2020/05/28

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ


Чуулган байгуулагдаж байгаа ба Сатан өөрийн бүх хүч чадлаар үүнийг нураахыг оролдож байна. Тэрээр Миний барилгыг байж болох бүх л аргаар нураахыг хүсдэг, иймд чуулганыг хурдан ариусгах ёстой. Ямар ч хог хаягдал эсвэл ёрын муугийн үлдэгдэл байх ёсгүй; үүнийг ариусгаснаар энэ нь өөгүй болж, урьдын адил ариун хэвээр үлддэг. Та нар хором бүрд сэргэг байж, хүлээх ёстой ба Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн сүлбэлдээн, зальхай хуйвалдаануудыг танин мэдэж, сүнсийг, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, юмс, зүйлсийг ялган таних чадвартай байх ёстой; Миний үгийг илүү их идэж, уух ёстой ба үүнээс ч чухал нь үүнийг өөрсдөө идэж, ууж чаддаг байх ёстой юм. Бүх үнэнээр өөрсдийгөө зэвсэглэж, Миний өмнө ир, тэгснээр Би та нарын сүнслэг нүдийг нээж, сүнсэн дотор орших бүхий л нууцыг харах боломжийг та нарт олгож болох юм… Чуулган байгуулагдах шатандаа орох үед Сатаны эсрэг[a] ариун хүмүүсийн тулаан урган гардаг. Сатаны янз бүрийн үзэшгүй шинж тэмдгүүд та нарын өмнө гарч ирнэ; та нар зогсонги болж, ухрах уу эсвэл босч зогсоод Надад найдаж урагшлах уу? Сатаны ялзарсан болон заваан шинж чанаруудыг гүйцэд илчилж, өрөвч зан үл гаргаж, өршөөл бүү үзүүл! Сатантай эцсээ хүртэл тулалд! Би бол чиний дэмжлэг, чи эрэгтэй хүүхдийн сүнстэй байх ёстой! Сатан үхлийн өмнө эцсийн удаа амь тэмцэн довтолж байгаа ч Миний шүүлтээс зайлсхийж бас л чадахгүй. Сатан Миний хөл дор байгаа ба та нарын хөл дор бас гишгэгдсэн–энэ үнэн юм шүү!
Тэдгээр шашны саад хийгчид болон чуулганы барилгыг нураадаг хүмүүсийг өчүүхэн ч тэвчих ёсгүй, Би тэднийг даруй шүүх болно. Сатаныг илчил, хөл доороо гишгэл, үүнийг бүхэлд нь сөнөөж, нуугдах газар бүү үлдээ. Бүх төрлийн чөтгөр, сүнснүүд Миний өмнө өөрсдийн үнэн төрхийг гарцаагүй илчлэх бөгөөд Би тэднийг хэзээ ч чөлөөлөгдөхөөргүй ёроолгүй нүхэнд хаях болно; тэд бүгдээрээ бидний хөл дор байна. Хэрвээ чи үнэний төлөө сайн тэмцлээр тэмцэхийг хүсвэл, юун түрүүнд Сатанд ажиллах боломж бүү олго, ингэхийн тулд нэг оюун санаатай байж, уялдуулан үйлчлэх чадвартай байж, өөрийн бүх үзэл, бодол, санаа болон аливааг хийдэг арга замаас татгалзаж, Миний дотор зүрх сэтгэлээ тайван байлгаж, Ариун Сүнсний дуу хоолойнд анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнсний ажлыг анхаарч, Бурханы үгийг нарийвчлан туулж мэдрэх хэрэгтэй. Чи зөвхөн Миний хүслийг гүйцэтгэж чадна гэсэн нэг л санаа зорилготой байх ёстой. Өөр санаа зорилготой байх ёсгүй. Чи Надад бүх зүрх сэтгэлээрээ найдаж, Миний үйлдлийг болон аливааг хийдэг арга замыг минь анхааралтай харах ёстой ба огтоос тоомсоргүй хандах ёсгүй. Сүнс чинь хурц, нүд чинь нээлттэй байх ёстой. Ерөнхийдөө, санаа зорилго болон зорилтууд нь зөв биш, бусдад харагдах дуртай, аливааг хийхдээ мэрийлттэй, саад боломтгой, шашны сургаал нь хүчтэй, Сатаны боол гэх мэтчилэн хүмүүс нь эсрэг босож зогсох үедээ чуулганд саад бэрхшээл болж, ах, эгч нарын ууж, идэж байгаа нь юу ч биш болдог; энэ төрлийн хүн дүр эсгэж байгааг олбол тэднийг даруй хоригло. Хэрвээ тэд өөрчлөгдөхгүй байсаар байвал үлэмж их хохирол амсах болно. Хэрвээ өөрсдийн замаар зөрүүдлэн зүтгэсээр байдаг хүмүүс өөрсдийгөө хамгаалж, нүглээ нуух гэж оролдвол, чуулган тэднийг даруйхан тасдан хаяж, тэднийг бултах газаргүй болгох хэрэгтэй. Ялихгүй юманд ямааны гарз бүү гарга, ерөнхий дүр зургийг бүхэлд нь хар.
