралтанд орж чадахгүй бол ийм удирдлагын ажилд хэзээ ч үр дүн байхгүй байх ба үүний үрээр Бурханы алдар суу алга болох болно. Хэдийгээр Түүний махбод эрх мэдэлгүй ч хийдэг ажил нь үр дүн гаргасан байна. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай л юм бол Тэр бол Бурхан Өөрөө мөн. Энэ махбод хэр эгэл жирийн байх нь хамаагүй, Тэр хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Хэдий хүнтэй ижилхэн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол нь Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдол нь ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн эрх мэдэлд бүрэн оруулж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин бие махбодтой болж Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг. Ийм маягаар, Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэлтэй, илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд хүнд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.
No comments:
Post a Comment