Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.
Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, өөрийг чинь мөнх амиар хангах Бурханыг олохыг хүсдэг. Хэрвээ мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд Бурханд л амийн зам байдаг гэж Би дөнгөж сая хэлсэн. Түүний амь хувиршгүй учраас мөнх; Бурхан л амийн зам учраас Бурхан Өөрөө мөнх амийн зам юм. Ийм болохоор чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох ёстой. Одоо энэ хоёр асуудлыг тус тусад нь нөхөрлөцгөөе.
Хэрвээ чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх уйгагүй эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Бурхан тэнгэрт амьдардаг гэж чи хариулах байх, мэдээж Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, тийм биз? Магадгүй чи, Бурхан бүх зүйлийн дунд амьдардаг нь мэдээжийн хэрэг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэдэггүй, гэхдээ Би энэ асуудлыг та нарт тодорхой хэлэх ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь жинхэнэ юм уу хуурамч, Бурханд сайшаагддаг юм уу сайшаагддаггүй, таалалд нь нийцдэг юм уу жигшигддэг, Түүний төгс болгодог юм уу таягдан хаядаг хүмүүс гэж бий. Иймд Би Бурхан цөөн хэдэн хүний л зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин энэ хүмүүс нь эргэлзэх юмгүйгээр Бурханд үнэхээр итгэдэг, Бурханаар сайшаагдаж, таалалд нь нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэд бол Бурханаар удирдуулдаг хүмүүс мөн. Тэд Бурханаар удирдуулдаг учраас Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон, үзсэн хүмүүс юм. Бурханд итгэх итгэл нь хуурамч, Бурханд сайшаагддаггүй, Бурханы үзэн ядаж, таягдан хаядаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замыг олоогүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс юм. Одоо чи Бурхан хаана байгааг мэдсэн үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх зүйлийн дээр оршдоггүй, үүнээс ч илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс эцсийн өдрүүд ирж, Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан бүх зүйлийн дунд бүхнийг захирч, хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болдог төдийгүй хүмүүсийн дунд оршдог. Ийм маягаар л Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн зам руу хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирсэн ба хүмүүсийн дунд амьдардаг, ингэснээр хүн амийн замыг олж, оршин тогтнож чадах юм. Түүнчлэн Бурхан бас бүх зүйлийн дунд бүхнийг захирдаг, ингэснээр тэд хүмүүсийн дундах Түүний удирдлагатай хамтран ажиллаж болох юм. Иймээс хэрвээ чи Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн сургаалыг л хүлээн зөвшөөрдөг атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас амийг болон үнэний замыг хэзээ ч олж авахгүй.
Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй тзууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Жинхэнэ Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанаргүй учраас өнөөх хуурамч Христүүд эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи эхлээд, Тэр газар дэлхийд ирснээр хүнд амийн замыг хайрладаг, мөн эцсийн өдрүүдэд Тэр хүнд амийн замыг хайрлахаар газар дэлхий дээр ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнгөрсөн үе биш; харин өнөөдөр тохиолдож байгаа юм.
Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.
Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бүтэшгүй мөрөөдөлд автсан байдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.
No comments:
Post a Comment