Чиний сүнслэг нүд одоо нээгдэж, чуулган доторх хэд хэдэн төрлийн хүмүүсийг ялган таних ёстой:
Ямар хүн сүнслэг юмсыг ойлгож, сүнсийг мэддэг вэ?
Ямар хүн сүнслэг юмсыг ойлгодоггүй вэ?
Ямар хүн дотроо муу ёрын сүнстэй байдаг вэ?
Ямар хүн дээр Сатан ажиллаж байдаг вэ?
Ямар хүн саад боломтгой вэ?
Ямар хүн дээр Ариун Сүнс ажиллаж байдаг вэ?
Ямар хүн Бурханы ачаанд хайхрамжтай байдаг вэ?
Ямар хүн Миний хүслийг хэрэгжүүлж чаддаг вэ?
Хэн Миний үнэнч гэрчлэгч вэ?
Ариун Сүнсний бүх чуулганд өгдөг гэгээрэл бол өнөөдрийн хамгийн өндөр үзэгдэл юм гэдгийг мэдэж ав. Эдгээр зүйлийн талаар бүү хайхрамжгүй ханд, харин оронд нь чи яаралгүйгээр эдгээрийг бүхэлд нь ойлгох ёстой—энэ нь та нарын амийн дэвшилд туйлын чухал! Нүдний чинь яг өмнө байгаа эдгээр зүйлийг ойлгохгүй бол урдах замдаа алхах боломжгүй болж, хэдийд ч уруу татагдаж, олзлогдох аюулд байх ба залгиулж ч болох юм. Одоо чухал зүйл нь зүрх сэтгэлдээ Надад ойртож, Надтай илүү их нөхөрлөх чадвартай байхад анхаарлаа төвлөрүүлэх явдал бөгөөд дутаж байгаа, эсвэл эрж хайж байгаа зүйл чинь Надтай ойртсоноор болон Надтай нөхөрлөснөөр дамжуулан чамайг нөхөх болно. Чиний амь мэдээжийн хэрэг хангагдаж, чи шинэ гэгээрэлтэй болох болно. Би урьд нь ямар мэдлэггүй байсныг чинь хардаггүй, Би та нарын гэм бурууг санадаггүй. Би Намайг хэрхэн хайрладгийг чинь хардаг: Намайг бусад бүх зүйлээс илүү хайрлаж чадах уу? Мэдлэггүй байдлаа хаяхын тулд буцан эргэж, Надад найдаж чадах эсэхийг чинь Би харах гэсэн юм. Зарим хүн Миний эсрэг зогсож, Намайг илт эсэргүүцэж, бусдыг шүүдэг; тэд Миний үгийг мэддэггүй, Миний царайг олох боломж нь бүр ч бага. Намайг чин сэтгэлээсээ хайдаг, зөвт байдлаар өлсөж, цангасан зүрх сэтгэлтэй Миний өмнөх бүх хүний хувьд, Би чамайг гэгээрүүлж, чамд илчилж, хоёр нүдээрээ Намайг харж, Миний хүслийг биечлэн ухаарах боломж олгоно; Миний зүрх сэтгэл гарцаагүй чамд илчлэгдэх болохоор чи ойлгох болно. Би Өөрийн үгийн дагуу чиний дотор гэгээрүүлсэн зүйлийг чи хэрэгжүүлэх ёстой, эс тэгвээс чи шүүгдэх болно. Миний хүслийг дага, тэгвэл чи замаасаа гажихгүй.
