БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР
Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болсон юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа ч гэсэн, Түүний бурханлаг чанар Өөрийн ажлыг хийх үед нь хүний гадаад бүрхүүл дотор оршсоор байдаг; яг тэр үед хэвийн махан бие дотор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгын төлөө Түүний хүн чанар үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин Түүний бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин Түүний бүрэн бурханлаг чанараар хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махан бие юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүсийн дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбод болсон Бурхан бол өөр: Тэр Өөрийн махан биедээ зөвхөн хүн чанарыг агуулдаг төдийгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махан биеийнх нь гадаад төрхөөс болон Түүний өдөр тутмын амьдралаас харж болно, харин Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л зөвхөн илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах хүмүүст туйлын хэцүү байдаг. Өнөөдөр ч хүртэл бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгох нь хүмүүст хамгийн хэцүү. Үнэндээ, Намайг энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьсны дараа ч гэсэн энэ нь та нарын ихэнхэд учир битүүлэг хэвээр байна гэж Би бодож байна. Энэ асуудал бол маш энгийн: Бурхан махан биетэй болоход Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан гэж нэрлэдэг.
Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байсан. Тэр Өөрийн махан биеийн хэвийн хүн чанараар амьдарсан. Бурханы ажил хийж, Бурханы үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л энгийн бие махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй, эхэндээ зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, энгийн хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хэлэх ямар ч аргагүй, Тэр бол жирийн хүний хүү гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэж хэлсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа Бурхан махан биетэйгээр бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг батлан, анх бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан. Өөрийн ажлыг эхлэхийн өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь Тэрээр жирийн бие махбод байсны нотолгоо байсан; дараа нь Тэр ажилласан нь мөн Түүнийг энгийн махбод байсныг баталдаг, учир нь Тэр энгийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба энэ нь Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд Түүнд хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулж байсан нь хамаагүй, Тэр мөн л хэвийн хүн чанартай амьдарч, мөн л хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилуулах хүртэл Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн энгийн махан биеэр гүйцэтгэсэн Түүний ажил байсан. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр Өөрийнхөө ердийн хүний бие махбодоос хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн ухаан, хүний хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр энгийн хүн байсны нотолгоо бөгөөд энэ нь Бурханы махбод болсон бие нь ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махан бие байсныг баталдаг. Түүний ажил нь эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, эхний биелсэн махбодын үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм. Есүсийн бүхэл амьдралыг гайхамшгууд дагалдаж, газар дээрх Өөрийн ажлын төгсгөл хүртэл Тэр хэвийн хүн чанарыг харуулаагүй, Түүнд хүний хэвийн хэрэгцээ буюу сул талууд, эсвэл хүний сэтгэл хөдлөл байгаагүй, амьдралын үндсэн хэрэгцээ шаардагдаагүй, эсвэл хүний хэвийн бодол байгаагүй гэж хүмүүс итгэж болох юм. Тэд Түүнийг хүний хэрээс хэтэрсэн сэтгэхүйтэй бөгөөд ер бусын хүн чанартай гэж л төсөөлдөг. Нэгэнт Тэр Бурхан учраас Тэр энгийн хүмүүс шиг бодож, амьдрах ёсгүй ба зөвхөн жирийн хүн буюу жинхэнэ хүн л хүний хэвийн бодлыг бодож, хүний хэвийн амьдралаар амьдардаг гэж тэд итгэдэг. Эдгээр нь бүгд хүний санаа, хүний үзэл бөгөөд энэ нь Бурханы ажлын анхдагч санаа зорилгод харшилдаг. Хүний хэвийн сэтгэхүй нь хүний хэвийн саруул ухаан болон хэвийн хүн чанарт дэмжлэг үзүүлдэг; хэвийн хүн чанар нь махан биеийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг; мөн махан биеийн хэвийн үйл ажиллагаа нь махан биеийн энгийн хэвийн амьдралыг бүхэлд нь боломжтой болгодог. Бурхан тийм махан биед ажиллаж байж л бие махбодтой болсон Өөрийнхөө зорилгыг биелүүлж чадна. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан зөвхөн махан биеийн гадаад бүрхүүлийг л эзэмшээд хүний хэвийн бодлыг бодохгүй байвал, энэ махан бие нь жинхэнэ хүн чанарыг бүү хэл, хүний саруул ухааныг эзэмшихгүй. Хүн чанаргүй ийм махан бие нь бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэх ёстой үйлчлэлийг хэрхэн биелүүлэх юм бэ? Хэвийн оюун ухаан нь хүний амьдралын бүх талд дэмжлэг үзүүлдэг; хүн хэвийн оюун ухаангүйгээр хүн байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, жирийн бодлуудыг боддоггүй хүн бол сэтгэцийн өвчтэй хүн юм. Хүн чанаргүй, зөвхөн бурханлаг чанартай Христийг Бурханы махбод болсон бие гэж хэлж болохгүй. Тэгвэл Бурханы махбод болсон бие яаж хэвийн хүн чанаргүй байж болох юм бэ? Христэд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлэх нь доромжлол биш гэж үү? Ердийн хүмүүсийн эрхэлдэг бүх үйл ажиллагаа нь хүний хэвийн оюун ухааны ажиллагаанаас хамаардаг. Үүнгүйгээр, хүмүүс этгээд авирлах байсан; тэр ч бүү хэл тэд хар цагаан, сайн муугийн хоорондох ялгааг хэлж чадахгүй болох байсан; тэгээд тэдэнд хүний ёс зүй, ёс суртахууны зарчмууд үгүй байх байсан. Үүнтэй адилаар, хэрвээ бие махбодтой болсон Бурхан ердийн хүн шиг бодохгүй бол Тэр жинхэнэ бие махбод буюу хэвийн бие махбод байж чадахгүй байсан. Юм боддоггүй тийм махан бие бурханлаг ажлыг гүйцэтгэх чадваргүй байх байсан. Тэр газар дээрх хүмүүстэй хамт амьдрах нь бүү хэл, махан биеийн хэвийн үйл ажиллагааг ч явуулж чадахгүй байх байсан. Тэгээд Бурханы бие махбодтой болсны ач холбогдол, Бурхан махбодод ирэхийн гол мөн чанар алдагдах байсан юм. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махан биеэр бурханлаг ажлаа явуулахын тулд оршдог; Түүний хүний хэвийн сэтгэхүй нь Түүний хэвийн хүн чанар болоод Түүний бие махбодын бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хүний хэвийн бодол нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хүн хэлж магадгүй. Хэрвээ энэ махан бие хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол, Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.
Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө зүгээр л хэвийн хүн чанартайгаар амьдарч байсан. Тэр бол Бурхан гэдгийг хэн ч хэлж чадаагүй, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг маш жирийн хүн гэж л мэдэж байсан. Түүний үнэхээр жирийн, энгийн хүн чанар нь Бурхан махан биетэй болсны нотолгоо байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе байсан юм. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олсны болон бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэгийн нотолгоо байсан. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм. Тэр эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулж, нигүүлсэл соёрхох нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн махбодын төрөлхийн чадвар байсан ба тэдгээр нь махбодод биеллээ олсон Сүнсний ажил байсан юм. Гэвч тийм ажил гүйцэтгэж байх явцдаа Тэр махан биед амьдарч байсан, Тэр махан биеэс давж гараагүй. Тэр анагааж эдгээх ямар үйл хийсэн нь хамаагүй, Тэр бас л хэвийн хүн чанар эзэмшиж байсан бөгөөд бас л хүний хэвийн амьдралаар амьдарч байсан. Бие махбодтой болсон Бурханы эрин үед махан бие нь Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэг гэж Миний хэлдгийн шалтгаан бол, Тэр ямар ч ажил хийлээ гэсэн түүнийгээ махбодоор хийсэн билээ. Гэвч Түүний ажлын улмаас хүмүүс, Түүний махан бие бүхэлдээ бие махбодын мөн чанартай гэж үзээгүй, учир нь энэхүү махан бие нь гайхамшгийг үзүүлж, зарим онцгой мөчүүдэд махан биеэс даван гарсан зүйлсийг хийж байсан юм. Мэдээж, Түүнийг Өөрийнхөө үйлчлэлийг эхэлсний дараа л, дөчин өдрийн турш сорилтонд орсон, эсвэл уулан дээр хувирч өөрчлөгдсөн гэх мэтийн энэ бүх явдал тохиолдсон. Иймээс Есүсийн хувьд, Бурхан бие махбодтой болохын утга учир бүрэн гүйцээгүй, харин зөвхөн хагас биелсэн. