ЕСҮСИЙН СҮНСЛЭГ БИЕИЙГ ОЛЖ ХАРАХ ҮЕД ЧИНЬ БУРХАН ТЭНГЭР, ГАЗРЫГ ШИНЭЭР БҮТЭЭСЭН БАЙХ БОЛНО
Чи Есүсийг харахыг хүсэж байна уу? Чи Есүстэй хамт амьдрахыг хүсэж байна уу? Чи Есүсийн хэлсэн үгийг сонсохыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол чи Есүсийг эргэн ирэхэд хэрхэн угтах вэ? Чи бүрэн бэлтгэсэн үү? Чи Есүсийг эргэн ирвэл ямар байдлаар угтах вэ? Миний бодлоор Есүсийг дагадаг ах эгч болгон Түүнийг сайхан угтаж авахыг хүсдэг байх. Гэхдээ Есүсийг эргэн ирэх үед нь Түүнийг үнэхээр мэдэж чадах эсэхээ та нар бодож үзсэн үү? Түүний хэлсэн бүх зүйлийг та нар үнэхээр ойлгох уу? Түүний хийдэг бүх ажлыг ямар ч болзолгүйгээр үнэхээр хүлээн зөвшөөрөх үү? Библийг уншсан бүх хүн Есүс эргэн ирнэ гэдгийг мэддэг ба Түүний эргэн ирэхийг анхааралтай хүлээдэг. Та бүгд тэр мөч ирэх тухайд л анхаардаг, та нарын үнэнч сэтгэл магтууштай, итгэл үнэмшил чинь үнэхээр атаархмаар, гэвч та нар ноцтой алдаа гаргаснаа ухаарсан уу? Есүс ямар байдалтай эргэн ирэх вэ? Есүсийг цагаан үүлэн дээр эргэн ирнэ гэдэгт та нар итгэдэг, гэхдээ Би та нараас асууя: Энэ цагаан үүл гэдэг нь ямар утгатай вэ? Өөрийнх нь эргэн ирэхийг маш олон дагагч нь хүлээж байхад Есүс ямар хүмүүсийн дунд бууж ирэх вэ? Есүс хамгийн түрүүнд та нарын дунд бууж ирвэл бусад нь үүнийг тун шударга бус гэж үзэхгүй юу? Та нарыг Есүсийн төлөө гэсэн агуу чин сэтгэлтэй, үнэнч гэдгийг Би мэдэж байна. Гэхдээ та нар Есүстэй уулзаж байсан уу? Та нар Түүний зан чанарыг мэдэх үү? Та нар Түүнтэй цуг амьдарч байсан уу? Та нар Түүний талаар үнэндээ хэр их ойлгодог вэ? Эдгээр үг өөрсдийг нь эвгүй байдалд орууллаа гэж зарим нь хэлнэ. Тэд “Би Библийг эхнээс нь дуустал маш олон удаа уншсан. Би яаж Есүсийг ойлгохгүй байх юм бэ? Есүсийн зан чанар байтугай—өмсөх дуртай байсан хувцасных нь өнгийг хүртэл би мэднэ. Намайг Та, Түүнийг ойлгодоггүй гэж хэлэхдээ намайг басамжилж байгаа хэрэг биш үү?” гэх байх. Гэхдээ эдгээр асуудлаар маргах хэрэггүй гэж чамд Би зөвлөе. Чи тайвшраад дараах асуултуудын талаар нөхөрлөсөн нь дээр: Нэгдүгээрт, чи бодит байдал гэж юу болохыг, мөн онол гэж юу болохыг мэдэх үү? Хоёрдугаарт, чи үзэл гэж юу болохыг болон үнэн гэж юу болохыг мэдэх үү? Гуравдугаарт чи төсөөлөл гэж юу болохыг, бодит зүйл гэж юу болохыг мэдэх үү?
Зарим хүн Есүсийг ойлгодоггүй гэдгээ үгүйсгэдэг. Гэхдээ л та нар Түүнийг өчүүхэн ч гэсэн ойлгодоггүй, мөн Есүсийн ганц ч үгийг ойлгодоггүй гэж Би хэлдэг. Яагаад гэвэл та нар дор бүрнээ Библийн тэмдэглэлүүд, мөн бусдын хэлсэн зүйлээс болж Түүнийг дагадаг. Та нар Есүсийг хэзээ ч харж байгаагүй, цуг амьдарч ч байгаагүй, Түүнтэй түр зуур ч хамт байгаагүй. Иймд Есүсийн талаарх та нарын ойлголт ердөө л онол төдий биш гэж үү? Энэ чинь бодит байдлаас тасарсан биш гэж үү? Зарим хүн Есүсийн хөргийг харсан, эсвэл Есүсийн гэрт биечлэн очиж байсан байх. Магадгүй зарим нь Есүсийн хувцсанд хүрч байсан байх. Гэхдээ чи Есүсийн идсэн хоолыг биечлэн амссан байсан ч гэсэн, Түүний талаарх ойлголт чинь бодитой бус, онолынх хэвээр байдаг. Ямар ч тохиолдолд чи Есүсийг хараагүй, Түүний махбодтой хамт байгаагүй бол Есүсийн талаарх ойлголт чинь үргэлж бодит байдлаас тасархай, хоосон онол хэвээр байна. Миний үг чамд жаахан сонирхолгүй байж магад, тэгвэл Би чамаас ингэж асууя: Чи дуртай зохиолчийнхоо олон бүтээлийг уншсан байж болох ч цагийг хамтдаа өнгөрүүлэлгүйгээр түүнийг бүрэн ойлгож чадах уу? Зан араншин нь ямрыг чи мэдэх үү? Ямаршуу амьдардгийг нь чи мэдэх үү? Сэтгэл санааных нь байдлын талаар ямар нэг зүйл мэдэх үү? Чи биширдэг хүнээ ч бүрэн ойлгож чадахгүй байгаа атлаа Есүс Христийг яаж ойлгож чадах юм бэ? Есүсийн талаар чиний мэдэх бүх зүйл ямар ч үнэн, бодит зүйлгүй, бүхэлдээ үзэл, төсөөлөл юм. Энэ чинь өмхий, бас махан биеэр дүүрэн. Ийм ойлголтууд яаж чамайг, Есүсийг эргэн ирэх үед угтаж авах эрхтэй болгох вэ? Уран зөгнөл, махан биеийн үзлээр дүүрэн хүмүүсийг Есүс хүлээж авахгүй. Есүсийг ойлгодоггүй хүмүүс яаж Түүнд итгэгчид байхад тохирох билээ?
Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ Фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн Фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал, аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодод эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг үл ойшоох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Та нар ийм мунгинаа байвал Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодод эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүсийг цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах угсаатан мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, Түүнийг махбодод эргэн ирэх үед хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл чинь үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа өргөх үү? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа барих уу?
Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг ердөө л оюун ухаан, үзэл санааных байдаг, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгэхээр та нарын итгэл үнэмшил ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний заль мэхийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолд чинь нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн Бурханд итгэх итгэлдээ хайхрамж, хэнэггүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгнээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш нь эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас л зөвлөе. Бурханыг ингэж хүндэтгэх зүрх сэтгэлтэйгээр чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар, эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судлаад ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгэгдэж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд тэнцэхгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очих аз завшаангүй хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?
No comments:
Post a Comment