Миний үг рүү орохоор эрж хайдаг хүмүүст нигүүлсэл болон ерөөл хоёр дахин их байх ба та нар өдөр бүр шинэ гэгээрэл, шинэ ойлголттой болж, Миний үгийг идэж, уухдаа шинэлэг мэдрэмжийг авах болно; чи үүнийг амаараа амсах болно; Ямар амттай вэ! … Чи болгоомжтой байх ёстой, жаахан ойлголттой болж, амттаны амтыг амсчихаад өөртөө бүү хана—үргэлжлүүлэн эрж хайсаар байх нь чухал! Зарим хүн, Ариун Сүнсний ажил бол үнэхээр гайхалтай бөгөөд бодитой хэмээн боддог, энэ нь үнэндээ Төгс Хүчит Бурханы үнэн бие ил тод илчлэгдэж буй явдал бөгөөд илүү агуу тэмдэг, гайхамшгууд урд бий. Цаг үргэлжид болгоомжтой, сэрүүн бай, эх сурвалж дээр харцаа тогтоож, Миний өмнө тайван байж, анхаарал тавин, болгоомжтой сонсож, Миний үгэнд итгэлтэй байх ёстой. Ямар ч ойлгомжгүй зүйл байж болохгүй; хэрвээ эргэлзэх л юм бол хаалга даван хаягдах байж магад. Тодорхой үзэгдэлтэй, ул суурьтай байж, амийн энэ урсгалыг дагаж, хаашаа ч урссан ойрхон дага; өчүүхэн төдий ч эргэлзээгүй бай. Зүгээр л идэж, ууж, магтаал өргөж, ариун зүрх сэтгэлээр эрж хай, бүү хойш тавь. Ойлгохгүй юу ч байсан Миний өмнө авчир, мөн эргэлзсэн зүрх сэтгэлгүй байхад анхаар, тэгснээр чи үлэмж хохирол амсахаас зайлсхийж болно. Хөл нийлүүл! Хөл нийлүүл! Ойр бай! Саад тотгоруудыг зайлуул, бүү садар бай! Үнэн сэтгэлээсээ эрэлхийл, бүү ухар. Чи цаг үргэлжид зүрх сэтгэлээ өргөж, ганц хормыг ч алдаж болохгүй. Ариун Сүнс үргэлж хийх шинэ ажилтай байдаг, өдөр бүр шинэ зүйл хийж, шинэ гэгээрэлтэй байдаг; уулан дээрх хувирал—Бурханы ариун сүнслэг бие гарч ирсэн! Зөвт байдлын Нар гэрэл цацруулан, гялбаж, бүх улс үндэстэн, бүх хүн Таны ялгуусан дүр төрхийг харлаа. Миний өмнө ирсэн бүх хүмүүс дээр Миний гэрэл тусах болно. Миний үг бол чамайг урагш хөтөлж буй гэрэл. Та нар алхахдаа замаасаа гажихгүй, харин Миний гэрэл дотор л алхана, та нарын үйлдэл үр ашиггүй зүтгэл болохгүй. Чи Ариун Сүнсний ажлыг тодорхой харах ёстой бөгөөд Миний хүсэл үүн дотор бий. Бүх нууц далдлагдсан байдаг ба тэд аажмаар чамд илчлэгдэх болно. Миний үгийг оюун ухаандаа үргэлж санаж, Надтай нөхөрлөхөөр Миний өмнө ир. Ариун Сүнсний ажил урагшилж байна. Миний хөлийн мөрөөр алх; агуу гайхамшигууд урд бий бөгөөд тэд чамд нэг нэгээрээ илчлэгдэх болно. Хянамгай байж, хүлээж, сэрүүн байдаг хүмүүс л тэднийг харах болно. Залхуурахгүй байхад анхаар! Бурханы удирдлагын төлөвлөгөө эцсийн шатандаа ирж, чуулганы байгуулалт амжилтанд хүрч, ялагчдын тоо хэдийнээ тогтоогдож, ялагч хөвгүүд бий болж, тэд Надтай хамт хаанчлалд орж, Надтай хамт хаанчилж, төмөр саваагаар бүх үндэстнийг захирч, алдар дотор хамтдаа байх болно!
Тайлбар:
Эх бичвэрт “Сатаны эсрэг” гэдгийг орхидог.

No comments:

Post a Comment