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө махан биед амьдарсан Түүний амьдрал бүх талаараа тун хэвийн байсан. Өөрийн ажлыг эхэлсний дараа Тэр Өөрийн махбодын зөвхөн гадаад бүрхүүлийг хадгалсан. Түүний ажил бурханлаг чанарын илэрхийлэл байсан учраас энэ нь махан биеийн хэвийн ажиллагаанаас даван гарсан. Эцсийн эцэст, Бурханы махбод болсон бие нь мах, цуснаас бүрдсэн хүнээс ялгаатай байсан. Мэдээж, Түүний өдөр тутмын амьдралд бусдын адилаар хоол, хувцас, нойр, орон байр шаардагдаж, Түүнд бүх энгийн хэрэгцээ хэрэгтэй байж, ердийн хүн шиг бодож, тунгааж байсан. Түүний хийсэн ажил хүний чадлаас давсан байсныг үл тооцон хүмүүс Түүнийг ердийн хүн гэж үзсээр байсан. Үнэндээ, Тэр юу ч хийсэн бай хамаагүй, жирийн, хэвийн хүн чанартай амьдарсан ба Тэр ажлаа гүйцэтгэж байсан учраас Түүний саруул ухаан бусад ердийн хүмүүсийнхээс тун энгийн, Түүний бодол нь нэн тодорхой байсан. Ийм байдлаар бодож, сэтгэх нь бие махбодтой болсон Бурханд чухал байсан, учир нь саруул ухаан нь маш энгийн, бодол нь маш тодорхой байдаг махан биеэр бурханлаг ажил илэрхийлэгдэх хэрэгтэй байсан—зөвхөн ийм байдлаар л Түүний махан бие бурханлаг ажлаа илэрхийлж чадах байсан юм. Есүсийн газар дээр амьдарсан гучин гурван жил хагасын туршид Тэр Өөрийн хэвийн хүн чанарыг хадгалсан боловч Түүний гурван жил хагасын үйлчлэлийн ажлынх нь дүнд хүмүүс Түүнийг маш гаргууд бөгөөд өмнөхөөсөө хамаагүй илүү ер бусын болсон гэж бодсон. Бодит байдал дээр Есүсийн хэвийн хүн чанар нь Түүнийг үйлчлэлээ эхлэхээс өмнө нь ч, дараа нь ч өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн; Түүний хүн чанар цаг ямагт адилхан байсан боловч Түүний Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхийн өмнөх ба эхэлсний дараах ялгааны улмаас Түүний бие махбодтой холбоотой хоёр янзын үзэл бодол гарч ирсэн. Хүмүүс юу гэж бодож байсан нь хамаагүй, бие махбодтой болсон Бурхан Өөрийн анхдагч, хэвийн хүн чанарыг бүхэл хугацаанд хэвээр хадгалсан, учир нь Бурхан нэгэнт бие махбод болсон болохоор Тэр махбодод, энгийн хүн чанартай махбодод амьдарсан юм. Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран, Түүний махан биеийн энгийн хүн чанарыг арилгаж болохгүй, учир нь хүн чанар бол махан биеийн үндсэн мөн чанар билээ. Есүсийг Өөрийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэхээс өмнө Түүний махан бие тун хэвийн хэвээр байж, хүний жирийн бүх үйл ажиллагааг гүйцэтгэж байсан; Тэрээр ердөө ч ер бусын байдлаар гарч ирээгүй, ямар ч гайхалтай тэмдэг үзүүлээгүй. Тэр үед Тэрээр Бурхан шүтдэг маш энгийн хүн байсан, гэхдээ Түүний эрэл хайгуул нь өөр ямар ч хүнийхээс илүү үнэнч, илүү чин сэтгэлийн байсан билээ. Түүний тун хэвийн хүн чанар ингэж л илэрхийлэгдэж байсан юм. Өөрийнхөө үйлчлэлийг явуулахаас өмнө Тэр огтхон ч ажиллаагүй учраас хэн ч Түүний ялгамж чанарын талаар мэдэж байгаагүй, Түүний махан бие бусад бүх хүнийхээс өөр гэдгийг хэн ч хэлж чадаагүй, учир нь Тэр нэг ч ид шид үзүүлээгүй, Бурханы ажлын өчүүхэн хэсгийг ч гүйцэтгээгүй байсан. Гэсэн хэдий ч, Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараа Тэр хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлээ хадгалж, хүний хэвийн саруул ухаантай амьдарсан боловч Бурханы Өөрийнх нь ажлыг хийж, Христийн үйлчлэлийг Өөртөө авч, мах цуснаас бүрдсэн, үхэх үйлтэй хүмүүсийн хийж чадахааргүй ажлыг хийж эхлэсэн учраас Түүнд хэвийн хүн чанар байхгүй бөгөөд бүр ердийн махан бие биш, харин бүрэн бус махан бие гэж хүмүүс бодсон. Түүний гүйцэтгэсэн ажлын улмаас хүмүүс, Тэр бол махан биетэй, хэвийн хүн чанаргүй Бурхан гэлцсэн юм. Энэ нь алдаатай ойлголт, учир нь хүмүүс Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг ухаараагүй. Энэхүү буруу ойлголт нь Бурханы махан биеэр хийсэн ажил нь хэвийн хүн чанартай махан биеэр илэрхийлэгдсэн бурханлаг ажил байснаас үүсэн гарсан. Бурхан махан биеэр хувцаслаж, махан бие дотор оршсон бөгөөд хүн чанартайгаар хийсэн Түүний ажил нь Түүний хүн чанарын хэвийн байдлыг бүрхэгдүүлсэн. Энэ учир шалтгааны улмаас хүмүүс Бурханд хүн чанар байхгүй гэж итгэсэн.
Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байсан. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирээд махан биеийн бүх л хэвийн байдал, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн ердийн, жирийн махбодоор илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байна. Үүний дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махбодын хэвийн байдал болон бодит байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун ердийн, бодитой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ ердийн, бодитой байх тусмаа Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан огтхон ч ер бусын биш, маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан бие зовж болохоос ч илүү ихээр зовдог—энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодитой, хэвийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа бие махбодтой болсон хоёр махбодын туулсан зовлонгоос хүн, махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнчлэн махбод нь хэдий чинээ илүү бодитой байна, мөн махан бие нь ердийн хүний хэрэгцээ, бүрэн мэдрэмжийг хэдий чинээ илүү их эзэмшиж байна, Тэр махан биетэйгээр Бурханы ажлыг хийх төдий чинээ их чадвартай байна. Загалмай дээр хадагдсан нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон хаясан; хэвийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Мөн төгс махан бие учраас хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялна. Бүр ердийн, бодит махан бие л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил[a] нь ер бусын ид шид, илчлэлтээр дамжих биш, харин махан биет Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь ярих бөгөөд ингэж хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл махан биед биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь ярих ба ингэснээр хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдах явдал билээ. Ийнхүү байлдан дагуулах ажлаар дамжуулан махан биетэй Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийх махан бие нь бие махбодтой болсны бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд бол нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүнд Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэйгийн аль аль нь болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн ба Тэр хүйсийг ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбодтой болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөр зайлуулах биш, харин үгээ хэлж, ярьж хүнийг байлдан дагуулах явдал, өөрөөр хэлбэл Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий боловч, Тэд яг адилхан биш. Есүс хэвийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаагийн бие махбодтой болсон Бурханы ямар ч тэмдэг, гайхамшгийг, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөр зайлуулж байгааг ч, эсвэл далай дээр алхахыг ч юм уу, дөчин өдрийн турш мацаг барихыг... нь хүн нүдээрээ харахгүй. Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг түйвээдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулах учраас түүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй ба тэгээд энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махан бие бөгөөд Түүнд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махан бие болохоор бусдын адил өвддөг, яг л бусдын адил хоол, хувцас шаарддаг. Хэрвээ энэ удаад бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажлыг хэрхэн явуулж чадах байсан бэ? Энэхүү ажил нь Харь үндэстний дунд хэрхэн түгэж чадах байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан байлдан дагуулах ажлаа энгийн, ердийн махан биетэйгээр биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй, харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулдаг. Зөвхөн тийм махан бие л Бурханы махбод болсон бие юм; зөвхөн тийм махан бие л махан бие дэх Бурханы ажлыг гүйцээж чадна.
Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч гэсэн Тэр бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө ингэж байдаг, учир нь энэ бол Бурханы сүүлчийн бие махбод бололт юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махан биеийн дүр төрх хүний санаанд биелсэн; түүнчлэн, хоёр удаагийн бие махбод бололт нь, махан биеэр хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанар эзэмшиж байсан. Энэ удаа Тэр мөн л хэвийн хүн чанар эзэмшдэг боловч энэхүү бие махбод болсны утга учир нь ялгаатай. Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил нь илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин махан бие болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд билээ. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгасан үед бие махбод болохын бүхий л утга учир буюу Бурханы махан бие дэх ажил дуусах ба цаашид махан биеэр хийгдэх өөр ажил байхгүй болох юм. Тиймээс, одооноос эхлээд Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан хэзээ ч махан биед ирэхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд л Бурхан бие махбодтой болох ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан ажлаасаа өөр юмны төлөө махан биед ирнэ гэдэг жирийн зүйл огт биш. Ажиллахын тулд махан биед ирснээрээ Тэр, Бурхан бол махан биетэй, ердийн хүн, жирийн хүн атлаа дэлхийг ялж, Сатаныг ялж, хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадна гэдгийг Сатанд харуулдаг! Сатаны ажлын зорилго нь хүн төрөлхтнийг ялзруулах байхад Бурханы зорилго нь хүн төрөлхтнийг аврах юм. Сатан хүнийг ёроолгүй ангал руу урхиддаг байхад Бурхан хүнийг тэндээс авардаг. Сатан бүх хүмүүсээр өөрийгөө шүтүүлдэг, харин Бурхан тэднийг Өөрийнхөө ноёрхолд оруулдаг, учир нь Тэр бол бүтээлийн Эзэн билээ. Энэ бүх ажлыг Бурхан хоёр удаа бие махбодтой болсноор гүйцээсэн. Түүний махан бие бол мөн чанартаа хүн чанар ба бурханлаг чанарын нэгдэл бөгөөд хүн чанарыг эзэмшдэг юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы махан биегүйгээр Бурхан хүн төрөлхтнийг аврах үр дүнд хүрч чадахгүй байсан бөгөөд Түүний махан биеийн хэвийн хүн чанаргүйгээр, махан биет Түүний ажил амжилттай болж мөн л чадахгүй байсан. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь Тэр хэвийн хүн чанар эзэмших ёстойд оршино; тэгэхгүй бол энэ нь бие махбодтой болох Бурханы анхдагч санаатай харшлах юм.
Бие махбодтой болох ажлын утга учир Есүсийн ажилд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүрэн махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махан биет Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махан бие болсон. Ажлын энэ үе шат нь мөн л энгийн махан биеэр хийгддэг, хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш бүр ердийн хүнээр хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махан бие юм. Хүний нүдэнд Тэр бол огтхон ч ер бусын биш нэг л махан бие бөгөөд хурлын том том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигт тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг маш энгийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг ба эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн энэ нь Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг батлахгүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махан биеэр хийгдэж байгаа ажлын шинж чанараас нь хамаарна. Өөрийн ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил нэг шинэ эрин үе нээж, нэг шинэ ажил эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махан бие үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний, эсвэл хүний оюун ухаанаас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе ба газраар юм уу, эсвэл бусад тиймэрхүү хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол гэрээг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махан биеийн талаарх сэтгэгдлийг хүмүүсийн санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахыг зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч гэсэн, хүний ойлголтын хязгаарлагдмал чадварын улмаас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махан биеэр ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махан биед ирсэн ба Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махан биет Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.
No comments:
Post a Comment